11 сарын 28, Бямба
newswire

Дэлхийн худалдаа 7-9 хувиар унана гэж таамаглаж байна

Коронавирусний цар тахлын улмаас энэ онд дэлхийн худалдаа өмнөх жилийнхтэй харьцуулахад 7-9 хувиар буурах төлөвтэй байна. Ийм урьдчилсан таамгийг НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал буюу “UNCTAD” дэвшүүлжээ.

“Гуравдугаар улиралд сэргэх шинж тэмдэг ажиглагдсан боловч урьдчилсан таамгаар 2020 онд дэлхийн худалдаа 7-9 хувиар унах төлөвтэй байна” гэж тус байгууллагын мэдээллийн товхимолд тэмдэглэсэн байна.

Энэ оны гуравдугаар улирлын төгсгөлд дэлхийн худалдаа өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад таван хувиар буурсан байна. Энэ нь 19 хувьд хүрч унаж байсан хоёрдугаар улирлынхтай харьцуулахад нэлээд сайжирсан үзүүлэлт юм. Дөрөвдүгээр улирлын урьдчилсан таамаглалаар дэлхийн худалдаа улаан бүсээс гарч чадахгүй бөгөөд үзүүлэлтүүд 2019 оны дөрөвдүгээр улирлынхаас 3 хувиар бага байх аж.

UNCTAD-ийн шинжээчид “Хятад улсын худалдаа гайхалтай сэргэж байгааг” онцолсон байна. “Цар тахлын эхний саруудад ихээхэн буурч байсан тус улсын экспорт хоёрдугаар улиралд тогтворжиж, гуравдугаар улиралд эрчимтэй өссөн” гэж мэдээллийн товхимолд тэмдэглэжээ. 2020 оны эцэст Хятадын худалдааны өсөлтийн хурдац 10 орчим хувьд хүрнэ гэж шинжээчид таамаглаж байна. “Томоохон эдийн засагтай бусад орнуудаас ялгаатай нь Хятадын импорт 7, 8 дугаар саруудад тогтворжиж, 9 дүгээр сард 13 хувиар өссөн” гэж UNCTAD мэдээлэв.

Коронавирусний эсрэг тэмцэлтэй холбоотой эмнэлгийн хэрэгслийн худалдаа дөрөвдүгээр сараас хойш дунджаар 50 гаруй хувиар өссөн байна. Ингэхдээ нэг хүнд ногдох орлого өндөр орнууд энэхүү өсөлтөөс хамгийн их ашиг хүртсэн гэж шинжээчид тэмдэглэжээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш