СОЁЛ УРЛАГ

Соёлын өвийн салбараа сэхээрч нэг анзаараач

Соёлын өвийн төвийн эд хөрөнгө, нөөц бололцоон дээр түшиглэн Соёлын өвийн үндэсний төвийг 2017 онд байгуулжээ.

Соёлын өвийн төвийн эд хөрөнгө, нөөц бололцоон дээр түшиглэн Соёлын өвийн үндэсний төвийг 2017 онд байгуулжээ. Үндэсний өв соёлыг хайрлан хамгаалах үүрэгтэй байгууллага нэршлээ өөрчилж өргөжин тэлсэн нь энэ юм. Байгууллагын хувьд түүх, соёлын биет болон биет бус өвийг хамгаалах, бэхжүүлж сэргээн засварлах, бүртгэн баримтжуулах чиглэлээр ажилладаг эрдэм шинжилгээний газар бөгөөд улсдаа ганц төв гэдгийг энд онцолъё. 


Соёлын төв өргөөний зүүн үзүүрийн хоёр давхарт байрлах Соёлын өвийн үндэсний төв өргөжөөд 30 орчим ажилтантай. Улс, нийслэлийн хэмжээний 38 музейгээр зогсохгүй археологи, палентлогийн олдворуудыг бүртгэн авч, сэргээн засварлаж, авран хамгаалдаг. Ингээд бодохоор орон тооны 30 ажилтан хаана ч хүрэлцэхгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой биз ээ. Ажилтнуудынхаа орон тоог нэмье гэхээр наанадаж багтах зай талбайгүй, цаанадаж энэ салбарын мэргэжлийн боловсон хүчний асуудал хүндхэн байна.

БАЙРНЫ ТҮРЭЭСЭНД САРД 1.7 САЯ ТӨГРӨГ ТӨЛДӨГ
Соёлын өвийн үндэсний төвийн одоо байрлаж байгаа Соёлын төв өргөөг тухайн үед ЗХУ-ын санхүүжилтээр барьсан гэдэг. Гэвч энд суурьшсан төрийн байгууллагууд түрээс төлдөг аж. Тухайлбал, Соёлын өвийн үндэсний төв түрээсийн төлбөр гэж сар бүр 1.7 сая төгрөг төлдөг байх юм. Жилдээ 20.5 сая төгрөг түрээсэнд төлж байна. Уг нь Хан-Уул дүүргийн Яармагт зориулалт бүхий 8000 орчим ам.метр талбай бүхий шинэ байр барьж, дуусах шатандаа орсон ч дулааны шугамын ажил дуусаагүй шалтгаанаар хүлээлтийн байдалтай өдийг хүрчээ. Энэхүү барилгын ажил одоогоос дөрвөн жилийн өмнө эхэлсэн юм билээ.

ЮНЕСКО-Д 14 ӨВ БҮРТГҮҮЛЭЭД БАЙНА
Соёлын өвийн үндэсний төвийн үйл ажиллагааны хүрээнд хийгдсэн томоохон ажлуудын нэг нь соёлын биет бус өвийг ЮНЕСКО-д бүртгүүлсэн явдал. Монгол Улс  ЮНЕСКО-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны Конвенц”-д 2005 онд нэгдэн орсон бөгөөд 2008-2018 оны хооронд ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний төлөөллийн болон Яаралтай хамгаалах жагсаалтад 14 өвөө бүртгүүлээд байна.ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад:
1. Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг (2008)
2. Монгол ардын уртын дуу (2008)
3. Монгол наадам (2010)
4. Монгол ардын хөөмэйн урлаг (2010)
5. Шувуулахуй буюу бүргэдээр ан хийх зан үйл. Ингэхдээ 12 улстай хамтран бүртгүүлсэн (2010)
6. Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл (2013)
7. Шагайн харваа (2014)
ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах соёлын биет бус өвийн жагсаалтад:
1. Монгол тууль (2009)
2. Монгол бий биелгээ, уламжлалт бүжгийн урлаг (2009)
3. Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг (2009)
4. Монгол лимбэчдийн уртын дуу тоглох уламжлалт арга барил-битүү амьсгаа (2011)
5. Монгол уран бичлэг (2013)
6. Ингэнд ботго авахуулах зан үйл (2015)
7. Уул овоо тахих монгол зан үйлийг (2017) тус тус бүртгүүлээд байгаа аж. 

Соёлын өвийн үндэсний төвийн Бүртгэл, судалгааны газрын дарга М.Цэцэнбилэг тус байгууллагын бүртгэлд 316 мянган хөдлөх өв, 89 мянган үл хөдлөх өв, 8383 өвлөн тээгч, 98 соёлын биет бус өв бүртгэгдээд байгаа гэсэн юм. Харин Соёлын өвийн үндэсний төвийн Авран хамгаалах газрын дэлхийн өвийн дурсгал хариуцсан мэргэжилтэн Ц.Цолмонгоос цаашид ЮНЕСКО-д бүртгүүлэхээр зэхэж буй ямар өв буйг лавшруулахад, “2020 онд хөхүүрийн айраг эсгэх уламжлалт арга технологийг бүртгүүлэх ажлыг эхлүүлсэн. Бүртгүүлэхийн тулд конвенцийн гишүүн улсууд буюу оролцогч улсуудад, конвенцийн нарийн бичгийн дарга нарт номинацийн мэдээллээ хүргүүлдэг юм. Энэ хүрээнд хөхүүрийн айргийг бүртгүүлэхээр 2015 оноос хойш нэмэлт сайжруулалтыг нь хийгээд явж байна. Түүнчлэн жил болгон конвенцийн хороо болон нарийн бичгийн газрын дэргэдэх үнэлгээний хороо манай улсаас очсон материалуудыг шалгаад, нэмэлт засвар хэрэгтэй бол бидэнд явуулдаг. Энэ хүрээнд манай талаас засвар, сайжруулалтаа хийгээд байна. Хамгийн сүүлд 2018 оны арванхоёрдугаар сард засвар оруулсан. Одоогоор хүлээлтийн байдалтай байна” гэсэн юм.

БОЛОВСОН ХҮЧНИЙ ГАЧИГДАЛ…?
Соёлын өвийн үндэсний төвийн тулах цэг бол соёлын өвийн Авран хамгаалах газар юм. Газрын дарга Г.Анхсайхантай цөөн хором ярилцлаа. 
-Газрынхаа чиглэл, үүргийн талаар танилцуулаач?
-Манай газар нь соёлын өвийг авран хамгаалах чиг үүрэгтэй. Өмнө нь буюу Соёлын өвийн төв байхдаа архелогийн дурсгалт газруудыг авран хамгаалах чиглэлд түлхүү ажиллаж, ярьж байсан. Соёлын өвийг бүхэлд нь хамгаалах тал дээр туршлага багатай байлаа. Харин одоо тухайлсан чиглэлийн хүрээнд явж байна. Нэгдүгээрт, авран хамгаалах ажлыг төлөвлөгөөт, цаг үеийн гэж ангилах болсон. Цаг үеийн байдлаар гэдэг нь энд, тэнд гэнтийн зүйл олддог, мөн нурж гэмтсэн үед өөрсдийн хүчээр очдог, бусад чиглэлийн байгууллагуудтай хамтардаг байх жишээтэй.
-Тухайлбал ямар олдвор дээр ажиллаж байв?
-2018 оны эхээр Увс аймгийн Давст сумаас давсны уурхай, эртний шарил олдсон. Тэр үед бид Түүх, археологийн хүрээлэнгийхэнтэй очоод газар дээр нь ажиллаж, энд авчирсан байна. Одоо сэргээн засах, судлах ажлыг хийж байна. Төлөвлөгөөтэй ажил гэвэл манай төв дээр байгаа улсын нэгдсэн мэдээллийн сан дээр анализ хийгээд цаашид соёлын өвүүдээ хэрхэн авран хамгаалах вэ гэдэг дээр ажиллаж байгаа юм. Биет бус өв дээр Улаанбаатар хотод байгаа өвлөн уламжлагчид буюу хүнээс нь судалгаа авлаа. Өмнө нь бол өв рүү нь чиглэдэг байсан. Харин одоо хүн рүү нь чиглэж байна. Өв маань өвлөн уламжлагчдаар дамждаг учраас анхаарах нь зүйтэй юм. Ямар өвчин хуучтай байна, нийгмийн халамж баталгаа нь ямар байна гээд судалсан. Судалгаанаас гарсан үр дүнг бодлого шийдвэр гаргах улсуудад нь хүргэх ажил хийж байгаа. Дараагийн нэг асуудал нь хөдлөх дурсгал буюу музейн үзмэрүүд байна. Ихэнх нь хариуцах эзэнтэй, байшин савтай байдаг ч хадгалж, хамгаалж байгаа нөхцөлүүд нь бас л хүндхэн байгаа. Өнгөрсөн онд Ховд, Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай аймгийн музейд ажилласан. Энэ жил баруун, зүүн тийш гэсэн хоёр чиглэлд ажиллах төлөвлөгөөтэй байна.
-Авран хамгаалах чиглэлд музейн сан хөмрөгүүдэд тулгамд­сан ямар асуудал байна вэ?
-Нэн түрүүнд тулгамдаж байгаа асуудал гэвэл музейн барилга байгууламж. Манай улсад 37 музей байгаагаас зориулалтын барилгатай 3-4 л бий. 10-аад барилгыг музейд зориулж барьсан ч яг стандартаар нь бариагүй.
-Та түрүүн дурдлаа. Өв тээгчдийг авран хамгаалах тал дээр анхаарч байна гэж. Энэ талаараа илүү дэлгэрүүлээч?
-Ямар ч байсан эхний ээлжинд судалгаа авч үзлээ. Улаанбаатар хотод 60-аас дээш насны 100 гаруй өв тээгчийн дунд судалгаагаа авлаа. Өв тээгч гэдэг утгаараа ихэнх нь настай хүмүүс байна. Нэн түрүүнд шилжилт хөдөлгөөн зэргээс нь судалж байгаа.
-Та бүхэн дэвшилтэд техник, технологийг хэр ашиглаж чадаж байна вэ?
-Аль болох л шинэ техник технологийг нэвтрүүлэхийг хичээдэг. Хамгийн эхэнд үл хөдлөх дурсгал дээр газар зүйн мэдээллийн системийг өргөн ашиглах хэрэгтэй байна. Энэ ажилд зориулаад нэг мэргэжилтний ажлын байр бий болгосон. Газар дээр нь ажиллах тохиолдолд дандаа л удамжлалт байдлаараа ажиллаж байна. Хамгийн гол нь бодлого төлөвлөлт дээрээ анхаарах хэрэгтэй. Төрийн болон орон нутгийн захиргаа харилцан ойлголцохгүй байдлаас болоод дурсгалт зүйл үрэгдэж алга болох нөхцөл үүсдэг.
-Соёлын өвийн Авран хамгаалах газрын тухайд ажиллах хүчний хувьд хэр дутагдалтай байна вэ?
-Хүний нөөц хүндхэн талдаа. Ганцаараа шахуу жил гаруй явлаа. Гэхдээ зохицуулах үүднээс. Одоо бол нэг мэргэжилтэнтэй болсон. Дотроо л нааш, цааш болоод шилжилт хөдөлгөөн хийгээд байна. Цаашдаа барилга архитекторын чиглэлд анхаарах хэрэгтэй байгаад байгаа. Магадгүй палентлогийн олдворт газрууд дээр анхаарах хэрэгтэй. Мөн археологийн дурсгал дээр хүн хүч нэмэх шаардлага байгаа.
Түүний ярианаас анзаарвал Монгол Улсын соёлын өвийн салбарынхан бор зүрхээрээ өдий хүрсэн гэлтэй. Г.Анхсайхан даргын өрөөнөөс гарч соёлын биет өвийг Сэргээн засварлах өрөө рүү орлоо. Тус газрын сэргээн засварлагчид Уран зургийн галерей, Чойжин ламын сүм музей, Цэргийн музей болон Эрдэнэзуу хийдээс ирсэн үзмэрийг сэргээх ажилд ханцуй шамлан оржээ.

Энэ үеэр биет өвийг сэргээн засварлах газрын ерөнхий сэргээн засварлагч Д.Нямдоржтой хуучиллаа.
-Танайх яг одоо хэчнээн сэргээн засварлагчтай ажиллаж байна вэ?
-Есүүлээ дөрвөн өрөөнд худаагдаад ажиллаж байна. Сэргээн засварлагчид маань даавуу, зөөлөн эдлэл, цаас, метал, баримал, уран баримал, мод, уран зураг гэсэн чиглэлд ажилладаг.
-Сэргээн засварт орж ирж байгаа биет өвүүд голчлон хаанаас ирж байна?
-21 аймгийн болоод улсын музейнүүдээс ирдэг.
-Музейн үзмэрүүдийн хадгалалт асуудалтай байдаг шүү дээ. Үүнийг дагаад засварт орсон үзмэрүүд дахин ирэх тохиолдол хэр байна?
-Хадгалалтын орчин нөхцөлөөс шалтгаалаад үзмэр дахиж ирэх тохиолдол бий. Учир нь яг музейн зориулалттай, стандарт хангасан барилга цөөхөн юм. Зориулалтын барилгатай музей гэвэл Үндэсний түүхийн музей, “Хархорин” музей, Халх голын Сүмбэр сумын “Ялалт” музей, Сэлэнгийн Алтанбулагийн музей л байна. Эндээс харахад сан хөмрөгийн хадгалалт улсын хэмжээнд тун хэцүү шүү.
-Сэргээн засах ажилд ямар техник хэрэгсэл ашигладаг юм бэ?
-Техник тоног төхөөрөмжийн бааз сууриа гадаад, дотоодын тусламжаар байгуулж л байна. Түүнээс яг орчин үеийн дэвшилтэт технологи ашиглаж байгаа юм байхгүй. 2013 онд Япон улсын ЖАЙКА-гийн буцалтгүй тусламж, АНУ-ын Элчин сайдын яамны дэргэдэх Соёлын сангийн дэмжлэгээр уран зургийн сэргээн засварлах зориулалтын тоног төхөөрөмж, шинжилгээний судалгааны багаж авч байсан.
-Та бүхэнд одоо шаардлагатай байгаа ямар төхөөрөмж байна?
-Чулуун өвийг сэргээн засварлах тоноглолууд дутуу байна. Энэ мэт дурдвал шаардлагатай төхөөрөмж бий.
-Улсдаа ганцхан байдаг Соёлын өвийн үндэсний төвд шаард­лагатай байгаа то­ног төхөө­рөмжийг авахад, за мөн соёлын өвийг сэргээн засвар­лахад улсаас анхаарч байх юм уу?
-Тоног төхөөрөмжийн хувьд томоохон хэмжээний хйисэн зүйл байхгүй. Ерөнхийдөө гаднын тусламжаар л хангаж байгаа. Шинэ барилга ашиглалтад орчихвол боловсон хүчний тоог нэмэх, илүү хүртээмжтэй ажилладаг болох байх гэж бодож байна.
-Г.Анхсайхан дарга хэлж байсан. Боловсон хүчний асуудал хүндхэн байна гэж. Танай сэргээн засварлах газар дээр мөн ижил байна уу?
-Яг соёлын өвийн сэргээн засварлалт, хадгалалт хамгаалах чиглэлээр СУИС болон Улаанбаатар их сургууль сэргээн засварлагчийн анги нээж, ганц нэг төгсөлт төгссөн. Өөрөөр бол энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэдэг сургууль алга. Манай ажилтнуудын хувьд гадаад, дотоодын богино хэмжээний мэргэшүүлэх сургалт, дадлагад хамрагдаж ур чадвараа сайжруулж байна.
-Манай улстай хамаатай соёлын биет өвүүд гадаад улс орнуудаас ирж, сэргээгдэх тохиолдол хэр байна?
-Одоогоор ийм тохиолдол байхгүй байна. Байлаа ч бидний хувьд хүн хүчний хүрэлцээ багатай.
-Та бүхний хийсэн томоохон хэмжээний сэргээн засварлалтын ажлаас сонирхуулаач?
-Гадаад, дотоодтой хамтарсан том хэмжээний ажлуудыг хийж байсан. Тухайлбал, Дорнод аймгийн Халх гол сумын Их бурхантын чулуун цогцолборын сэргээн засварлалтын ажил байна. Энэ ажлыг бид дөрвөн жилийн хугацаанд бие даан хийсэн. Дээрээс нь Дорнод аймгийн Хэрлэн барс цамхаг байна. Тэнд БНХАУ-ын Соёлын өвийн академитай хамтарч дурсгалын зүйлсийг сэргээн зассан. Мөн Уран зургийн галерейн галд өртсөн зургуудын цэвэрлэгээний сэргээн засварыг шат дараатайгаар хийлээ.

Монгол Улсын Соёлын өвийн үндэсний төвийнхөн ийнхүү агаар салхи багатай урт хонгилын үзүүрт ажил мэргэжилдээ үнэнчээр зүтгэж сууна. Сэргээн засварлах шаардлагатай, сэргээн засварласан үзмэрүүдээ коридорт хана түшүүлээд тавьчихсан байгаа нь өөрсдийн нөөц бололцоог тултал ашигласан гэмээр. Тэдний хонгилын үзүүр дэх гэрэл гэвэл дулаанаа хүлээгээд дүнсийж байгаа шинэхэн барилга нь л юм уу. Ер нь улс, холбогдох яам, тамгын газрууд соёлын өвийн салбараа сэхээрч нэг анзаарахгүй бол горьгүй нь.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

To Top