ДЭЛХИЙН МЭДЭЭ

НҮБ-ын Хүүхдийн сан тахал өвчинд нэрвэгдсэн орнуудад сургуулиудыг дахин нээхийг уриалав

НҮБ-ын Хүүхдийн агентлаг ЮНИСЕФ цар тахлын улмаас 18 сарын хугацаанд сургуулиудаа хаасан улс орнуудыг сурагчдын хичээлийг аль болох хурдан нээхийг шаардав.

НҮБ-ын Хүүхдийн сангаас пүрэв гарагт нийтэлсэн тайланд дурдсанаар 17 орчим улсын сургуулиуд бүрэн хаалттай хэвээр байгаа бол 39 орны сургуулиуд хэсэгчлэн хаагджээ. Филиппин, Бангладеш, Венесуэл, Саудын Араб, Панама, Кувейт зэрэг улсууд сургуулиудаа бараг бүрэн хаасан бөгөөд эдгээр газруудад 77 сая орчим сурагчид суралцдаг байна.

Энэхүү тоон үзүүлэлтийн гуравны нэг орчмыг Азийн хамгийн хүнд коронавирусын дэгдэлттэй тэмцэж буй, энэ долоо хоногт шинэ хичээлийн жил нь эхэлсэн Филиппин дангаараа эзэлж байна. Түүнчлэн дэлхий даяар танхимын хичээлийг гурван улирлын турш алгассан 131 сая хүүхэд байгаа бөгөөд эдгээр зургаан орны хүүхдүүд үүний талаас илүү хувийг эзэлж байна гэж НҮБ-ын Хүүхдийн сангаас мэдээлэв.

“Боловсролын хямрал байсаар байгаа бөгөөд анги танхим харанхуй байх тусам асуудал улам бүр дордсоор байх болно”гэж НҮБ-ын Хүүхдийн сангийн гүйцэтгэх захирал Хенриетта Форе хэлэв.

Зургадугаар сард Ерөнхийлөгч Родриго Дутерте зарим бүс нутагт танхимын хичээлийг зөвшөөрөх саналыг няцааж “Би хүүхдүүдийн эрүүл мэндээр аз туршиж чадахгүй” гэсэн юм.

Харин бодит байдал дээр сурагчид гэртээ байснаар ковидод өртөх магадлал бага байж болох ч компьютер, гар утас, интернетийн хүртээмж, боловсролын жигд бус байдал зэрэг олон бэрхшээлүүдтэй тулгарч байгаа юм. Филиппинд зарим хүүхдүүд интернэтийн сүлжээ хүлээн авахын тулд дээвэр дээр гардаг байна.

Дөрөвдүгээр сард гаргасан Азийн хөгжлийн банкны тайланд, нэг жилээс дээш хугацаагаар сургуулиудыг хаасан бүс нутгийн сурагчдын ирээдүйн орлого 1,25 их наяд доллар буюу 2020 оны ДНБ-ий 5,4 хувьтай тэнцэх хэмжээгээр огцом багасаж магадгүй гэж тооцоолжээ.

НҮБ-ын Хүүхдийн сан болон түүний түншүүд уг асуудалд хүмүүсийн анхаарлыг хандуулахын тулд пүрэв гарагт дижитал сувгаа 18 цагийн турш хаахаар болсон байна.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet