НИЙГЭМ

Г.Буяндорж: Төрд гарсан махны машинуудыг жирийн иргэн би дийлэхгүй байна

“Ноёд” группийн Ерөнхийлөгч Г.Буяндорж, түүний гэргий МУГЖ Т.Ариунаа нар УЕПГ-ын гадна хугацаагүй суулт зарлаж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ. Тэд прокурорын байгууллага Ёсзүйн хорооныхоо хурлыг хийж, прокурор Ц.Батболд нарын таван прокурорыг ажлаас нь чөлөөлж шалгуулах мөн өөрийг нь залилсан 25 тэрбум төгрөгийн  хэргийг шүүхэд шилжүүлэх шаардлагыг тавилаа. Мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн шүүгч, прокурорын асуудлыг нэн даруй шалгаж, хариуцлага тооцож цэвэрлэхийг хүслээ.

“Ноёд” группын Ерөнхийлөгч Г.Буяндорж “Өнгөрсөн гуравдугаар сард манай гэр бүл Хэлмэгсдийн хөшөөний дэргэд хууль бус прокуроруудыг эсэргүүцэж шаардлага хүргүүлж, жагсаал цуглаан зохион байгуулж байсан. Энэ үеэр ковидын тухай хууль зөрчсөн мэдэгдэл ирсэн учраас Цагдаагийн байгууллагын шаардлагыг хүлээн авч албан ёсоор үйл ажиллагагаа зогсоосон удаатай.

Тэр үед шүүхийн шийдвэрийн дагуу албан ёсны зөвшөөрлийг нь аваад эргэж ирнэ гэж хэлж байсныг та бүхэн санаж байгаа байх. Үүнийхээ дагуу өнөөдөр жагсаалаа эхлүүллээ.

Би 10 жил шалгагдаж, 16 удаагийн шүүх хуралд оролцож, 409 хоног цагдан хоригдсоны эцэст намайг шүүх цагаатгасан

Гуравдугаар сарын 3-ны өдөр өгсөн миний шаардлагын хариу өнөөдрийг хүртэл буюу зургаан сарын дотор ирээгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулинд иргэд төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах эрхтэй. Төрийн байгууллага бол хуулийн дагуу шалган шийдвэрлэх үүрэгтэй гэсэн байгаа. Гэвч энэ хуулийг Улсын прокурор үл тоож байна. Үүнд хариуцлага тооцох цаг нь ирсэн.

Намайг 10 дахь жилдээ шалгалаа. Нийт 16 удаагийн шүүх хуралд оролцсон. 409 хоног цагдан хоригдож, таван зүйл ангиар шалгаж, бүгд Нийслэлийн шүүх дээр очоод цагаатгасан.

Улсын прокурорын орлогч н.Чинбат, Цоодлын Батболд зэрэг албан тушаалтнууд энэ бүхнийг хийсэн. Энэ хүнд прокурорын байгууллага хариуцлага тооцож чадахгүй хэмжээнд хүртлээ ялзарч, гинжин хэлхээнд орж. Ийм л прокурорууд бидний дээр сууж байна. Төрд гарсан махны машинуудыг жирийн иргэн би дийлэхгүй байна” гэсэн юм.

Харин МУГЖ Т.Ариунаа “Өнөөдөр би хань ижлийнхээ төлөө дуугарахгүй бол хэн дуугарах юм бэ. Улсын прокурорын дээд, доод, дунд шатанд байгаа хоёр нүүртэй, бусдын эд хөрөнгийг дээрэмддэг албан тушаалтнуудтайга хэзээ хариуцлага тооцох юм бэ. Хэзээ их цэвэрлэгээ хийх ёстой юэ. Энд нар бусдын эд хөрөнгө дээр бэлэнчилж орж ирчихээд үргэлжлүүлэн байсаар л байх уу.

Айл гэрийн тусгаар тогтнол, гэр бүлийн орон зайд орж ирж бусниулсан шүү дээ. Маш олон хохирсон гэр бүл бидэнд хандсан. Өнөөдөр харагдаж байгаа нь дуучин Т.Ариунаа байж болно.

Бид өнөөдөр үнэхээр ардчилсан нийгэмд амьдарч чадаж байна уу. Шударга ёс тогтоох ёстой байгууллага нь шударгаар ажиллаж чадахгүй байна. Иймд бид луйварчин, хулгайч нартай тэмцэх боно” гэлээ.

2021 оны есдүгээр сарын 15. “Ноёд” группийн Ерөнхийлөгч Г.Буяндорж, МУГЖ Т.Ариунаа нар УПЕГ-ын гадна хонгилын прокуроруудын сүлжээг илчилж, хугацаагүй суулт зарлав. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet