ДЭЛХИЙН МЭДЭЭ

Нүүрний маск нь хүмүүсийг илүү дур булаам харагдуулдаг болохыг судалгаагаар тогтоожээ

Кардиффын их сургуулийн судлаачид эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль аль нь нүүрнийхээ доод талыг халхалсан үедээ илүү сэтгэл татам харагддаг болохыг судалгаагаар баталжээ. Эрдэмтдийн дүгнэлтээр загварлаг маскнаас илүүтэй нэг удаагийн мэс заслын маск нь хүнийг илүү сэтгэл татам харагдуулдаг байна.

Кардиффын их сургуулийн сэтгэл судлалын сургуулийн хянагч, нүүр царай судлалын мэргэжилтэн, доктор Майкл Льюис цар тахлаас өмнө хийсэн судалгаагаар эмнэлгийн нүүрний маск нь өвчин, эмгэгтэй холбоотой гэдэг шалтгаанаар дур булаам байдлыг бууруулдаг гэсэн дүгнэлт гарч байжээ.

“Нүүрний халхавч хаа сайгүй тархаж эхэлснээс хойш энэ байдал өөрчлөгдсөн эсэхийг шалгаж, маск ямар нэгэн нөлөө үзүүлсэн эсэхийг мэдэхийг хүссэн” гэж тэр хэлэв.

“Бидний судалгаагаар эмнэлгийн маскаар нүүрээ халхалсан тохиолдолд хүн хамгийн дур булаам харагддаг гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Энэ нь эрүүл мэндийн ажилтнууд цэнхэр маск зүүж дассантай холбоотой байж магадгүй” гэв.

Судалгааны эхний хэсгийг 2021 оны хоёрдугаар сард хийсэн бөгөөд энэ үед Британийн хүн ам зөвхөн зарим нөхцөлд маск зүүж байжээ. Дөчин гурван эмэгтэйд маскгүй, энгийн даавуун маск зүүсэн, эмнэлгийн цэнхэр маск зүүсэн, энгийн хар номоор нүүрний доод хэсгээ халхалсан эрэгтэйчүүдийн зургийг харуулж, ​​ дур булаам байдлыг нь нэгээс 10 хүртэлх оноогоор үнэлэхийг хүссэн байна.

Оролцогчид даавуун маск өмссөн хүмүүс маскгүй эсвэл нүүрээ номоор халхалсан хүмүүсээс хамаагүй илүү дур булаам харагдсан гэж үзжээ. Харин ердийн, нэг удаагийн мэс заслын маск хүнийг бүр илүү сайхан харагдуулж байна гэж хариулсан байна.

Маск нь хүмүүст өвчний талаар санагдуулж, зайлсхийх ёстой гэж бодогдуулдаг байсан тахлын өмнөх судалгааны үр дүнтэй зөрчилдсөн гэдгийг Льюис онцлоод “Царт тахал нь маск зүүсэн хүмүүсийг хэрхэн хүлээж авах талаар бидний сэтгэл зүйг өөрчилсөн. Маск зүүсэн хүнийг хараад бид ‘тэр хүн өвчтэй байна, би хол байх хэрэгтэй’ гэж бодохоо больсон” гэв.

Түүнчлэн Льюис хэлэхдээ маск нь хүмүүсийн анхаарлыг зөвхөн нүд рүү чиглүүлдэг тул хүмүүсийг илүү дур булаам харагдуулдаг байж магадгүй гэжээ. Түүний хэлснээр өөр бусад судалгаагаар нүүрний зүүн эсвэл баруун талыг халхлах нь хүмүүсийг илүү дур булаам харагдуулдаг болохыг баталж байжээ. Учир нь тархи дутагдаж буй орон зайг дүүргэж, ерөнхий нөлөөллийг хэтрүүлдэгтэй холбоотой юм.

Эхний судалгааны үр дүнг “Cognitive Research: Principles and Implications” сэтгүүлд нийтэлжээ. Хоёр дахь судалгаа хийгдсэн бөгөөд эрчүүд маск зүүсэн эмэгтэйчүүдийг дур булаам байдлаар үнэлэхэд үр дүн нь ерөнхийдөө ижил гарсан гэж Льюис хэлэв.

Эх сурвалж: The Guardian

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet