ЯРИЛЦЛАГА

Ө.Гандулам: Цэцэг зурна гэж төсөөлж байсангүй

Уран бүтээлч тус бүтээлүүдээ 2018 онд туурвисан бөгөөд аливаа юмс үзэгдлийн гадаад үзэмж бус дотоод мөн чанарын тухай өгүүлэхийг зорьсон түүний үзэсгэлэнгийн тухай ийн хөөрөлдөв.

“Norphei” галерейн зүүн жигүүрт үзмэн ягаан өнгө давамгайлсан бүтээлүүдийг өлгөсөн бол хойморт нь ягаан, шар, ногоон зэрэг хурц, тод өнгийн цэцэгсийг, баруун жигүүрт саарал, шаргал зэрэг бараандуу өнгө зонхилсон бүтээлийг уусгаж өржээ. Уран бүтээлч тус бүтээлүүдээ 2018 онд туурвисан бөгөөд аливаа юмс үзэгдлийн гадаад үзэмж бус дотоод мөн чанарын тухай өгүүлэхийг зорьсон түүний үзэсгэлэнгийн тухай ийн хөөрөлдөв.

“Цэцэглэхүй” үзэсгэлэнгээ гаргасан танд баяр хүргэе. Урин хавартай зэрэгцээд сэтгэл сэргээсэн сайхан бүтээлүүд олон харагдлаа. Энэ удаагийнх таны бие даасан долоо дахь үзэсгэлэн байх аа?

-Баярлалаа. Тийм ээ, харин “Norphei” галерейд гаргаж буй хоёр дахь үзэсгэлэн юм. Өөрөөр хэлбэл, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд хоёр дахь жилдээ энд бүтээлээ дэлгэж байна. Зорилго нь амьдралын хүнд хүчрийг нуруундаа үүрч, өөртөө цаг зав бага гаргадаг эмэгтэйчүүддээ баяр баясгалан бэлэглэх юм л даа. Өнгөрсөн жилийн үзэсгэлэнг хүмүүс маш сайхан хүлээж авсан. Нөгөө талаас эмэгтэй уран бүтээлч хүн бүсгүй хүний сэтгэлийг илэрхийлж зурах нь их сонирхолтой байдаг. Үзэсгэлэн болгон өөрийн гэсэн онцлог хэв шинжтэй. Энэ удаагийн үзэсгэлэн өнгөөр илэрхийлэх сэтгэлийн хэв шинжийн тусгал гэж болохуйц юм.

-Цэцэг гэдэг яах аргагүй амьд ертөнцийн нэгэн гоёл чимэг нь мөн. үүнийг “Norphei” галерейд дэлгэсэн таны үзэсгэлэнгээс ч тод мэдэрлээ. Эмэгтэй зураачийн хувьд цэцэг зурах яг тэр мөчид ямар мэдрэмжээр бийрээ барьдаг бол?

-Дүрслэх урлагтай холбогдсон 30 жилд би өөрийгөө цэцэг зурна гэж хэзээ ч бодож байсангүй. Нуулгүй хэлэхэд, цэцэг л бол цэцэг гэж хардаг байж. Гэтэл тухайн сэдвийг судлаад, зураад өөрөөрөө дамжуулан гаргана гэдэг их урт хугацааны процесс юм байна. Цэцгийг ч тийм амархан илэрхийлчихдэг зүйл биш аж. Олон өнгө, олон хөдөлгөөн… энэ бүхнээр дамжуулан хүмүүст хэрхэн эерэг энерги түгээж болох вэ гэдэг талаасаа зорьж зурсан. Яаж урлаг болгох вэ, хүн хүлээж авахдаа “Цэцэг харчихлаа, гоё өнгөтэй юм байна” гэж бодохоос илүүтэй өнгөөр дамжуулан сэтгэлээ засах нь чухал гэдгийг бодолцсон. Мөн энгийн нэгэн цэцгээр дамжуулан юу илэрхийлж болох вэ гэдэг нь ч таавар мэт санагдсан хэрэг. Өөрөөр хэлбэл, зураач хүн насан туршдаа суралцсаар л байдаг. Миний хувьд шат, шатны сургуульд нь суралцсан ч өдөр тутамдаа суралцсаар байна, болоогүй л явна.

Image may contain: plant, flower, tree, outdoor and nature

-Та 30 гаран жил зурж, дүрслэх урлагийн салбарт ажиллажээ. Хамгийн анх уран зургийн бийр барьсан тэр өдрийг эргэн дурсаач?

-Гарт минь зургийн бийр анх бариулсан хүн бол миний аав. Аав минь Багшийн дээдийн зураг, хөдөлмөрийн ангийг 1974 онд төгссөн. Аав минь тухайн үеийн хамгийн алдартай зураач нар хичээл заадаг байсан гэлцдэг. Мөн дугуйланд явж дүрслэх урлаг, зурна гэдэг ямар гоё зүйл вэ гэдгийг мэдэрч, ДУДС-д МУУГЗ, зураач Я.Оюунчимэг багшийн ангид дүрслэх урлагийн тэр дундаа зураасан зургийн анхны суурь боловсролоо авсан нь насан туршийнх болон үлдсэн хэрэг. Зураасан зураг гэдэг маань бар зургийн бүх төрлийг багтаасан байдаг. Модон бар, төмөр бар, хулдаасан бар гэх мэт. Тухайн материал дээрээ сийлбэрлэн ухаж, хэвлэх хүртэл олон үе шат дамжлагаар бүтээл хийдэг амаргүй мэргэжил. Модон барыг сонирхон мэргэшиж бүтээл хийдэг байсан. Ингээд 1995-2001 онд ОХУын Москва хотын В.Суриковын нэрэмжит Уран зургийн академийг суурь уран зургийн мэргэжлээр төгсөж ирээд сургуульдаа багшлахын зэрэгцээ бүтээлээ хийж байна. Арав гаруй жил суралцаж, энэ дайтай олон жил багшилжээ.

Хүн сурна гэдэг нэг өөр асуудал, амьдрал дээр гараад бүтээл хйих үед сурч мэдээгүй олон зүйлтэй тулгарсаар л байдаг. Эргээд бодоход суурь уран зургийн төрлөөр хөрөг, байгаль, чөлөөт зохиомж, эмэгтэйчүүдийн дүр дүрслэлийн тухай зураг цөөнгүй зуржээ. Сүүлийн үед өнгийн зохиомж тэр дундаа задгай орон зай дахь өнгийн хэв шинжийг илэрхийлсэн чөлөөт бичилт бүхий зургууд зурж байна. Өнгийн ялгагдах болон илэрхийлэгдэх хэв шинжийн тухайд заавал тодорхой өгүүлэмжид баригдалгүйгээр зурах дуртай болсон.

-Соёл урлагийн салбарт түүхэн сэдэв нэлээд сэргэж байна. Түүхэн кино, ном зохиол, роман гээд. Таны ярианд дурьдагдсанаар яг аль цаг үеийг сэргээн зурж, судалж байна вэ?

-Одоогоос 100 жилийн өмнөх Монгол хүмүүсийн хэв шинжит дүр, тэдний дотоод ертөнцийг сонирхон судалж байгаа. XIX зууны эхэн үе, хувьсгалын эхэн үеийн тухай. Тэр үеийн хүмүүсийн амьдрал их сонин санагддаг юм. Өвөө маань лам хүн байгаад хожим нь хар хүн болсон, эмээ маань 1905 онд төрсөн бөгөөд олон жил бидэнтэй хамт амьдарсан. Энэ мэт удам судраа сөхөөд үзэхээр гарцаа байхгүй өнгөрсөн цаг хугацаанд оччихдог. Эдэлж хэрэглэж байсан зүйл нь бидэнд өвлөгдөөд ирчихсэн байх жишээтэй. Энэ мэт өөрт байгаа зүйлдээ түшиглээд зургийн санаагаа олдог.

-Та багшилж байх хугацаандаа бар зургийн төрлүүдийг оюутнуудад заадаг байсан. Бараг мартагдах шахуу болчихсон энэ төрлийг оюутнууд хэр сонирхож, тууштай авч үлдэж байх юм?

-Төмөр, хулдаасан бар, модон барыг сургалтандаа түлхүү ашиглаж, шавь нараа бэлдсэн. Тэр дундаа модон барын аргыг онцгойлон авч үзсэн. Монголчууд модон барыг нэн эртнээс буюу X зууны үеэс л бурханы зураг ном хэвлэлд ашиглаж ирсэн түүхтэй. Монголчуудын бар зургийн уламжлалыг сөхөн модон бар бол хаана ямар ч орчин нөхцөлд гар аргаар хэвлэх боломжтойг бодолцон сургалтанд түлхүү зааж ирсэн. Миний хувьд 14 жил зураасан зургийн багшаар ажилласан. Энэ хугацаанд 40 орчим шавь бэлдсэн. Оюутнуудын хувьд тун сайн суралцдаг. Түрүүчээсээ бүтээлээ хийгээд явж байна. Харамсалтай нь Монголын өнөөгийн нийгэмд бар зургийн төрлийг ойлгож хүлээж авах нь бага. Гэхдээ сүүлийн жилүүдэд багагүй өөрчлөлтүүд гарч байгаа гэж бодож явдаг.

-Ингэхэд зураач хүнд ертөнц ямар харагддаг юм бол?

-Үргэлж бодно, бясалгана, хэм хэмжээг маш сайн мэднэ. Зурагтай холбогдсоноор дотоод сэтгэлийн амар амгалан, аз жаргалыг мэдэрдэг. Орчин тойрноо байнгын сэрж, мэдэрч хүлээж авна. Дээрээс нь зураач сэдвээ судлахын тулд их маш их уншдаг. Оросууд бол зураач хүн бүгдийг чаддаг гэж үздэг. Тиймдээ ч маш их хүндэтгэж хүлээж авдаг.

-Зураачийн бүтээл таны сэтгэл зүйгээс хамаарах нь дамжиггүй. Өнөөдөр эхэлсэн бүтээл маргаашийн араншингаас тань шалтгаалж өөрчлөгдөх тохиолдол бий биз?

-Ийм тохиолдол байлгүй яахав. Чиний хэлсэнчлэн эргэлзсэн зураг байдаг. Зарим бүтээл жил дамнаад үргэлжлэх нь ч бий. Ингээд ирэхээр цаг хугацааны аясаар анхны санаа өөрчлөгдөж өөр санаа нэмэгдэх нь бий.

-Уран зургаас өөр урлагт дурлаж байв уу?

-Залуу байхдаа яруу найрагч найзуудаасаа их суралцдаг байв. Л.Өлзийтөгс зэрэг олон найрагч нөхдөөсөө уран зохиол яруу найргийн гайхамшигийг сонсдог байсан. 1990-ээд оныхон чинь зураачид нь зургаа, найрагчид нь яруу найргаа яриад л сууна. Мөн сонгодог хөгжимд их дуртай.

No photo description available.

-Шүлгэнд зориулж зураг зурсан уу?

-Хараахан үгүй. Надад Японы хайку шүлэг их сонирхолтой санагддаг юм. Маш гүн утга агуулгатай. Би боддог юм. Тухайн шүлгэнд бэхэн зураг маягаар зурж үзэхсэн гэж. Эргээд санахад хүүхэд байхдаа Достоевскийн “Цагаан шөнө” зохиолын үйл явдлыг үзгээр зурж байсан тохиолдол бий юм байна.

-Одоо яг ямар бүтээл дээр ажиллаж байна?

-Хэд хэдэн цуврал бүтээл дээр. Дөнгөж санаа эскиз дээрээ явж байна.

-Өөрийнхөө хөргийг зурж байв уу?

-Зуръя гээд завдахгүй л яваад байна.

-Ярилцсан танд баярлалаа.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Most Popular

To Top