11 сарын 28, Бямба
БОЛОВСРОЛ

Дэлхийн хамгийн өвөрмөц арван номын сан

Дэлхийд хамгийн анхны номын сан МЭӨ III зуунд үүссэн гэж үздэг. Он цагийн явцад улс үндэстэн бүр өөр өөрсдийн үндэсний номын санг байгуулж, олон мянган бүтээлийг зуун дамнан хадгалсаар иржээ. BBC дэлхийн хамгийн өвөрмөц 10 номын санг нэрлэжээ.

1.  “El Escorial” номын сан

Испанийн нийслэл Мадрид хотоос 45 километрийн зайтай орших уг номын сан өмнө нь сүм, хааны ордон байсан барилга юм. 1984 онд Юнеско тус номын санг дэлхийн өвд бүртгэсэн. Жил бүр 500 мянга орчим жуулчин номын санг үзэж сонирхохоор Испани Улсыг зорьдог байна.

2. Ванкуверийн  нийтийн номын сан

1886 онд анх 400 номтойгоор үйл ажиллагаагаа эхлүүлж байсан уг номын сан одоо 9500 гаруй төрлийн номтой, 1200 хүний багтаамжтай уншлагын танхимтай, 700 машины зогсоолтой дэлхийд томоохонд тооцогдох болжээ.

3. Оксфордын их сургуулийн Бодлеан номын сан

Нийт 190 км гаруй үргэлжлэх тавиуруудад 11 сая гаруй ном байдаг бөгөөд энэ үзүүлэлтээрээ Британийн номын сангийн араас Нэгдсэн вант улсдаа хоёрдугаарт ордог байна.

4. Ирланд Улс, Дублин хотын Тринити коллежийн номын сан

Уг номын санг 1592 онд байгуулж байжээ. Ховор, хуучин номын цуглуулгууд урт өрөөнд  хадгалагддаг ба дэлхий дээрх хамгийн том, ганц танхимаас бүрдсэн номын сан юм. Энд 200 мянга гаруй ном хадгалдаг. Гайхалтай номын сангаас гадна Ирланд Улсын үндэсний бэлгэ тэмдгүүдийн нэг юм.

5. Бостоны нийтийн номын сан

1848 онд  хаалгаа нээсэн, сая гаруй номтой АНУ-д  томоороо хоёрт ордог, анхны нийтийн номын сан юм.  Хамгийн анх олон нийтэд нээлттэйгээр гэрээр ном олгож эхэлснээрээ онцлог.

6. Гэгээн Екатеринагийн номын сан

Египет Улсын  Өмнөд Синайд байрлах манай эриний 564 оны үед Византигийн Эзэнт гүрний хаан Юстиниан I-ийн зарлигаар анх баригдснаас хойш  тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа дэлхийн хамгийн эртний номын сан юм. Одоогоор номын санд  шашны болон  сургалтын 3000 гар бичмэл, Хомер, Платогийн анхны хэвлэлийг багтаагаад барагцаагаар 8000 хэвлэмэл ном байдаг аж.

7. Рояал граммар сургуулийн гинжит номын сан

1500 оны эхээр сууриа тавьж байсан Рояал Граммар сургуулийн номын сан  номоо хулгайд алдагдахаас сэргийлэх зорилготойгоор тавиуртай нь гинжээр холбон хадгалдаг байжээ. Гинжит номын санд 1400 оны сүүл үеийн номнууд, үүн дотроо  Исаак Ньютоны “Принсипиа”-гийн анхны хоёр хэвлэл нь байдаг ажээ.

8. АНУ-ын Конгрессийн номын сан

Энэ номын санд АНУ-ын Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч, Сенатын танхимийн гишүүд, Төлөөлөгчдийн танхимийн гишүүд л нэвтрэх эрхтэй байлаа. Иймээс ч Конгрессийн номын сан гэж нэрлэх болжээ. 1814 онд иргэний дайны үед Британий цэргүүд Капитолийн ордныг галдан шатаахад Конгрессийн номын сан бүхэлдээ сүйджээ. Номын санд байсан 3000 ном шатаж, үнс нурам болсон байна. Тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч асан Жефферсон өөрийнхөө 50 жил цуглуулсан 6487 боть номыг Конгресст бэлэглэжээ. Ингэж Конгрессийн номын сан дахин сэргэсэн түүхтэй.

9. Канадын Үндэсний номын сан

1953 онд анх байгуулсан тус номын сан орчин үеийн барилгын загвар болон хүрэхэд хялбар байрлалтай гэдгээрээ дэлхийд алдартай. Энэхүү номын сан одоогоор 27 сая орчим номтой гэнэ.

10. Британийн номын сан

1972 онд Британийн парламент “Британийн номын сангийн цагаан хуудас” гэдэг баримт бичиг баталснаар 1973 онд Британи Улсад үндэсний номын сан байгуулжээ. Тус номын санд Ханс Слоун гэдэг хүний цуглуулга, номын сангийн анхны фондыг бүрдүүлж байсан   юм. Ханс Слоун нь эмч мэргэжилтэй байсан бөгөөд нас барахынхаа өмнө гэрээслэлдээ байгаль орчин, амьтан, ургамал, анагаах ухааны тухай 40 мянган ном, 3,5 мянган гар бичмэлээ төрд бэлэглэжээ. Ирланд, Их Британийн нутаг дэвсгэрт хэвлэгдсэн бүх номноос заавал хэдэн хувийг энд хадгалдаг. Энэ номын санд бас найман сая марк хадгалагдаж байгаа аж.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш