11 сарын 28, Бямба
ДЭЛХИЙН МЭДЭЭ

Нас барсан 48 хүнийг томуугийн вакцинжуулалттай хамааралгүй гэж үзэж, хөтөлбөрийг үргэлжлүүлнэ гэв

БНСУ-д томуугийн вакцин хийлгэсний дараа олон хүн нас барсан ч вакцин, нас барсан тохиолдлуудын хооронд ямар нэгэн хамаарал тогтоогдоогүй тул вакцинжуулалтын хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр болжээ.

БНСУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, вакцин хийлгэсний дараа нас барсан анхны тохиолдол 10 дугаар сарын 16-нд бүртгэгдсэнээс хойш ийм байдлаар нас барсан хүний тоо 48-д хүрсэн бөгөөд нас барагсдын 80 орчим хувь нь 70, 80 гаруй насны хүмүүс байжээ. “Нас барсан 20 хүний цогцсонд хийсэн задлан шинжилгээний дүнгээс үзэхэд тэдний нас барсан шалтгаан, вакцин хооронд ямар нэгэн хамаарал тогтоогдоогүй тул томуугийн вакцинд үнэ төлбөргүй хамруулах хөтөлбөрийг зогсоох талаар хэлэлцэхгүй” гэж Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн тэргүүн Жён Юн Кён мэдээлсэн байна.

Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд вакцин, нас барсан тохиолдлуудын хооронд холбоо хамаарал байх боломжтой эсэхийг нягт ажиглаж байгаа бөгөөд энэ онд вакцин хийлгэсний дараа зовуурь илэрсэн гэж 1154 хүн холбогдох байгууллагад хандсан байна. Жён Юн Кёны мэдэгдсэнээр, холбогдох албаны удирдлагууд вакцин хийлгэсний дараа нас барсан хүмүүс ямар шалтгаанаар нас барсныг тогтоохын тулд мэргэжилтнүүдтэй хамтран ажиллахаар төлөвлөж байгаа ажээ. Мөн тэрбээр ахмад настай хүмүүст вакцин тарихын өмнө нарийн оношилгоо хийхийг эрүүл мэндийн хүрээлэнгүүдэд уриалжээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш