COVID-19

Вакцины албадлагыг эсэргүүцсэний дараа Мельбурн хотын барилгын талбай хаагдсан байна

Даваа гарагт Австралийн Викториа мужид Ковид-19-ийн вакцины албадлагыг эсэргүүцсэн жагсаал болсны дараа Мельбурн даяар зарим барилгын талбайг хаажээ.

Есдүгээр сарын 23-ны пүрэв гарагаас эхлэн барилгын ажилчид ажлын байранд нэвтрэхийн тулд вакцин хийлгэсэн гэдгээ батлах шаардлагатай болж байгаа бөгөөд уг шийдвэрийг эсэргүүцэн жагссан байна. Энэ үеэр барилгын ажилчид болон бусад жагсагчид мөргөлдсөний улмаас албаны хүмүүс зарим барилгын талбайг хоёр долоо хоног хүртэл хугацаагаар хаахаар шийдвэрлэжээ.

Мөн эд хөрөнгө эвдэрч, цагдаа нар хэд хэдэн хүнийг баривчилсан гэж мэдэгдэв. Даваа гарагт цагдаа нарыг ажиллуулж, олныг тараах зорилгоор резинэн сум, чинжүүтэй шүршигч хэрэглэсэн гэх мэдээлэл байна. Түүнчлэн Австралийн Барилга, ойн аж ахуй, эрчим хүчний холбоо (CFMEU)-ны Виктория дахь салбарын барилга руу дайрч, урд талын шилийг хагалсан байна.

“CFMEU”-ийн зарим гишүүд засгийн газрын вакцины албадлагыг дэмжиж буйгаа илэрхийлж байсан бөгөөд Мельбурн дахь оффис руу хийсэн халдлагыг хүчтэй буруушаажээ. Мөн мөргөлдөөний үеэр албаны хүмүүс рүү шил шидсэний улмаас зарим гишүүд бэртсэн гэж үйлдвэрчний эвлэл мэдэгдэв.

Викториягийн Мастер Барилгачдын Нийгэмлэг фэйсбүүк хуудсандаа нийслэл Мельбурн, Гилонг, Серф Коуст, Балларат, Митчелл Шире хотод барилга, барилгын үйлдвэрлэлийн бүх газруудыг даваа гарагийн шөнө дундаас эхлэн хаах ёстой гэж мэдэгджээ. Гэхдээ бүс нутгийн удирдлагууд арга хэмжээгээ цуцалбал барилгын талбайг эрт нээх боломжтой гэж холбооноос нэмж хэлэв.

Түүнчлэн мягмар гарагт эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах гэж хэдэн зуун хүн Мельбурн хотод цугларч, гал асааж, сэтгүүлчид рүү шээс цацсан гэх мэдээлэл байна.

Жонс Хопкинс их сургуулийн хамгийн сүүлийн үеийн мэдээллээр тус улсад өнөөг хүртэл Ковид-19-ийн 87,000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 1,167 хүн нас барсан байна. Мельбурн, Сидней, Канберра хотуудад “Дельта” хувилбарын тохиолдол хурдацтай нэмэгдэж байна.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet