ЭДИЙН ЗАСАГ

Г.Гангамөрөн: ЖДҮҮ эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг Япон улсын зах зээлд борлуулж эхэллээ

-ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧИДДЭЭ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН БУЦАЛТГҮЙ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ-

Энэ сарын 1-нээс эхлэн Япон Улсын www.sto-ory.com  сайтаар дамжуулан нийслэлийн 20 гаруй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүн борлуулагдаж эхэлсэн. Энэ талаар болоод жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн дунд нээгдэж буй онцлох боломжуудын тухай Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөнтэй ярилцлаа.

-Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төвөөс сүүлийн үед хийж хэрэгжүүлж байгаа онцлох ажлуудын талаар яриагаа эхэлцгээе.

-Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төв НӨҮГ-аас өнгөрөгч 2021 онд бодлогын шинж чанартай томоохон ажлуудыг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Зөвхөн төсвийн хүрээнд хийх ажлуудаас илүүтэй олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллалаа. 15 орчим байгууллагатай санамж бичиг байгуулан ажилласны нэг болох “HIS Mongolia” ХХК-тай хамтран Бичил, жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг Япон Улсын зах зээлд борлуулах ажлыг эхлүүлсэн. Ингэхдээ хоёр сарын хугацаанд бэлтгэл ажлаа базаан 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн цахим платформ ашиглан Япон Улсын зах зээлд борлуулалтаа эхэлсэн сайхан мэдээгээр шинэ оноо угтаж байна. Арваннэгдүгээр сард байгуулсан санамж бичгийн хүрээнд есөн дүүргийн 20 гаруй аж ахуй нэгжийн 170 гаруй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг www.sto-ory.com  сайтад байршууллаа.

Түүнчлэн Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран нэг тэрбум төгрөгийн санхүүжилттэй тоног төхөөрөмжийн буцалтгүй тусламжийг олгож эхлэхээр боллоо. Мэдээж олон улсын байгууллагуудын төлөөлөл, мэргэжилтнүүдээс бүрдсэн хамтарсан баг ажиллан, шалгаруулалт хийсэн. Эхний ээлжид Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн гэр хороололд ажиллаж байгаа, “Ковид 19” цар тахлын нөлөөнд өртсөн, тоног төхөөрөмжийн дэмжлэг зайлшгүй хэрэгцээтэй 33 иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад 10 сая хүртэлх төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо. Ирэх хоёрдугаар сарын сүүлээр АНУ, Канад улсад зохион байгуулагдах олон улсын үзэсгэлэнд бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг оролцуулахаар төлөвлөөд байна. Германы хамтын ажиллагаа (GIZ)-тай байгуулсан санамж бичгийн хүрээнд бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг хоёрдугаар улиралдаа багтаан тус улсын зах зээлд гаргах тал дээр ажиллаж байгаа. Энэ мэтчилэн БНСУ, БНХАУ-ын зах зээлд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах, худалдан борлуулах, зах зээлийг нь өргөтгөх боломжуудыг эрэлхийлэн ажиллаж байна.

-Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн Япон Улсын зах зээлд гарч буй сайхан мэдээг дуулгалаа. Цахим платформд хэр өндөр хандалттай худалдааны сайтаар дамжуулан борлуулалтаа хийж байгаа вэ?

