ДЭЛХИЙН МЭДЭЭ

Барууны орнууд Оросын мөргөлдөөний талаар сэрэмжлүүлсний дараа Украины засгийн газрын вебсайтууд томоохон кибер халдлагад өртөв

Пүрэв гарагийн орой Украины засгийн газрын вебсайтууд кибер халдлага өртөж, баасан гарагийн өглөө зарим вебсайтад нэвтрэх боломжгүй байсан бөгөөд Киев мөрдөн байцаалт хийж эхэлжээ.

Украины ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч “Reuters” агентлагт хэлэхдээ уг халдлагын ард хэн байж болохыг хэлэхэд эрт байна, гэхдээ өмнө нь Орос ийм цохилт хийж байсан гэж мэдэгдэв.

Кибер халдлага нь Гадаад хэргийн яам, Сайд нарын танхим, Аюулгүй байдал, батлан ​​хамгаалах зөвлөл зэрэг байгууллагуудыг онилсон бөгөөд сүүлийн өдрүүдэд Киев болон түүний холбоотнууд Украины эсрэг Оросын шинэ цэргийн довтолгооны талаар түгшүүр зарлаад байсан юм.

“Украйн! Танай бүх хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд байршуулсан. Компьютер дээрх бүх өгөгдөл устгагдсан, үүнийг сэргээх боломжгүй. Та нарын тухай бүх мэдээлэл олон нийтэд ил болсон, хамгийн муу зүйл болохоос айж, хүлээж байгаарай. Үүнийг танай өнгөрсөн, одоо, ирээдүйд зориуллаа” гэсэн утга бүхий Украин, Орос, Польш хэлээр бичсэн захидал засгийн газрын веб сайтуудад харагдаж байжээ.

Энэ долоо хоногт болсон Европын аюулгүй байдлын асуудлаар үр дүнд хүрээгүй яриа хэлэлцээрийн дараа ОХУ-ын цэрэг Украин руу довтлох аюул өндөр байгааг АНУ пүрэв гарагт анхааруулсан билээ.

Украйны аюулгүй байдлын дээд албан тушаалтан кибер халдлагын талаар “Reuters” агентлагт хэлэхдээ “Оросын Холбооны зүгээс ийм өдөөн хатгалга гарч болзошгүйг кибер аюулгүй байдлын бүх субъектууд мэдэж байсан. Тиймээс эдгээр үйл явдалд хариу арга хэмжээ авч байна” гэжээ.

Хожим нь засгийн газар нөлөөлөлд өртсөн ихэнх сайтуудыг сэргээсэн бөгөөд хувийн мэдээлэл хулгайлагдаагүй гэж мэдэгдэв. Мөн халдлагыг өртүүлэхгүйн тулд засгийн газрын бусад хэд хэдэн вебсайтыг хаасан байна.

2014 онд Москва Крымийг өөртөө нэгтгэж, мөн онд Украины зүүн хэсэгт Киевийн арми болон Оросын дэмжлэгтэй салан тусгаарлагчдын хооронд дайн дэгдсэний дараа Украин, Оросын харилцаа тасарсан юм.

АНУ пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ Орос улс Украины эсрэг шинэ цэргийн дайралт хийх шалтаг гаргахаар оролдож байгаа талаар мэдэгдэв.

Мөн Кремлийн зүгээс аюулгүй байдлын талаар тохиролцоонд хүрэхгүй бол “гамшгийн үр дагавар” гарч болзошгүйг анхааруулсан.

Украйн улс 2014 оноос хойш хэд хэдэн кибер халдлагад өртөж, эрчим хүчний хангамж тасалдаж, супермаркетуудын кассын систем, банкнуудын мэдээллийн технологийн систем гацаж байсан.

Энэ халдлагуудыг Украин болон түүний холбоотнуудын эсрэг Оросын “хосолмол дайн”-ын нэг хэсэг гэж Украин үздэг байна.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet