НИЙГЭМ

Залуучуудад ажлын дадал, туршлага эзэмшүүлэх интерншип туршилтын хөтөлбөрийг бүх дүүрэгт хэрэгжүүлнэ

Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл Шейвацарын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар, Ажил хайгч залуучуудыг “Сургуулиас хөдөлмөр эрхлэлт рүү” шилжихэд дэмжлэг үзүүлэх, хөдөлмөрийн зах зээлд нэгдэхэд бэлтгэх зорилго бүхий “Интерншип-Ажлын дадал, туршлага эзэмшүүлэх туршилтын хөтөлбөр”-ийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Швейцарын хөгжлийн агентлагийн Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хамтран Улаанбаатар хотын бүх дүүрэгт хэрэгжүүлэхээр боллоо.

Энэхүү туршилтын хөтөлбөрийг өмнө нь нийт долоон аймаг, хоёр дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийг түшиглэн, орон нутгийн ажил олгогч нартай хамтран амжилттай зохион байгуулсан юм.

Тус хөтөлбөрт дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийн албанд ажил хайгчаар бүртгүүлсэн, мэргэжил эзэмшсэн, ажлын туршлагагүй, эсвэл туршлага багатай, 34 хүртэлх насны залуучууд хамрагдах боломжтой. Туршилтын хөтөлбөрт хамрагдаж буй ажил олгогч нарын хувьд тус хөтөлбөрийн хүрээнд ажлын байранд мэргэжлээрээ дадал, туршлагатай болсон залуучуудыг үргэлжлүүлэн ажилд авах боломжтой. Харин ажил хайгч залуучуудын хувьд эзэмшсэн мэргэжлийн дагуу ажлын дадалтай болохын зэрэгцээ мэргэжлийн ур чадвараа хөгжүүлж, ажлын орчин, нөхцөлд дасан зохицох боломж бүрдэх юм.

Хөдөлмөр эрхлэлтийг Ажлын туршлага эзэмшүүлэх тус хөтөлбөр нь төгсөгч залуучуудад сургуульд суралцаж, эзэмшсэн мэдлэг ур чадвараа ажлын бодит орчин, нөхцөлтэй уялдуулах боломжийг олгох юм. Уулзалтад Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн захирал Т.Энхтуяа, зөвлөх М.Галсансар, Э.Орхон болон ХХҮЕГ-ын Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга Э.Ганбат нарын албаны хүмүүс оролцлоо.

Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet