МОНГОЛЫН ГЭРЭЛ ЗУРАГЧДЫН НЭГДСЭН ХОЛБОО

Байгальд ууссан ЦЭЭПИЛ

-ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ, АХМАД ГЭРЭЛ ЗУРАГЧИН Б.ЦЭЭПИЛ-

“Архангайн Цээпил” хэмээн гэрэл зурагчдынхаа дунд хүндлэгдэх энэ эрхэм тэртээ 1990 оноос гэрэл зурагтай заяа холбожээ. Өдгөө 63 настай тэрбээр байгаль ээж, тэр дундаа арын сайхан Хангай нутгаа өөд уруугүй “дуран”-даж явдаг билээ.

Хүүхэд ахуйгаас гэрэл зурагт дурласан Цээпил ах идэр залуу насандаа бусдын зургийн аппаратыг гуйж сүүдэрлэдэг байгаад 1995 оноос өөрийн гэсэн “эд”-тэй болжээ. Эхний жилүүдэд үйлчилгээний чиглэлд ажиллаж, байгууллага, хамт олны зураг авдаг байсан бол сүүлийн 10 жилд байгалийн гэрэл зурагт уусч, мөн монгол ахуйгаа түлхүү кадрладаг болсон.

2017 онд бие даасан “Миний дуранд” уран бүтээлийн үзэсгэлэн Архангай аймгийн Нийтийн номын санд гаргаж байсан бөгөөд архиваасаа сайтар шүүсэн 140 бүтээлээ сорчилж дэлгэсэн байдаг. Мөн “Үзэсгэлэнт Архангай”, “Арын сайхан Хангай”, “Чулуут бидний өлгий нутаг” нэртэй гэрэл зургийн цомгийг хэвлүүлээд буй.

МГЗНХ-ноос 2021 онд төрийн дээд одон, медаль хүртсэн гэрэл зурагчдаа танилцуулж байна. МГЗНХ-ны Архангай аймгийн салбар зөвлөлийн тэргүүн Б.Цээпил.

Түүнд гэрэл зургийн 25 жилийн туршлага бий. Тэр дундаа байгалийн гэрэл зураг сонирхож эхэлснээс хойш аймгийнхаа үзэсгэлэнт байгалийн сайхныг тольдсоор явна. Тэрбээр “Архангай аймгийнхаа бүх сумдаар явсан. Ахуй, хөшөө дурсгал, байгалийн зураг гээд олон тойрлоо. Ер нь жил бүр тойрч зураг авдаг. Байгалийн гэрэл зураг гэдэг нэг аваад дуусчихдаг ажил биш учраас дахин дахин явна. Зургийн зохиомжийг төлөвлөж гарна. Зураг авахад цаг хугацаа, цаг агаар их чухал. Сайхан бүтээл авах гэж зорих үед 2-3 өдрийг зарцуулах нь бий” гэж хуучилсан юм.

Өдгөө тэрбээр 2023 онд тохиох Архангай аймгийн 100 жилд зориулсан түүхэн гэрэл зургийн цомог гаргахаар бэлтгэл ажилдаа оржээ.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, ахмад гэрэл зурагчин Б.Цээпилийн бүтээлээс…

Түүний гэргий С.Баасанбат мөн ханиа дагаж гэрэл зурагт дурлажээ. Тэрбээр “Хүмүүс гэрэл зурагчдыг хараад их амар ажил гэж бодох нь бий. Гэтэл мэргэжлийн гэрэл зурагчны ажил амаргүй.

Нөгөөтэйгүүр байгалийн зураг гэдэг нэг дараад сэтгэл ханадаг эд биш аж. Байнга л бодогдож нэг очсон газраа дахин дахин очих хүсэл төрдөг дөө” гэсэн юм.

May be an image of 2 people, people standing and flower

Гэргий Б.Баасанбатын бүтээлээс…

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet