Live
НИЙГЭМ

“Гашуунсухайт боомтын экспортын тээврийн гацааг төрийн албан хаагчид болон удирдлагууд үүсгэж байна”

Цагаан хад хилийн боомтод 270 гэрт 4,000 мянган жолоочийг битүүмжлэн хорьж, тээвэрт явуулахгүй, мөнгө угааж байгаа талаар гэргий нарынх нь төлөөлөл мэдээлэл хийлээ.

Тээвэрчдийн гэр бүлийн төлөөлөл “Хилийн гацааны улмаас бүтэн зургаан сарын турш гэртээ ирээгүй, ээлжээ хүлээсэн жолооч нар байна.

Компаниуд боломжийнхоо хэрээр тээвэрчдээ татдаг болж эхэлсэн. Тээвэрчид тэнд очсон даруйдаа 14-21 хоног тусгаарлагдаад шинжилгээ өгч сөрөг гарвал Цагаан хад руу очдог. Жолооч нарыг хэд хэдээр нь багцалж хуваасныг бөмбөлөг гэж нэрлэдэг болсон. Нэг бөмбөлөгт 15 орчим жолооч багтах бөгөөд нийт 150 орчим бөмбөлөг байгаа. Цагаан хад боомтод тог цахилгаан байхгүй. Жолооч нар очоод тусгаарлалт нэртэй гэрт амьдардаг. Тусгаарлагдах хугацаанд маш их үргүй зардал гарсаар байна.

Одоогоор Цагаан хаданд 5,200 орчим жолооч байгаа. Тэдний тусгаарлалтын зардал өдрийн 100 гаруй мянган төгрөг бөгөөд өдөрт 640 сая, сард 18 тэрбум төгрөгийн үргүй зардал гарч байна. Энэ их мөнгийг зарцуулаад ажилдаа явж байвал болно гэж үзэж болох юм. Гэтэл өдөртөө 100 орчим машин л хилээр гарч байна. Энд компаниуд, тээвэрчид, иргэд хохирч байгаа.

Боомтын зөвлөл, авто тээврийнхэн ярилцаж шийдээд шинжилгээний болон хилээр гарах хуваарийг гаргадаг. Ингэж байтал бөмбөлөг хагарна. Энэ нь нэг бөмбөлөгт байгаа жолооч нарын нэгээс эсвэл хэд хэдээс нь халдвар батлагдахыг хэлдэг. Ингээд л тээвэр гацахад хүрээд байгаа. Энэ асуудлаа хурдан шуурхай шийдэж, тээвэрлэлтээ хэвийн явуулах зохион байгуулалтыг хийгээч ээ гээд Боомтын зөвлөлд хандахаар “Авто тээвэр мэднэ” гэдэг бол Авто тээвэр нь “Бид мэдэхгүй” гээд бултдаг.

Яг үнэндээ энэ гацалтыг төрийн албан хаагчид, удирдлагууд хийгээд байгаа. Тэдний ойр тойрны компаниуд, өөрсдийнх нь хамаарал бүхий машинууд байдаг учраас бусад бөмбөлгөө зориудаар хагалаад өөрсдийн хэдэн машинаа дахин дахин хилээр гаргаад байдаг. Дарга нарын ашиг сонирхлын зөрчил явагдаад байна. Гэтэл 2021 оны зургаа, наймдугаар сард очсон ч одоог хүртэл нэг ч удаа хилээр гарч рейс хийгээгүй жолооч нар тэнд байгаа” хэмээн ярилаа.

Дээр дурдсан асуудлын улмаас тээвэрчдийн гэр бүлийнхэн Шадар сайдад хандахаар болжээ. Тэдний зүгээс Шадар сайд С.Амарсайханыг Цагаан хад боомтод өөрийн биеэр очиж асуудлыг шийдвэрлэхийг шаардаж буйгаа хэвлэлийн хурлын үеэр хэллээ.

Мөн Боомтын зөвлөлд хандан бөмбөлөгт орж чадаагүй жолооч нарын судалгааг гаргаж, Цагаан сараас өмнө хилээр гарган цалин орлоготой болох боломжоор хангахыг шаардлаа.

Маргааш гэхэд хариу өгөхгүй бол тээвэрчдийн гэр бүлийнхэн ганц хэвийн боов аваад, идээ засаад Сангийн яамны гадна суулт зарлана” гэсэн юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet