ШИНЖЛЭХ УХААН

Ангараг гариг дээрх Валлес Маринерис хавцлаас “их хэмжээний ус” олджээ

Ангараг гаригт Гранд Каньон (Их хавцал) шиг хавцал байдаг бөгөөд энэхүү гайхалтай онцлог бүтэцтэй газар нь “их хэмжээний ус”-тай болохыг олж илрүүлсэн гэж Европын сансар судлалын агентлаг мэдээлэв.

2016 онд Европын сансрын агентлаг болон Роскосмос нарын хамтран хөөргөсөн “ExoMars Trace Gas Orbiter” тойрог замын хөлөг нь Ангараг гариг ийн “Valles Marineris” (Валлес Маринерис) гэж нэрлэгддэг хавцлаас усыг илрүүлжээ. Энэхүү хавцлын систем нь АНУ-ын Их хавцлаас 10 дахин урт, тав дахин гүн, 20 дахин өргөн юм.

Ус нь хавцлын гадарга доор байдаг бөгөөд үүнийг хөлгийн “FREND” төхөөрөмж буюу нарийн нягтралтай эпитермал нейтрон илрүүлэгчээр илрүүлсэн байна. Энэхүү төхөөрөмж нь Ангарагийн хөрсний дээд хэсэгт (3.28 фут) устөрөгчийн зураглал хийх чадвартай.

Ангараг гараг дээрх ихэнх ус гаригийн туйлын бүсэд оршдог бөгөөд хөлдсөн төлөвтэй байдаг. Харин Валлес Маринерис нь экваторын яг өмнөд хэсэгт оршдог бол энд температур нь ихэвчлэн хангалттай хүйтэн байдаггүй учир ус мөсний төлөвт удаан хадгалагдах боломжгүй. Энэ нь эрдэмтдийн анхаарлыг татаж байгаа юм.

“ExoMars” хөлөг 2018 оны тавдугаар сараас 2021 оны хоёрдугаар сарын хооронд уг ажиглалтын мэдээллийг цуглуулсан байна. Өмнө нь бусад тойрог замын хөлгүүд Ангараг гаригийн доороос ус хайж, Ангарагийн тоосон доороос бага хэмжээний ус илрүүлж байсан. Шинэ судалгааны үр дүнг лхагва гарагт Икарус сэтгүүлд нийтэлжээ.

“Тойрог замын хөлгийн тусламжтайгаар бид тоостой давхаргын доор нэг метр хүртэл ажиглалт хийж, Ангараг гаригийн гадаргаас доош яг юу болж байгааг харж, хамгийн чухал нь өмнөх багаж хэрэгслээр илрүүлж чадаагүй усаар баялаг баян бүрдүүдийг олох боломжтой” гэж “FREND” нейтрон телескопын гол судлаач, судалгааны ажлын зохиогч Игорь Митрофанов мэдэгдэлдээ дурджээ.

Тэрээр “FREND” нь асар том Валлес Маринерис хавцлын системд ер бусын их хэмжээний устөрөгч байгааг илрүүлсэн: бидний харж буй устөрөгч нь усны молекулуудтай холбоотой гэж үзвэл энэ бүс нутгийн гадаргуугийн материалын 40 хувь нь ус юм байх магадлалтай” гэв.

ОХУ-ын ШУА-ийн Сансар судлалын хүрээлэнгийн ахлах эрдэмтэн, судалгааны хамтран зохиогч Алексей Малахов “Хөрсөнд хэр хэмжээний ус агуулагдаж байгааг түүний ялгаруулж буй нейтроноос дүгнэж болно. Учир нь “галактикийн сансрын туяа” гэгддэг өндөр энергитэй бөөмс Ангараг гаригт тусах үед нейтрон ялгардаг бөгөөд хуурай хөрс чийгтэй хөрснөөс илүү их нейтрон ялгаруулдаг юм” гэж мэдэгджээ.

Валлес Маринерисд хийсэн энэхүү нээлт нь ихээхэн ач холбогдолтой. Учир нь эндээс илрүүлсэн ус нь урьд өмнө илрүүлсэн бусад гүний усны эх үүсвэрээс хамаагүй их хэмжээтэй бөгөөд илүү хүртээмжтэй байх төлөвтэй байна.

“Өнөөгийн Ангараг гаригт ус хэрхэн, хаана хадгалагдаж байгаа талаар илүү ихийг мэдэх нь Ангараг гаригт юу тохиолдсоныг ойлгоход чухал ач холбогдолтой бөгөөд энэ нь Ангараг гаригт хүн амьдарч болох орчин, өнгөрсөн амьдралын шинж тэмдэг мөн органик материал олж илрүүлэхэд тусална” гэж “ExoMars Trace Gas Orbiter” төслийн эрдэмтэн Колин Вилсон мэдэгдэлдээ дурджээ.

2022 онд Европын “Rosalind Franklin” ровер болон Оросын гадаргуу дээр ажиллах “Kazachok”-ийг хөөргөх бөгөөд 2023 онд Ангараг гаригт газардах юм. Ровер нь Ангараг гаригт хэзээ нэгэн цагт амьдрал оршин тогтнож байсан эсэхийг илрүүлэх органик материалыг хайж олохын тулд Ангараг гаригийн гадаргыг өрөмдөхөөр төлөвлөжээ. Ровер нь эртний шаварлаг чулуулгаар баялаг Оксиа Планум гэгддэг газарт судалгаа хийнэ.

Эх сурвалж: CNN

1 сэтгэгдэл

  1. Ог

    2021-12-17

    Сонирхолтой манай эрдэмтэд мундаг юмаа.Ангараг гаригт амьдрал байгаа байх

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet