АФГАНИСТАН

АФГАНИСТАН: Талибаны удирдагчдын дунд томоохон маргаан гарчээ

Талибан бүлэглэлийн удирдагчдын хооронд томоохон маргаан гарсан гэж Талибаны өндөр албан тушаалтнууд ВВС агентлагт ярьжээ. Маргаан Талибаны үүсгэн байгуулагч Мулла Абдул Гани Барадар болон Хаккани бүлгийн зүтгэлтэн Халил ур-Рахман Хаккани нарын хооронд өнгөрсөн долоо хоногийн сүүлээр болсон гэж мэдэгдэв.

Талибанчууд өнгөрсөн сард Афганистаны хяналтандаа авсан бөгөөд үүнээс хойш тус улсыг “Исламын Эмират улс” хэмээн тунхаглаж шинэ засгийн газрын танхимаа зарласан. Талибаны ахмад зүтгэлтнүүдээс бүрдсэн шинэ засгийн газрын ерөнхий сайдын орлогчоор Барадар томилогдсон бол сүүлийн хорин жилийн хугацаанд АНУ-ын цэргүүд рүү дайралт хийсэн гэдгээрээ алдартай Хаккани сүлжээний зүтгэлтэн Халил ур-Рахман Хаккани дүрвэгчдийн асуудал хариуцсан сайдаар томилогдсон юм.

Эх сурвалжийн мэдээлснээр, талууд Афганистан дахь ялалтын гавьяаг булаацалдсаны дараа дэмжигчид нь хоорондоо маргалджээ. Мөн Барадар түр засгийн газрын бүтцэд сэтгэл хангалуун бус байгаагаас үүдэн маргаан гарсан гэж өөр нэг эх сурвалж мэдэгдэв. Барадар дипломат харилцаанд онцгой анхаарал хандуулсан гавьяаг нь онцлох хэрэгтэй гэж үзэж байгаа бол эсрэг тал Хаккани бүлэглэлийн хийсэн тэмцлийн үр дүнд Афганистанд ялалт байгуулсан гэж үзэж байна.

Талибанчуудын хамгийн алдартай нүүр царай болох Барадар харагдахаа больсноос хойш түүнийг нас барсан байж магадгүй гэсэн таамаг олон нийтийн сүлжээнд тарсан. Харин Талибанчууд Барадарыг аюулгүй байгаа бөгөөд Талибаны дээд удирдагчтай уулзахаар Кандагар руу явсан гэж мэдэгдсэн боловч дараа нь түүнийг “ядарсан тул амрахаар явсан” гэж өөрөөр тайлбарлажээ. Үүний зэрэгцээ Барадар амьд гэдгээ нотлохын тулд аудио бичлэг цацсан байна.

Олон афганчууд Талибаны үгэнд эргэлзэх хангалттай шалтгаан байгаа гэж үзэж байна. 2015 онд тус бүлэглэл үүсгэн байгуулагч Мулла Омарын үхлийг хоёр жил гаруй хугацаанд нуун дарагдуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ хугацаанд түүний нэрээр мэдэгдэл хийсээр байсан юм. Түүнчлэн хэзээ ч олон нийтийн өмнө харагдаж байгаагүй Талибаны дээд командлагч Хибатулла Ахундзадагийн талаар янз бүрийн таамаглал байсаар байна.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet