Live
НИЙГЭМ

Дуучин С.Жавхлан бие даасан тоглолтоо хийж, уран бүтээлээ NFT Marketplace-т байршуулахаар болжээ

Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан уран бүтээлийн тоглолтоо хийх гэж байгаа тухайгаа өнөөдөр мэдэгдлээ.

Тэрээр “2021 онд олон үйл явдал дурсамж болон үлдлээ. Өнгөрсөн хугацаанд миний бие тааруу, хүнд байлаа. Гэхдээ олон түмэн, Хамаг Монголын ээжүүд, Монголын тал нутгаар амьдарч буй олон сайхан буурлууд, ах дүүсийнхээ тус дэмээр Жавхлан нь хөл дээрээ босоод ирлээ.

2022 он бол сайхан ерөөл бэлгэтэй жил гарч байна. 22-ын тоотой онцлог өдөр олон байдаг. Мөн Их Эзэн Чингис хаан маань дээш 22 үе тоологдох буюу Бөртэ чоно, Гуа Маралаас үүссэн 22 дахь үе. 2022 он буюу бар жил бол ерөөл бэлгэтэй жил гарч байна. 

Миний бие ахмад буурлууд, ахан дүүстээ баярлалаа гээд “Жавхлан” нэртэй тоглолтоо Бөхийн өргөөнд зохион байгуулах гэж байна. 2022 оны нэгдүгээр сарын 17-ноос 28-ны өдрүүдийг авч, товлосон байсан боловч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж нэгдүгээр сарын 17-нд буюу зөвхөн нэг өдөр хийхээр товлолоо. Уран бүтээлчид маань бүгд бэлтгэлээ хангасан байсан тул тоглолтоо цуцлалгүйгээр нэг л өдөр хийх шийдвэрийг өнөөдөр өглөө гаргалаа. Сүүлийн жилүүдэд тоглолт маань дунджаар 6-9 хоног үргэлжилдэг байв. Уран бүтээлийг маань дэмжин үндэсний үйлдвэрлэгчид хамтран оролцож байгаа.

“Хамаг Монгол-2 төслийг дэлхий даяар тархан суурьшиж буй монгол туургатан ахан дүүс, уран бүтээлчидтэйгээ хийхээр төлөвлөж байгаа. Тоглолт маань цаашид орон нутгууд, дэлхий даяар тархан суурьшиж буй монголчууддаа хүрнэ. Энэ мэтчилэнгээр цаашид олон зүйл төлөвлөн ярьж байна” гэсэн юм.

“Үндэсний баялаг зоос”-ыг үүсгэн байгуулагч Б.Жавхлан “С.Жавхлан, Ш.Тэнгисболд ах нартайгаа хамтран Монголд хамгийн анхны олон улсын NFT Marketplace-г үүсгэж байгаа. Ингэхдээ Tengri.io нэртэйгээр хийгдэнэ. Шууд олон улс руу гаргах тул англи, япон хэл дээр орно. Үүнд NFT төрлөөр анхлан гавьяат жүжигчин С.Жавхлангийн дуунууд, зураач Ш.Тэнгисболдын дахин давтагдашгүй уран бүтээлүүд мөн гарч, олон улсад худалдаалагдана” гэсэн юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet