12 сарын 4, Баасан
ЯРИЛЦЛАГА

О.Сэргэлэн: Туршилтын мэс засал хийхийн тулд 26 тоорой найзаасаа гуйж, авч байлаа

УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах баг өнгөрсөн сарын сүүлчээр 100 дахь мэс заслаа амжилттай хийснээ зарласан. Манай улс элэг шилжүүлэн суулгах анхны мэс заслыг есхөн жилийн өмнө хийж байсан бол өдгөө мэс заслын дараах үр дүн, эмч нарын ур чадвараараа дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгдэж буй. Эмчилгээний энэхүү аргыг амжилттай нутагшуулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн бол Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын зөвлөх эмч, хүний гавьяат эмч, дэлхийн шилдэг мэс засалч О.Сэргэлэн билээ. Түүний цаг наргүй, нөр их ажлын хажуугаар ийн ярилцах боломж тохиов.

-Тантай уулзсан хүн бүр мэс засал, эмнэлэг, эрүүл мэндийн асуудлаар ярилцдаг биз. Тиймээс таны бага наснаас яриагаа эхэлье. Та аль нутгийн хүн бэ?

-Би багшийн гэр бүлд төрж, өссөн. Улаанбаатар хотын нэгдүгээр амаржих газарт мэндэлсэн. Миний аав Увс аймгийн Сагил сумын харьяат Батын Оргой гэж Монгол Улсын гавьяат багш хүн байсан. Монгол Улсад анх физикийн гүнзгийрүүлсэн сургалт нэвтрүүлж , хөтөлбөр боловсруулахаас эхлээд бүхий л зүйлийг хийсэн. Миний ээж Намнангийн Цэрэндолгор насаараа бага ангийн багш, хөдөлмөрийн багшаар ажилласан. Аав, ээж хоёул XIV сургуульд насаараа багшилж , гавьяаныхаа амралтад гарсан. Би тус сургуулийг төгссөн. Тухайн үедээ физикийн гүнзгийрүүлсэн ангитай цорын ганц сургууль байлаа. Би эхээс дөрвүүлээ, айлын хоёр дахь охин. Сурагч байхаасаа л эмч болно гэж боддог байлаа.

Тэр хүслээ биелүүлж, 1976 онд арван жилээ онц төгсөн, Анагаах ухааны дээд сургуульд элссэн. Тэгээд яагаад ч юм мэс заслын эмч болох сон гэж тэмүүлсэн. Тиймээс I, II курсээсээ мэс засалд орж харах, III курсээсээ туслахаар орох, V курсээсээ эхлэн бие дааж мухар олгой авах мэс засал хийх гэх мэтээр тасралтгүй суралцсан. Мөн мэс заслын клубт явдаг байлаа. Монгол Улсын гавьяат багш, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор П.Долгор багш маань “Чи эмэгтэй хүн юм чинь дархлааны чиглэлээр судалбал их зүгээр. Мэс заслын дархлаа судлал хөгжөөгүй. Энэ чиглэлээр унш, судал” гэж III курсийн оюутан байхад маань их том итгэл хайрласан. Тэгээд би тухайн үед дархлааны цорын ганц эрдэмтэн, УНТЭ-ийн лабораторийн дархлааны хэсгийн дарга н.Мөнхтүвшин багш болон П.Долгор багшийнхаа удирдлага дор мэс заслын эмгэгийн үеийн дархлаа судлалыг сонирхон судалж эхэлсэн.

Тэр үеэс судалгааны ажлын амтанд орсон доо. Мөн н.Мөнхтүвшин багшаараа удирдуулж, ясны идээт үрэвслээр судалгаа хийн, н.Пунцаг багштай хамтран ясны үрэвсэлтэй хүний идээнээс цусыг нь авч, түүнээсээ микробиологийн тэнхимийн эрхлэгч н.Санжмятав багшийнхаа удирдлага дор вакцин гарган авсан. Энэ эмчилгээнийхээ үр дүнгээр VI курст байхдаа Монголын оюутны эрдэм шинжилгээний хуралд I байр эзэлж, Хувьсгалт залуучуудын төв хорооны шилдэг бүтээлд олгодог алтан медаль хүртсэн. Тэр үед дархлаа гэдэг зүйлийн талаар маш их уншиж судалж, сонин, сэтгүүл, мэргэжлийн сурах бичигт байгаа зүйлийг нэгжиж олж байж. Энэ бүхэн надад эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал руу ороход их хэрэг болсон.

Учир нь, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний гол зүйл нь дархлаа. Мэс заслын өвчний үед дархлааг нь дэмжиж, сайжруулан тухайн өвчнийг эдгээдэг. Харин эрхтэн шилжүүлэн суулгахад эсрэгээрээ. Дархлааг нь дээд зэргээр дарангуйлж байж, суулгасан эрхтэн маань тогтдог. Хэдий эрс тэрс зүйл мэт боловч дархлааг хэрхэн сайжруулахаа ойлгочихсон учраас буцаагаад яаж дарах вэ гэдгийг уншиж ойлгоход дөхөм байсан.

-Та багаасаа л алсын хараатай шийдвэр гаргадаг байжээ. Магадгүй сэхээтний гэр бүлд өссөний онцлог юм болов уу. Аав ээж тань юу гэж захиж, сургадаг байв?

-Суурь хүмүүжил их нөлөөлсөн болов уу. Би зарчимч гэр бүлд өсөж, хүмүүжсэн.Манай аав ээж, бид дөрвийг эх оронч сэтгэлгээтэй болгож хүмүүжүүлсэн. “Эх орныхоо төлөө хийж бүтээх ёстой. Одоо та нарын ээлж” гэдгийг бүр нялхаас зааж, сургасан. Аав “Хүний амьдрал зорилготой байх ёстой” гэж хэлдэг байсан. Өөрөө багш учраас бидэнд хатуу шаардлага тавина.

Бусад хүүхдийг гэртээ авчраад А-гаас нь эхлээд нэг бүрчлэн зааж, ойлгуулах гээд нухаад л байдаг хэрнээ бид дөрвийг “Унш. Толгойгоо ажиллуул” гэнэ. Аав, ээж маань шаардлага өндөртэй учраас дөрвүүлээ арван жилээ онц дүнтэй дүүргэж, дээд сургуульдаа ч гайгүй сайн суралцаж, төгссөн. Би физик, математик, орос хэлний олимпиадад оролцдог хүүхэд байлаа. VI ангидаа газарзүйн олимпиадын улсын аварга болж байсан. Тэгээд бодохоор бүх хичээлдээ жигд сайн байсан юм уу. Бидний үед аав ээжийнхээ нүүрийг улалзуулахгүй явах юм сан гэдэг чин хүсэлтэй, юм сурч, тэрийгээ биелүүлэх ёстой гэсэн хатуу эрмэлзэлтэй байсан шиг. Ер нь хүн өмнөө зорилго тавих хэрэгтэй. Зорилгогүй хүн юу ч хийдэггүй юм.

Одоо эргээд харахад, би зорилгоос зорилгын хооронд амьдарчээ гэж боддог. Эхлээд эмч болно гэж зорилго тавьсан. Энэ зорилгоо биелүүлэхийн тулд арван жилээ орос, англи хэл маш сайн сурсан. Дараа нь анагаахад ороод заслын эмч болъё гэж шийдсэн. Гэхдээ заавал сайн мэс засалч болох ёстой гэж өөртөө хатуу шаардлага тавьсан. Тэгээд 1982 онд сургуулиа төгсөөд, мэс заслын тэнхимдээ багшаар үлдэж байлаа. Манай тэнхим УНТЭ-ийн мэс заслын тасаг дээр суурилдаг байсан юм. Түүнээс хойш энэ тасагтаа 38 жил ажиллажээ. Энэ хугацаанд тасгийн эрхлэгч, зөвлөх эмч, УНТЭ-ийн мэс заслын ерөнхий мэргэжилтэн зэрэг үүрэг гүйцэтгэж байна. Үүний хажуугаар АШУҮИС-ийн мэс заслын тэнхимийн эрхлэгч, зөвлөх зэргийн эмч гэх мэтээр миний амьдрал мэс засалтай салшгүй холбоотой өнөөдрийг хүрч байна.

-Анагаахын оюутан цаг наргүй хичээл давтдаг шүү дээ. Та үеийнхнээсээ илүү их давтдаг байсан бололтой. Оюутан ахуй үеийнхээ дурсамжаас хуваалцвал?

-Анагаахад хичээлээ давтахаас өөр арга байхгүй. Цаг үргэлж уншиж, судалж байж энэ сургуулийг төгсөнө. Миний гайгүй сурсан шалтгаан бол монгол сургууль төгссөн ч орос хэл сайн сурсанд байсан болов уу. Яагаад гэвэл, тэр үед анагаахын дээд сургуулийн бүх хичээл нь орос хэлээр заадаг байсан. Тиймээс би хичээлээ маш сайн ойлгодог байлаа. Манай ангийнхан миний дэвтрийг гуйж авч, буруу ойлгосноо засаж залруулна. Анагаахын орос хэл хүнд учраас зарим хүүхэд сайн ойлгодоггүй байсан юм. Мөн шалгалтын өмнө ангийнхандаа давтлага өгдөг байлаа.

Билет нэг бүрийг ангийнхандаа ярьж өгдөг байсан. Зургаан жил ангийнхандаа хичээл заасан гэж хэлж болно. Энэ бүхэн намайг хожим багш болоход нөлөөлсөн. Оюутны эрдэм шинжилгээний хуралд байнга оролцдог, ангийн дарга, хэсгийн дарга, оюутны зөвлөлийн тэргүүлэгч хийдэг нийгмийн идэвхтэй оюутан байлаа. Харин урлаг, спортод маруухан. Хичээлээ тараад лабораторид очоод суучихдаг. Эсвэл тасаг дээр ирээд жижүүрт хонодог. Тэр бүгдийг сайн эмч болох гэсэн хүсэлдээ хөтлөгдөн сайн дураараа хийнэ шүү дээ.

-Үхэл, амьдралын зааг дээрээс хүний алтан амийг эргүүлж авчирдаг учраас мэс засалч гэдэг бахархам мэргэжил. Нөгөөтэйгүүр хүнд үргэлж хүнд хэцүү зүйлтэй нүүр тулдаг учраас халшрах үе бий л байх ?

-Мэс заслын эмч байна гэдэг хэцүү. Өглөөхөн эрүүл байсан хүн гэнэт мэс заслын цочмог өвчин тусаад орой нь мэс засалд хагалгаанд орох болчихдог. Заримдаа мэс засал амжилтгүй болж, хүний амь эрсдэнэ. Намайг дөнгөж сургуулиа төгсөнгүүт П.Доглор багш хамгийн хүнд өвчтөнүүд хэвтдэг хэсэг хоёрдугаар тасгийн VI, VII палатыг хариуцуулсан юм. Тэнд ажиллаж байхад таван хүүхэдтэй, цэл залуу ээж мэс заслын дараах хүндрэлээ дийлэхгүй нас барчихсан.

Хамгийн бага хүүхэд нь хоёр настай л байсан байх. Нөхөр нь таван хүүхэдтэйгээ тойроод зогсчихсон. Жижгүүд нь аавыгаа уйлахаар дагаж уйлаад л. Тэр дүр зураг миний оюун санаанаас огт гардаггүй. Таван хүүхдийг нь харахаар зүрх шимшрээд, дагаж уйлаад, тайвширч чадахгүй маш хэцүү. Тухайн үед би залуу эмч байсан учраас гардаж мэс засал хийгээгүй л дээ. Гэхдээ тэр миний амьдралдаа харсан хамгийн анхны бөгөөд хамгийн хүнд, зүрх шимшэрмээр үйл явдал байсан. Тиймээс ”Олон хүнийг энэ мэт өнчрөл, хагацал үзүүлэхгүйн тулд мэргэжилдээ эзэн болох ёстой” гэдгийг ухамсарлаж, алдаа гаргахгүй байхыг хичээж явна.

Хүн тийм юмыг нүдээрээ харахаас нааш ойлгож чаддаггүй юм билээ. Мөн тийм хүнд тасагт намайг ажиллуулсан нь өвчтөнөө хайрлаж энэрэх, өвчтнийхөө төлөө бүхнээ зориулах сэтгэлийг суулгах гэсэн багшийн маань алсын хараа байжээ гэж боддог. Хамгийн хүнд нь гэвэл 1992 онд буудуулсан цэрэгт хийсэн мэс засал. Би таван жил Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт ажилласан юм. Нэг шөнө жижүүрт гарч байтал 18 хан настай хэвлий хэсэгтээ буудуулсан цэрэг ирсэн. Тэр үед ганцаараа жижүүрт гардаг байлаа. Маш яаралтай мэс засал хийж, ходоод оёж, дэлүүг авах, бүдүүн гэдэс тайрах гэх мэт маш их ажилбар хийсэн болохоор мэс засал бараг есөн цаг үргэлжилсэн.  Бүтэн сар гаруй ноцолдсны хүчинд нөгөө хүүгээ эдгээчихээд хязгааргүй их баярлаж билээ. Залуу байсан болоод ч тэр үү “Би чадчихлаа шүү дээ” гэж бодогдсон.

-Та ходоодны мэс засал хийдэг байсан. Энэ нь элэг шилжүүлэн суулгах руу ороход дөхөм болсон уу?

-2007 оноос эхлэн элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийхээр зорьсон. Тэрнээс гадна 1998 онд ходоодны мэс заслыг Солонгосын Ёнсэ их сургуульд ходоодны мэс заслын чиглэлээр суралцсан. Манай сургуулийн захирал, академич Ц.Лхагвасүрэн багш надад энэ боломжийг олгосон. Намайг явахад миний хайртай багш академич, ардын эмч Батын Гоош “Миний охин тасаг тасгаар нь битгий тойрч яваарай. Нэг тасаг дээр нь тогтож ажилла. Би чамд хатуу үүрэг өгч байна. Чи ходоодны мэс засал сурч ирэх ёстой шүү” гэж захисан. Тухайн үед ходоодны мэс заслын хүндрэл өндөр байсан юм.

БНСУ-д зургаан сарын турш суралцаж, 100 гаруй хагалгаанд туслахаар ажиллан, ходоодны мэс засал хийх ур чадвар эзэмшиж ирсэн. Эх орондоо ирээд 590 гаруй хүнд ходоод тайрах, ходоодыг нь бүтэн авах мэс засал хийж, хүндрэлийг олон хувиар бууруулж чадсан. Би энэ ажлаараа 2002 онд анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Энэ бүхнийг эхлүүлэхэд Б.Гоош багш надад нөмөр нөөлөг болж байлаа. Багш эхний таван хагалгаанд туслахаар орж, надад хань болохын сацуу зааж зөвлөсөн. Ходоодны мэс заслаар сурч, ажилласан нь миний амьдралын эргэлт байлаа. Ходоодны мэс засал хийж байгаад, 2007 оноос элэг шилжүүлэн суулгах мэс засал руу орсон.

-Манай улсад 2011 онд анхны элэг шилжүүлэн суулгах мэс засал хийсэн байхад та 2007 оноос судалж эхэлсэн байдаг. Улсын хэмжээнд элэгний өвчлөл өндөр байсан нь таныг ийнхүү ханцуй шамлан ороход нөлөөлсөн үү?

-Тэгж хэлж болно. Монгол Улсад элэгний эмгэгээр ах дүү, хамаатан садан, хэн нэгнээ алдаагүй айл гэж бараг байхгүй. Миний аав, ээж ч элэгний хавдраар нас барсан. Тэгэхээр элэг шилжүүлэн суулгах эмчилгээ бол элэгний өвчнөөр эцсийн шатанд орсон хүний амийг аврах цорын ганц арга. Энэ мэс заслыг Монголд хийж эхлэхгүй бол бид элэгний шалтгаант өвчлөлөөр олон хүнийг нөгөө ертөнц рүү үдсээр байх байлаа. Манай улс бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг анх 1996 онд хийсэн ч 2005 он хүртэл зогссон. Харин 2005 онд Английн төсөл хэрэгжснээр дахин хийж эхэлсэн.

Энэ нь элэг шилжүүлэн суулгах мэс заслын эхлэл байлаа. Яагаад гэвэл, нэгэнт бөөр шилжүүлэн суулгаад эхэлчихсэн учраас элэг шилжүүлэн суулгахад лабораторийн болоод бусад нөхцөл боломж бүрдэж эхэлсэн гэсэн үг. Энэ хүрээнд, 2007 онд эс, эд шилжүүлэн суулгах албаны дарга н.Батчулуун бид хоёр элэг шилжүүлэн суулгах мэс засалд суралцахаар Финланд, Германыг зорьж байлаа. Финландад гурван сар, Германд нэг сар ажиллаж, 20 гаруй элэг шилжүүлэн суулгах мэс засалд оролцсон. Миний элэг шилжүүлэн суулгах мэс засалтай танилцсан бас нэг сонирхолтой түүх бий. 1991 онд ОХУ-д мэргэжил дээшлүүлэхэд сурч байхад, XXV эмнэлэгт оросууд хамгийн анхны элэг шилжүүлэн суулгах мэс заслаа тархины үхэлтэй донороос хийхтэй таарч, шилэн хананы гаднаас 24 цаг харж байлаа. Тухайн үед “Ямар хүнд мэс засал вэ” гэж бодогдож байсан.

Харамсалтай нь тэр хүн гурав хоногийн дараа мэс заслын дараах хүндрэлээр нас барсан. Тэгээд Оросод бараг арваад жил уг мэс засал зогссон. Тэр үед, эхнийхээ хагалгааг амжилттай хийхгүй бол ингээд зогсонги байдалд орчихдог юм байна гэдгийг ойлгосон. 2007 онд гадаадад сурч ирээд, элэг шилжүүлэн суулгах мэс заслыг эхлүүлэхээр нэлээд хөөцөлдсөн. Салбарын яам, нэгдүгээр эмнэлгийн дарга гээд уулзаагүй хүн байхгүй. Эхэн үедээ биднийг дэмжиж, ойлгох хүн олдоогүй. Харин АШУҮИСийн захирал Ц.Лхагвасүран, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал н.Нарантуяа нар дэмжиж, туршилтын мэс заслын өрөө гаргаж өгсөн. Мөн Шинжлэх ухаан технологийн сангаас дөрвөн сая төгрөгийн төсөл авсан юм. Гэвч өнөөх мөнгө маань унтуулгын бодис зэргээ аваад л дуусчихна.

Тэгээд туршилт хийх гахай худалдаж авах мөнгө байдаггүй. Би найзаасаа 26 тоорой гуйж авч, элэг шилжүүлэн суулгах мэс заслаа эхлүүлж байлаа. Тэдгээр гахайнд хийсэн туршилтын мэс заслууд манай багийг баг шиг баг болгож төлөвшүүлсэн.Түүнчлэн мэс заслын мэдээгүйжүүлэх хэсгийн эмч сувилагч нарын гарыг дасгахад маш их үүрэг гүйцэтгэсэн. Ийнхүү эхлүүлж байсан мэс засал маань амжилттай нутагшиж, өдгөө 100 дахь мэс заслынхаа ард гарлаа.

-Тухайн үеийн баг одоо хэвээрээ юу. Хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй баг элэг шилжүүлэн суулгаж байна?

-Анх Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа гуай 2009 онд ЭХЭМҮТ, ХСҮТ-ийн эмч нар бүхий 24 хүний бүрэлдэхүүнтэй “Үндэсний элэг шилжүүлэн суулгах” багийг томилох тушаал гаргасан юм. Гэвч элэг шилжүүлэн суулгах мэс заслаа хийж эхлэх үед бусад эмнэлгийн эмч нар төдийлөн оролцож амжаагүй. УНТЭийн 12 эмч, сувилагч туршилтын мэс заслаасаа эхлүүлсэн. Одоо УНТЭ, АШУҮИС-ийн мэс засал мэдээгүйжүүлэх, элэг судлалын тэнхимийн хамтарсан 35 хүний бүрэлдэхүүнтэй баг элэг шилжүүлэн суулгах мэс засал хийж байна.

Бид 2011-2015 онд БНСУ-ны “Асан” анагаах ухааны төвтэй хамтарч элэг шилжүүлэн суулгах мэс засал хийсэн. Хоёр улсын эрүүл мэндийн яам хамтын ажиллагааны бичигт гарын үсэг зурж, “Асан” анагаах ухааны төв манайд 250 мянган вонны дэмжлэг үзүүлэх, эхний арван хүний мэс заслын зардлыг даах гэрээ хийж байсан. Гэвч бид хамтдаа 33 удаа элэг шилжүүлэн суулгах мэс засал хийсэн байдаг. Мөн өнөөдрийг хүртэл манай багийн гишүүдийг жил бүр, хоногийн 120 ам.долларын өртөгтэй сарын сургалтад үнэ төлбөргүй хамруулах төсөл 2016 он хүртэл хэрэгжсэн. Үүнээс хойш бид ирэх, очих зардлаа өөрсдөө гаргадаг, байр хоол, сургалтын зардлыг “Асан” төвийнхөн даадаг болсон. Ийнхүү бид маш олон жил мэдлэг, мэргэжлээ тасралтгүй дээшлүүлж байна.

БНСУ-ын “Асан” анагаах ухааны төв 6000 гаруй элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийсэн. Эмчилгээний үр дүн амжилтаараа дэлхийд номер нэг. Бид тэрхүү байгууллагын элэг шилжүүлэн суулгах мэс заслын удирдамж, тоног төхөөрөмжийг Монголд амжилттай нэвтрүүлж чадлаа. Элэг шилжүүлэн суулгах мэс заслын дараа ямар нэг хүндрэл үүсэхгүй байна гэж байдаггүй. Жишээлбэл, хамгийн сүүлийн буюу 100 дахь тохиолдол дээр элэгний нэг судас нь бөглөрсөн. Эмч нар түргэн шуурхай ажиллаж хүндрэлийг цагийн дотор эмчиллээ. Хэрвээ хүндрэлийг 12 цагийн дотор засахгүй бол мэс заслын дараах хүндрэлээр хүнээ алдах аюултай.

-Элэг шилжүүлэн суулгах мэс засалд юуг илүү анхаарах ёстой байдаг вэ?

-Мэс заслын өмнөх бэлтгэл, үргэлжлэх явц, мэс заслын дараах хяналт бүгд чухал. Бид мэс засал хийхээс өмнө хэчнээн дахиж хуралддаг. Элгийг ямар хэмжээтэй тайрахаас эхлээд, өвчтөн нэг бүрийг хэлэлцэнэ. Донороос элэг авахад мм-ээр яригддаг. Жижигхэн л хэмжээ алдвал аюултай. Тийм учраас маш нарийн тооцоолол хийж, хэд дахин хэмжиж тогтоодог. Дараагийнх нь, элэг шилжүүлэн суулгах мэс заслын бэлтгэл. Энэ бэлтгэлийг сайн хийж чадвал мэс засал амжилттай болно. Бусад мэс заслын үед хүндрэл үүссэн тохиолдолд эмчилгээ хийж эхэлдэг. Харин элэг шилжүүлэн суулгах мэс засал гарч болох эрсдэлийг урьдчилан тооцоолж, арга хэмжээ авдгаараа онцлог. Мөн тухайн мэс засалд цус цусан бүтээгдэхүүн хэчнээн хэрэгтэйг тооцоолж, захиалах ёстой. Хамгийн чухал нь мэс засалчийн ур чадвар. Мэс заслын үеэр дээд зэргийн анхааралтай, хянамгай байх хэрэгтэй.

Ерөнхийдөө мэс заслын явц 20 хувь, мэс заслын дараах хяналт, эрчимт эмчилгээ 80 хувь чухал гэж үздэг. Бид эмчилгээний амжилт, үр дүнгээрээ дэлхийн жишигт яваа. -Та бүхэн элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай нутагшуулж, дэлхийн жишигт хийж гүйцэтгэж байна. Энэ бол эмч мэргэжилтний ур чадвартай салшгүй холбоотой. Нөгөөтэйгүүр мэс заслын үр дүнд багаж, тоног төхөөрөмж чухал нөлөөтэй шүү дээ. Энэ тал дээр манай улс ямархуу байгаа вэ? -Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг улам сайжруулахын тулд хэд хэдэн асуудалд анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт, хүний нөөцийн асуудал. Манай багийнхан бүгд давхар ажил эрхэлдэг. Өөрөөр хэлбэл, бараг сайн дураараа явж байгаа хүмүүс. Элэг шилжүүлэн суулгах мэс засал хийхийн тулд дандаа илүү цагаар ажилладаг.

Ажил эхлэхээс өмнө 07:30-д цуглаж, хэнд ямар эмчилгээ хийх вэ гэдгээ шийднэ. Тэгээд 08:00 цагт өөр өөрсдийн тасаг руу явна. Мэс заслын өмнөх бэлтгэл хийхийн тулд тав, зургаан цаг хуралдана. Ажлын цагаар хийж болохгүй учраас орой сунаж ажиллана. Хэрвээ ажлынхаа цагаар элэг шилжүүлэн суулгах ажил руу гүйгээд байвал энд байгаа олон өвчтөн хохирно шүү дээ. Хөгжингүй орнуудад эрхтэн шилжүүлэх баг тусдаа байдаг. Ингэснээр эмчилгээний үр дүнд ч сайнаар нөлөөлнө. Дэлхийн жишигт таван сая хүнд нэг эрхтэн шилжүүлэх суулгах төв хангалттай гэж үздэг. Тэгэхээр манай улсад нэг ийм төвтэй болчивол илүү олон хүнийг аврах боломж бүрдэнэ. Одоогоор элэг, бөөр шилжүүлэн суулгаж байна.

Мэс заслын төрлийг нэмэхийн тулд бие даасан төв зайлшгүй хэрэгтэй. Хоёрдугаарт, санхүүгийн асуудал. Одоогийн байдлаар улсын төсвөөс жилд 24 хүнд элэг шилжүүлэн суулгах боломж олгож байгаа. Хэрвээ эрхтэн шилжүүлэн суулгах төвтэй болчихвол энэ тоо нэмэгдэнэ. Тусгай төвтэй болоод, эрхтэн шилжүүлэх суулгахаар дагнасан мэргэжлийн баг гаргаж, төсөв санхүүг нь шийдчих юм бол манай баг өдөр бүр элэг сольсон ч чадна гэж бардам хэлнэ. Дараагийнх нь, багаж тоног төхөөрөмжийн асуудал. 2012 онд Засгийн газрын дэмжлэгээр 1,6 тэрбум төгрөгийн багаж, тоног төхөөрөмж авсан. Түүнээс хойш шинэчилж чадахгүй байсаар өнгөрсөн онд 1.4 тэрбум төгрөгөөр жижиг багаж худалдаж авсан. Одоо элэг тайрахад ашигладаг том оврын багажуудаа шинэчлэх шаардлагатай. Хэрвээ энэ төхөөрөмж эвдэрлээ л бол бидний ажил зогсоно.

-Залуу хойч үеэ бэлдэхэд хэрхэн анхаарч байна вэ. Эрхтэн шилжүүлэн суулгах төвтэй боллоо гэхэд боловсон хүчин хүрэлцээтэй юү?

-Түрүүн хэлсэнчлэн манай багийнхан суралцдаг. Мөн ХСҮТ болон ЭХЭМҮТ-ийн баг хамт олон манайхтай хамтарч ажилладаг. Ер нь эх орондоо дагаж суралцах багтай байна гэдэг маш том давуу тал. Бид дагалдуулах зарчмаар залуу үеэ бэлтгэж байгаа.

СЭТГҮҮЛЧ П.ДАВААЖАРГАЛ

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш