COVID-19

Ж.Нарангэрэл: “Омикрон” хувилбар нь харьцангуй хөнгөн эмнэлзүйн шинжтэй хэдий ч эрсдэлт бүлгийнхэн хүндээр өвчлөх магадлалтай

Гэрэл зургийг
MPA.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл “Омикрон хувилбарын эмнэлзүйн байдал нь хамар битүүрэх, нус гоожих, халуурах, хоолой аргах, хоолой хөндүүрлэж өвдөх, хуурай ханиалгах, ханиалгалт нь хэд хоногоос цэртэй болох зэрэг шинж тэмдгүүдээр илэрч байна. Харин бага насны хүүхдэд хоолой сөөх, зарим тохиолдолд амьсгалын дутагдалд орох шинж тэмдэгүүд голчлон илэрч байна. Энэ нь томуу болон томуу төст өвчний амьсгалын дээд замын халдварын шинж тэмдэгтэй ижил байна.

Шинж тэмдэг нь 5-7 хоног илрэх бөгөөд зохих арга хэмжээг аваад эдгэрч байна. Тиймээс “Омикрон” хувилбар нь харьцангуй хөнгөн эмнэлзүйн шинжтэй байна.

Эмнэл зүйн хөнгөн шинж тэмдэг илэрч байгаа учраас ард иргэд маань эмчийн зөвлөсөн эмчилгээг хийж, гэрийн тусгаарлалтын дэглэмээ чанд баримтлан, тайван байж эмчлүүлэх боломжтой байна. “Омикрон” хувилбарын хөнгөн хэлбэрийн өвчлөлийн үед өвөрмөц эмчилгээ шаардлагагүй байгаа. Амьсгалын дээд замын өвчлөлийн үеийн буюу амин дэм хэрэглэх, халуун бууруулах эм уух, хоолойн өвдөлтийн эсрэг эмчийн заавраар эмчилгээ хийхэд 5-7 хоногт гэрээр эмчлэгдэх боломжтой. “Омикрон” халдварын үед 12-оос доош насны хүүхэд, өндөр настнууд, хавсарсан эмгэгтэй иргэдийг эрсдэлт бүлэгт хамруулж байгаа. Эрсдэлт бүлгийнхэн хүндээр өвчлөх магадлалтай учраас илүү анхаарал хандуулж, эмнэлэгт хэвтүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. 

Нийслэлийн хэмжээнд 16 эмнэлгийн 4,764 орыг коронавирусийн халдвартай иргэнийг эмчлэхэд зориулж байгаа бол орон нутгийн 42 эмнэлгийн 5,482 оронд халдвартай иргэдийг хүлээн авч байгаа. Эрсдэлт бүлгийнхэн болон эмнэл зүйн хүнд болон нэн хүнд шинж тэмдэг илэрсэн иргэдийг эмнэлэгт хүлээн авч байна. 

Зарим иргэн халдвар авсан л бол эмнэлэгт хэвтэх ёстой гэж үзээд байгаа нь эмнэлэгт яг шаардлагатай хүнийг хүлээн авахад хүндрэл учруулж байгаа. Тиймээс иргэддээ аль болох хүлээцтэй байхыг зөвлөж байна. 

Омикроны үед хуурай ханиалгах, хоолой зурж өвдөх улмаар цээжээр өвдөлт үүсдэг. Энэ нь уушгины хатгааны өвдөлтөөс ялгаатай буюу хавирга хоорондын мэдрэлийн цочролоос үүдэлтэй өвдөлт юм. Үүнийг хатгаа болчихлоо хэмээн айгаад заавал эмнэлэгт хэвтэх гээд байгаа.

Тиймээс анхан шатны эмнэлэгт үзүүлээд 2-3 хоног эмчилгээ хийсний дараа шинж тэмдэг арилахгүй байвал КОВИД-19-ийн амбулаторид хандаж дахин үзүүлэх боломжтой бүтцийг гаргасан. Энэ амбулаториор үзүүлж болно. Амбулаторийн эмч үзээд хатгаа үүссэн байвал шууд ор зохицуулалтын албанд хандаж эмнэлэгт хэвтүүлнэ” гэлээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet