ШИНЭ НОМ

“Дайн бол хүсмээр юм биш, тулаад ирвэл буцмаар юм биш”

“Домогт Дандар баатар” номын нээлтэд гавьяат хүмүүний ахан дүүс, үр хүүхэд, ач зээ, хамтран зүтгэж явсан нөхөд нь хуран чуулсан юм. Энэ үеэр номын зохиогч Г.Гангамөрөн өвөөгөө дурсан ийн өгүүлэв.

Photo: Shutterstock

Нэгэн цагт алаг морьт Л.Дандар баатрын домог түүхийг мэдэхгүй монгол хүн үгүй байв. Гэвч цаг хугацааны урт жимд түүний алдар гавьяаг мэддэгчүүд нь цөөрсөөр, шинэ цагийн залуусын ой тойнд бүдгэрч туссан нь үнэний ортой.

Тэгвэл баатрын зам мөр, үүх түүхийг сэргээн мөнхжүүлсэн, түүнийг дурсан санагалзсан нэгэн бүтээлийг (ном) Л.Дандар баатрын ач охин Г.Гангамөрөн туурвиж, олны оюун бодолд өргөн дээжиллээ.

“Домогт Дандар баатар” номын нээлтэд гавьяат хүмүүний ахан дүүс, үр хүүхэд, ач зээ, хамтран зүтгэж явсан нөхөд нь хуран чуулсан юм. Энэ үеэр номын зохиогч Г.Гангамөрөн өвөөгөө дурсан ийн өгүүлэв.

-1939 оны Халхын голын дайны хамгийн шийдвэрлэх өдөр болсон тавдугаар сарын 28-ныг өвөө маань үүрд санан дурсахын тулд өөрийн төрсөн өдрөө болгон тэмдэглэж ирсэн билээ. Энэ жил Халх голын ялалтын түүхт 80 жилийн ой болж байгаа бөгөөд өвөөгийн минь мэндэлсний 105 жил (1914 он) тохиож байна. Миний хувьд өвөөгийнхөө тухай ном бичихийг хүүхэд байх үеэсээ мөрөөдөж ирсэн. 20 жил сэтгэл зүрхэндээ боджээ. Өвөө маань 20 гаруй жил хэлмэгдэж явсан ч энхийн хийгээд дайны цагийн баатар гэж би үздэг юм. Энэ номоороо дамжуулан олон хүнд ухаарал өгөх болов уу. Өвөө маань амьдрал хэмээх их далайн эрэгт унасан цагаасаа хорвоогийн өр зөөлөн энгэр дээр хоёрын хоёр сайхан ээжийн хайранд умбаж өссөн азтай хүү юм. Зүүн хүрээ хийдийн залуухан шавь, Дотгон догмагаас өөрийг сураагүй сахилгагүй тархи, ардын сургуулийн эрдэмд шамдсан жаалуудыг алсаас харан нууцхан атаархагч жаал хүү, амьдралын мөр хөөн ан гөрөө хийж хоног өдрөө залгуулсан гөрөөчин, сумын наадамд зодоглож, хол ойрд өртөөлөн давхигч зарлага залуу, ардын цэрэгт мордож унах унаа байхгүйн зовлонд хатахдаа айл айлын адуунаас азаргыг номхотгон унасан хүү, Тамбовын морин цэргийн сургуулийн сонсогч, Тамсагбулагийн зургадугаар дивизийн морьт хороон дарга залуухан дэслэгч, Халхын голын их тулаан дундах цусан гавьяаны одонтой цэрэг эр, дэслэгчээс хурандаа болсон дивизийн дарга, галан дундуур үхэл сэхлийн ирмэгээр эх орноо цээжээрээ өмөөрч алдраа мандуулсан гарамгай баатар байсан билээ. Мөн Цахарын их элсэн цөлийг туулж, түмэн бээрийн цагаан хэрмийг даван элэг нэгтнээ чөлөөлсөн чөлөөлөх дайны баатар, алдар, амжилт бүхний оргилд хүрч туг далбаагаа хатгасан дайчин, алдаа онооны дэнсээр уруудан доройтсон хоригдол хар хүн, Оспаныг дарахаар шилийн сайн эрсийг дагуулан явсаар олон удаагийн тулаанаас осолгүй бүтэн буцаж ирсэн, нүгэлт хар гөрөөчнөөс тээврийн жолооч, цэргийн дарга болж чадсан эр, үр хүүхдийнхээ үлгэр аав, үнэнч нөхдийнхөө түшиг найз, үндэстэн Монголын домогт баатар хүн” хэмээв. Өнгөрч одсон зууныг өвөөгийнхөө түүхээр өгүүлэхийн учир энэ л ажээ.

Дээрх номноос өмнө Дандар баатрын тухай дэлгэж нийтэлсэн бүтээл хуруу дарам цөөхөн байдгийн нэг нь С.Оросоо гуайн “Лодонгийн Дандар” ном. Энэхүү номонд бичсэнээр домог мэт яригддаг алаг морины тухай Дандар баатар ийн өгүүлжээ.

-Миний алаг моринд ид шидсээд байх юм байхгүй, сургуультай л морь. Агтны сүүл барьсан цүдгэр амьтан байсан юм. Дорнодын Эрдэнэцагаан сумын Доржийн унаган хүлэг. Дайны Өнгөрч одсон зууныг өвөөгийнхөө түүхээр өгүүлэхийн учир жилүүдэд цээж, бөгсөндөө мөн ч олон сумны шарх авсан даа. Дорнодын их талд ямар нуугдах газар байх биш. Миний бат бөх цайз болдог байсан юм. Алаг морь минь 1945 оны өвөл Жанчхүүгийн давааны хойд нуруунд өөд болсон, хөөрхий. Морио их санах юм даа” хэмээн өгүүлсэн байлаа.

1945 оны Чөлөөлөх дайнд Л.Дандар 13 дугаар морьт хороо, ардын хувьсгалын партизан, хошууч генерал Ч.Доржпаламын командалсан тавдугаар морин дивизийн бүрэлдэхүүнд дайны хүнд үе, замыг туулсан түүхтэй нэгэн. Гол чиглэлд давшсан 13 дугаар морьт хороо 11 мянган км замыг морь, тэмээгээр туулж, Хятадын Их цагаан хэрмийг чөлөөлж, улмаар Губей Коу хотыг эзэлсний дараа тус хотын амгалан тайван байдлыг хамгаалах, анги салбараасаа тасарсан, төөрсөн монгол цэргүүдийг эмхлэх комендантын үүрэг гүйцэтгэж байсан аж. Морьт хороо хотын ойролцоо байрлаж, өдөр шөнөгүй эргүүл хийж, энд тэндээс буудах квантуны армийн үлдэгдлийг цэвэрлэн устгасан гэдэг.

“Домогт Дандар баатар” номын нээлтэд ирсэн зочид энэхүү түүхэн хүнийг хэрхэн дурсан санаж явдгийг уншигч танд сийрүүлэн хүргэе.

Лодонгийн Дандар Баатрын хүү Ганбаатар: Аавыг минь 1964 онд цагаатгасан

-Аавын минь түүхийн талаар ном бичвэрт бичихдээ дайнд оролцсон байдал, цэрэгт явсан бага насных нь тухай ихээхэн дурссан байдаг. Харин хэлмэгдсэн он жилийнх нь талаар төдийлөн байдаггүй юм. Энэ хэсгийг хүмүүс мэддэггүй, үүнийг л олон нийтэд мэдүүлэхийн тулд охин минь энэ номоо бичээ болов уу гэж бодож байна. Яагаад хэлмэгдүүлэлт гэж ярьсан бэ гэхээр аав минь 1964 онд цагаадсан юм.

Төрийн соёрхолт, ардын уран зохиолч П.Бадарч: “Нэг толгойд нэг л нүд хаваа” гэж хэлж билээ

-Юун түрүүнд үеийн үед, хойчийн хойчид Дандарын гавьяаг бүү мартаарай гэж захимаар байна. Л.Дандар гуайн барааг анх харсан минь 1951 он шиг санагдаж байна. Төв аймгийн Баян сумын наадмыг аав, ижийтэйгээ дайраад гарсан юм. Тэгж байтал морин туурай тачигнаж, хоёр хүн хүрч ирэв. Дандар баатрын барааг анх тэнд л харж байлаа. Түүнээс хойш арми сурталчлах ажлаар бид хоёр долоон аймаг руу хамт явжээ. Халамжтай, зөөлөн ярьдаг, дайнд явсан талаар нь лавлахад төдийлөн олон үг хэлэхгүй ч “Дайн бол хүсмээр юм биш, тулаад ирвэл буцмаар юм биш” гэдэг алдартай үгээ хэлдэг байлаа. Тэр жил бид Завхан аймагт арми сурталчлах ажлаар явж байгаад машины осолд орсон. Үүнээс болж Л.Дандар гуайн зүүн нүд хараагүй болсон юм. Эргэж очихдоо “Бие чинь сайн уу, нүд чинь ямар байна” гэсэн “Нэг толгойд нэг л нүд хаваа” гэж хэлж билээ. Энэ үгийг нь би одоо ч мартдаггүй юм. Ханилж явахад хэчнээн сайхан найзтай хүн байсан гэж санана. Түүнд зориулж шүлэг ч бичсэн, дуу ч зохиосон доо.

Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар: Л.Дандар гуайтай дөрвөн удаа уулзаж, ярилцлага авч явлаа

-Би 1990 онд ОХУ-д явж байхад тус улсын Зохиолчдын хороо, ШУАийнхан “Одоо бид 1917-1990 он хүртэлх түүхээ яг зөвөөр нь бичнэ” гэж байсан юм. Дэлхийн II дайны үеийн үнэнийг Оросын зохиолчид одоо л үнэнээр нь гаргаж ирж байгаа. Тэгвэл 1921-1990 оны Монголын түүхийг одоо л сайнтай, муутай нь гаргадаг цаг эхэлсэн. Одоо л жинхэнэ Халх голыг, 1924 оныг, 1960 оныг бичих ёстой. Тэгж түүхээ үлдээж байж 1990 оноос хойшхи дараагийн түүхийг бичих учиртай юм. Ийм түүхийн цадиг байдаг учраас энэ цаг дор Л.Дандар гуайн тухай ном гарч байгаа нь их олон үнэмшлүүдийг бий болгох байх гэж бодож байна. Энэ бол Монголын оюунлаг хүмүүсийн, зөвхөн ах дүү биш цаашлаад Монголын төр хийх ёстой ажил юм. Бид түүхээ ингэж л гаргаж ирэх ёстой. Би сэтгүүлч хүнийхээ хувьд Л.Дандар гуайтай дөрвөн удаа уулзаж, ярилцлага авч явсан. “1989 оны наймдугаар сард Сүхбаатарын талбайд Халхын голын дайчид цуглана уу” гэж Тамсагийн зургадугаар армийг цуглуулсан. Одоогоос 30 жилийн өмнөх тэр өдөр дандаа таягаа тулсан өвгөд ирж, анги ангиараа жагсаж байлаа. Л.Дандар командалж, нулимс асгаруулан хойч үедээ үг хэлж байлаа. Дэндүү харамсалтай нь тэдгээр бичлэгүүдийн нэг нь ч одоо байдаггүй юм. Яагаад гэвэл Монголын радио, телевиз өнөөдрийнхөө бичлэгийн хальснаас маргааш нь устгадаг байсан. Тэгж шинэ хальсан дээр эргүүлээд бичлэг хийдэг байв. Тэр бичлэг өдийд байсан бол мөн ч сайхандаа гэж бодож зогсоно.

Ц.Цэнгэл: Л.Дандар нь зөвхөн дайны баатар биш, энх цагийн ч баатар байсан

-Би “Алаг морьт Дандар” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг юм. Биднийг бага байхад домогт баатар Дандарын тухай сурах бичиг дээр байдаг байсан. Тэр үед хүүхэд залуучуудыг хүмүүжүүлэх олон баатруудын тухай сурах бичигт байдаг байжээ. Харин өнөө цагийн сурах бичигт улсынхаа баатруудыг шигтгэн бичсэнийг би хувьдаа олж харсангүй. Бидний жаргалтай сайхан амьдралыг, энэ ирээдүйг бий болгоход халуун амь, бүлээн цусаа зориулсан агуу баатруудын нэг нь яах аргагүй алаг морьт, домогт баатар Дандар юм. Л.Дандар нь зөвхөн дайны баатар биш, энх цагийн баатар гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Ач охиных нь бичсэн номонд ч энэ тухай илүүтэй тусгасан гэж бодож байна. Бидний өвөг дээдэс энх цагийг, энэ эх орныг ямар их үнэ цэнээр авчирсан, тэд маань ямар байдалтай эгэл жирийн амьдралд орж ажиллаж байсныг “Домогт Дандар баатар” номноос унших байхаа гэж найдаж байна гэсэн юм.

“Домогт Дандар баатар” номын 94 дүгээр хуудсанд “Агуу эх орны дайны хүнд өдрүүдэд хэдийгээр гардан тулаанд ороогүй ч зөвлөлтийн нутаг дэвсгэрт цэргийн эрдэмд шамдан суралцсан залуу баатар Дандарыг эх орондоо ирэхэд нь өөр нэгэн тун чухал даалгавар хүлээж байсан юм. 1939 онд Халх голд ялагдал хүлээсэн японы Квантуны арми тэр чигтээ бууж өгөөгүй юм. Япончууд Халхын голын дайны дараах он жилүүдэд Монгол Зөвлөлтийн батлан хамгаалах чадавхийг тагнан судалж, Манжуур дахь армиа бэхжүүлж, 1942 оны дунд үе гэхэд 1-2 сая цэрэгтэй болсон нь Япон Улсын бүх цэргийн 35 хувийг эзэлж байсан гэдэг. Квантуны армийн бүрэлдэхүүнд тусгай баг бий болж бактерлогийн зэвсэг ч бэлтгэж байжээ… гэж бичжээ. Энэхүү чөлөөлөх дайнд байгуулсан Дандар баатрын гавьяагаар одоо бидний эдэлж буй энх цаг иржээ. Бид эх түүхээ мартах учиргүй.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Most Popular

To Top