-HIS хэмээх Япон Улсын томоохон аялал жуулчлалын компани байдаг. Аялал жуулчлалын салбар дангаараа хөгжихөөс илүүтэй тухайн бүс нутаг, улс орны үндсэн бүтээл, бүтээгдэхүүн үнэ цэнэ нэмж өгдөг. Тухайлбал, Монгол Улсын хувьд өв соёл шингэсэн, өвөрмөц хийцтэй, монгол орны соёл, уламжлалыг хадгалсан бүтээгдэхүүнүүд их үнэ цэнтэй байдаг. Япон Улсын ард иргэд ч Монголын арьсан эдлэл, монгол шинж чанар бүхий бүтээгдэхүүнүүдэд дуртай байдаг. Тиймээс тус компанийн Монгол дахь салбар болох “HIS Mongolia” ХХК жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг Япон Улсын зах зээлд гаргах, цаашилбал олон улсын зах зээлд өрсөлдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Тус компани нь аялал жуулчлалын салбарт улсдаа эхний аравт бичигдэх шилдэг компани. Уг компанийн www.sto-ory.com  сайтад байршуулсан бараа бүтээгдэхүүн дор хаяж 50 сая хэрэглэгчдэд шууд хүрч байгаа. “HIS Mongolia” ХХК-ийн гүйцэтгэх захирал Харада Осамү “Үүнийг дан ганц Японы зах зээл гэж харж болохгүй ээ. Энэ бол яг Алибаба шиг Японоос үүсэлтэй ч борлуулалт болоод зах зээл нь дэлхийн хэмжээнд үнэлэгдэх юм шүү” хэмээн зүйрлэж байсан.

-Тус сайтад бараа бүтээгдэхүүнээ борлуулж буй 20 гаруй аж ахуй нэгжүүдийг ямар шалгуур үзүүлэлтээр сонгосон бэ?

– Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төв НӨҮГ-ын харьяанд бодлого үйл ажиллагааг нь зангидаж ажилладаг есөн дүүргийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв багтдаг. Есөн дүүргийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төвөөр дамжуулан иргэн, аж ахуй нэгж байгууллагуудын хүсэлтийг хүлээн авсан. Хүсэлт гаргасан аж ахуй нэгжүүд бараа бүтээгдэхүүнийхээ түүхий эд, материалыг хаанаас авч байна, эцсийн бүтээгдэхүүнээ хэрхэн яаж боловсруулж байна вэ, олон улсын зах зээлд гаргах чанарыг хангаж байна уу, MNS болон ISO стандартаар үйлдвэрлэж байна уу гэх мэтчилэн тодорхой хэмжээний нөхцөл шаардлагыг тавьж байгаа. Гэхдээ шалгуур гэхээсээ илүүтэй ерөнхий шаардлагыг л хангасан тохиолдолд тус цахим платформд бүтээгдэхүүнийг байрлуулж байгаа. Мэдээж цахим платформ дахь бүтээгдэхүүн нь хэрэглэгчийн зах зээлээр үнэлэгддэг тул хэрэглэгчид тухайн бараа бүтээгдэхүүнийг сонирхохгүй, хандалт муутай, худалдан авалт хийхгүй бол тодорхой хугацааны дараа цахим платформоос хасагдана. Тиймээс эхний ээлжид хүсэлт илгээсэн бүх аж ахуй нэгжүүдийнхээ бараа бүтээгдэхүүнийг тухайн платформд байршуулж байгаа. Ерөнхий шаардлага хангасан бараа бүтээгдэхүүний зураг авалт, маркетинг, орчуулга зэргийг үнэ төлбөргүй хийн төрийн үйлчилгээг хүргэж байна. Тиймээс үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид маань айж, эмээлгүйгээр бараа бүтээгдэхүүнээ бидэнд танилцуулаарай. Бидний зүгээс ч үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэдээ зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж байгаа. Тухайлбал, сав баглаа боодол, бичиглэл, өнгө загварыг сайжруулах тал дээр зөвлөлдөн, сайжруулалт хийсний дараа тус платформд оруулах боломжтой.

-Монголд зарагдаж буй үнэ Японы зах зээлд зарагдах үнэ хэр зөрүүтэй байгаа вэ. Аж ахуй нэгжүүдэд ашигтай байж чадах уу?

-Бид жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдэдээ хандан нэг л зүйлийг хэлж байгаа. Та бүхэн өөрсдийнхөө үнэ цэнэ, хөдөлмөрөө шингээн бүтээсэн бараа бүтээгдэхүүндээ хамгийн боломжит дээд үнийн дүнг тогтоогоорой. Үйлдвэрлэгчийн тогтоосон үнийн дүнгээс тухайн цахим платформынхон ямар нэг төлбөр, худалдан борлуулсны хувь хэмжээг суутгахгүй. Харин үйлдвэрлэгчийн тогтоосон үнийн дүн дээр тодорхой хувийн ашгийг л нэмнэ. Тиймээс жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдэд ямар ч дарамт байхгүй. Тухайн хүн “би бараагаа 100 мянган төгрөгөөр борлуулна” гэхэд уг үнийн дүнгээс ямар нэг төлбөр суутгахгүй гэдгийг л хэлмээр байна.

-10 сая хүртэлх төгрөгийн буцалтгүй тусламжид хэдэн иргэн, аж ахуй нэгж хамрагдаж байна вэ?

-Олон улсын байгууллагуудтай хамтарч байгаа тул тухайн байгууллагуудын нөхцөл шаардлагын дагуу буцалтгүй тусламжид хамрагдахаар хүсэлт гаргасан иргэн, аж ахуй нэгжүүдийг сургалтад хамруулсан. Сургалтын явцад хүсэлт гаргасан иргэдээс “Ковид 19”-ийн нөлөөнд хэрхэн өртсөн, цаашид яг оёдлын чиглэлээрээ дунд болон урт хугацаандаа ажиллах уу, ажлын байр бий болгож чадаж байгаа эсэх, ач холбогдолтой бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадаж байгаа юу гэх мэтчилэн олон чиглэлээр үнэлгээ хийсэн. Ийнхүү хамтарсан багийн үнэлгээ гарсны дараа хоёрдугаар шатны шалгаруулалтыг хийсэн. Тус хамтарсан багийн арав гаруй хүн тухайн иргэн, аж ахуй нэгжийн үйлдвэрлэл эрхэлж буй гэр, ажлын байранд очин уулзалт хийсэн. Ингэхдээ бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ ямар технологи ашиглаж байна, хэдэн хүнийг ажлын байраар хангаж байна зэрэгт нь үнэлгээ өгсөн. Мэдээж эхний шатны сургалтад хамрагдсаны дараах үр дүнг хэмжин, хэр ахиц дэвшил гарсан байна, яг энэ чиглэлээрээ тууштай ажиллах уу, эсвэл зүгээр л буцалтгүй тусламж авах зорилготой байна уу гэх мэтэд үнэлэлт хийн гурван шатны шалгаруулалтаар тодруулсан.

Анх 400 гаруй иргэн, аж ахуй нэгж хүсэлт гарган сургалтад бүртгүүлсэн байдаг. Гэтэл бүртгүүлсэн 400 гаруй хүний 1/3 хувь нь л сургалтад бүтэн хамрагдсан. Хоёр дахь шатны шалгаруулалтаар дахин 20-30 хувь нь хасагдсан байна. Ийнхүү эхний ээлжид 10 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн буцалтгүй тусламж хүссэн 33 хүнийг шалгарууллаа. Хил гаалийн асуудлаас болоод тоног төхөөрөмжөө шууд өгөх боломжгүй байгаа. Хилийн асуудал шийдэгдэн, тоног төхөөрөмж ирэхэд тухайн иргэдэд гардуулан өгнө.

-Сар шинийн баяр бол жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд маш чухал шүү дээ. Энэ үед танай байгууллагаас ямар үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байна вэ?

-Засгийн газраас Сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх уриалга гаргасан. Гэр бүлийн хүрээнд тэмдэглэх хэдий ч ард иргэд маань тодорхой хэмжээний бэлтгэл базаах болов уу. Тиймээс бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид буюу үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг уламжлалт болон цахим үзэсгэлэн худалдаагаар борлуулахаар төлөвлөөд байна. Мэдээж  үзэсгэлэн худалдааг “Ковид 19”-ийн нөлөөллөөс шалтгаалан урт хугацаанд зохион байгуулах боломжгүй. Тиймээс богино хугацаанд хэд хэдэн худалдааны төвүүдтэй хамтран зохион байгуулахаар төлөвлөсөн. Мөн цахим хэлбэрээр ч зохион байгуулна. Хүн бүр үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнээр баярын ширээгээ засах, бэлэг сэлтээ бэлтгэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

-Танд баярлалаа

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet