ТҮҮХЭН ОЙ

Мөнгөн тэмдэгтийн жимээр

Монголын эзэнт гүрний үеэс тусгаар тогтносон Монгол Улсын мөнгөн тэмдэгт хүртэлх түүхэн жимээр аялах боломжийг “Банкны хөгжил 95 жил” үзэсгэлэн иргэдэд олгож эхэллээ.

Photo: Shutterstock

Монголын эзэнт гүрний үеэс тусгаар тогтносон Монгол Улсын мөнгөн тэмдэгт хүртэлх түүхэн жимээр аялах боломжийг “Банкны хөгжил 95 жил” үзэсгэлэн иргэдэд олгож эхэллээ. Үзэсгэлэн Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд гарч буй бөгөөд ирэх сарын 7-ны өдөр хүртэл олон нийтэд нээлттэй байх юм. Тус үзэсгэлэнг Монголбанк тэргүүтэй 14 банк болон Монголын зоос судлалын холбоо, Монголын банкны холбоотой хамтран 95 жилийн ойдоо зориулан гаргаж байна.

ХӨРСӨН ДЭЭР ХӨЛ ТАВЬСАН МОНГОЛБАНК

1924 оны зургадугаар сарын 2-нд Монгол, Зөвлөлт Орос улсын хувь нийлүүлсэн хөрөнгөөр Монголын худалдаа, аж үйлдвэрийн банк байгуулагджээ. Анх нээгдэхдээ 260 мянган янчааны хөрөнгөтэй, 22 орон тоотой, үүний дотор зөвлөлтийн мэргэжилтэн 18, монгол ажилчид дөрөв байж. Энэ бол Монголбанкны суурь тавигдсан түүхт үйл явдал байв. 1920-иод онд мөнгөний шинэчлэлт хийж, Монголын үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг гүйлгээнд гаргаж, худалдаа бэлтгэлийн ажиллагааг санхүүжүүлж, зах зээлийн барааны хангамж, үнийн хөдөлгөөнийг зохицуулж, ардын аж ахуйтанд зээл олгож байсан нь Монголбанкны үндсэн үйл ажиллагаа болж байсан гэдэг. 1950-иад он гэхэд Монголбанкны аппарат өргөжин бэхжиж бүх аймаг, томоохон хот сууринд өөрийн салбартай болж, ЗХУын мэргэжилтнүүдийн ачаар үндэсний боловсон хүчин бэлтгэгдэж нийт ажилчдын 98 хувийг монголчууд эзлэх болов. ЗХУ Монголбанкинд оруулсан өөрийн хувь хөрөнгө, хувьцааг 1954 онд манай талд шилжүүлэн өгснөөр Монголбанк БНМАУ-ын Улсын банк болон зохион байгуулагджээ. 1950-1991 он хүртэл Улсын банкны даргын албан тушаалыг Г.Балжид, Л.Лхамсүрэн, П.Төмөр, Д.Данзан, Г.Хүдэрчулуун нар хашиж байжээ.1990 онд улс төр, нийгэм, эдийн засагт шинэчлэл хийгдэж “Аж ахуйн банк байгуулах болон түүний үйл ажиллагааны нийтлэг дүрэм”, 1991 онд “Банкны тухай хууль” батлагдсанаар Монгол Улсад хоёр шатлалт банкны тогтолцооны хөрс суурь тавигдсан байна.

ТӨВ БАНКНЫ ТҮҮХ БУЮУ ЗООСОН ТЭМДЭГТИЙН ТҮҮХ

“Банкны хөгжил 95 жил” үзэсгэлэнгээр Монголбанкны түүхийг олон нийтэд танилцуулснаас гадна Эрдэнэсийн санд хадгалагдаж байгаа үнэт зүйлсийг, мөн Монголын зоос судлалын холбооны 150 цуглуулагчийн төлөөлөл болсон 21 цуглуулагчийн цуглуулгын дээжийг дэлгэсэн юм. Учир нь Монгол Улсын Төв банкны түүх Монголын зоосон тэмдэгтийн түүхтэй салшгүй холбоотой билээ. Иймд Эрдэнэсийн сангийн болоод зоос цуглуулагчдын үзмэрүүдийг ийн гаргажээ. Монголчууд эзэнт гүрнээ байгуулж, өрнө, дорно дахины хооронд хийх арилжааны эхлэлийг тавьж, алт, мөнгө зоос, цагаан мөнгөн тэмдэгтийг эдийн засгийн эргэлтэд оруулсан түүхтэй. Тэр үеэс эдүгээ хүртэл түүхийг туулж ирэхдээ олон төрлийн зоос, цай алт, мөнгөн ембүү, цагаан мөнгө, зарим төрлийн тийз гэх мэт элдэв зүйлийг арилжааны хэрэгсэл болгосон байдаг. Энэ бүхний гэрч болсон түүхэн ховор олдворуудыг тус үзэсгэлэнгээс харж болно.

ИХ МОНГОЛ УЛСЫН ЗООСНУУД

“Банкны хөгжил 95 жил” үзэсгэлэнд дэлгэсэн сонирхолтой үзмэрүүдээс уншигч танд дээжлэн хүргэе. Монголын эзэнт гүрний зооснууд: Монголын эзэнт гүрний хаад өөрийн эх нутаг болон эзэлсэн улс, хотуудын ард иргэдэд зориулан зоосон мөнгийг их хэмжээгээр, олон төрлөөр хэдэн зуун хотод алт, мөнгө, зэс, хүрлээр цутгуулан хийж байсан нь баримт болон үлджээ. Энэ үеийн зоосны хувьд Их хаад тэр бүр өөрсдийн нэрийг дурддаггүй байсан нь даруу төлөв байсны илрэл гэж үздэг байна.

Чингис хааны алтан динар зоос (1206- 1227)

Узбекстаны Ганза хотод 1221 онд дэлдүүлсэн. Нүүрэн талд нь “Хаадын хаан Аугаа Их Чингис хаан” гэж бичжээ. Харин зоосны ард Аббасидын 34 дэх халиф Аль Насир Ли-Дин Аллахын нэрийг бичсэн байна.

Өгөөдэй хааны алтан динар зоос (1227-1241)

БНХАУ-ын Шинжааны Алмалык хотод дэлдүүлсэн. Дээрээ “Хаан” гэсэн үг бичээстэй. Зоосны ард Аббасидын 34 дэх халиф Аль Насир Ли-Дин Аллахын нэрийг мөн бичсэн байна.

Гүег хааны мөнгөлсөн хүрэл дирхам зоос (1246-1249)

Дундад Ази, дэлдүүлсэн хот нь тодорхой бус. Нүүрэн талдаа “Гүег хаан” гэж бичсэн. Ар талд нь бичиг тодорхойгүй. Одоогоор цор ганцхан хувь мэдэгдэж байгаа.

Мөнх хааны мөнгөн дирхам зоос (1251-1260)

Хархорум хотод дэлдүүлсэн. Хоёр талдаа Мөнх хааны тамгатай зоос. Хорм хотын Сарайд дэлдүүлэв гэж араб бичгээр бичжээ.

Аригбөх хааны мөнгөн дирхам зоос (1260-1264)

БНХАУ-ын Шинжааны Илим хотод дэлдүүлсэн. Нүүрэн талдөө Аригбөх хааны тамгатай.

Их Монгол Улсын мөнгөн зоос

Хархорум хотод дэлдсэн байж магадгүй гэж үздэг байна. Чингис хаанаас эхлэн Хубилай хаан хүртэлх Их хаад хятад хэлт ард түмнүүдэд зориулж Да Чао Бао хэмээх зоосыг дэлдүүлж байсан нь ийнхүү үзмэр болон үлджээ. Их Монгол Улсын тухайн үеийн хятад нэр нь Да Чао байсан гэнэ. Харин Тонг Бао нь гүйлгээний мөнгө гэсэн утгатай үг байжээ.

Монголын Их эзэнт гүрнээс эхтэй энэхүү зоосон мөнгө нь өдгөө дурсгалын зоос хүртлээ хөгжиж ирсэн байна. “Банкны хөгжил 95 жил” үзэсгэлэнд түүхэн зоосноос гадна сонирхол татахуйц дурсгалын зоос олон байлаа. Энэ бүхэнд 1971-2018 онд хийсэн дурсгалын зооснуудыг нэрлэж болно. 1971 онд Монгол Улсын дурсгалын анхны зоос гарсанаас хойш эдүгээ хүртэл 560 гаруй түүхэн тэмдэглэлт ой, түүхт хүмүүс, ховор ан амьтан, олимп, спортын тэмцээн,билгийн тооллын жил зэрэг сэдвийн алт, мөнгө, цагаан алт, никель, гууль, зэрэг металлаар зооснуудыг гаргаад байна. Монгол Улсын дурсгалын зооснууд нь олон улсын болон дэлхийн зоосны үзэсгэлэнгүүдээс удаа дараа шилдгээр шалгарч, гадаад дотоодын зоос цуглуулагчдын анхаарлыг татаж, эрэлт ихтэй байгаа тухай Монголын зоос судлалын холбооны УЗ-ийн гишүүн, нарийн бичгийн дарга Ш.Мандахбаяр хэлсэн юм. Тэрбээр цааш хэлэхдээ “Энэ үзэсгэлэнд Монголын зоос судлалын холбоог төлөөлж манай 21 цуглуулагчийн үзмэр тавигдсан байгаа. Мөн Монгол Улсын Эрдэнэсийн санд байгаа онц ховор алт, мөнгөн дурсгалын зооснууд бий. 2004 оны бичин жилд зориулсан энэхүү зоосны хувьд манай улсын дурсгалын зоосны хамгийн том нь юм. 3000 граммын мөнгөн зоос. Үүний дараагийн том зоос гэвэл 1000 граммын Хавтгай (тэмээ) зоос юм. Мөн Монгол Улсыг олон улсад сурталчлах нэг том брэнд маань үлэг гүрвэлүүд шүү дээ. Иймд Монголбанкнаас 2018, 2019 онд динзовар цуврал зооснуудыг гаргаад байгаа. Хамгийн сүүлд гарсан зоос гэвэл 2019 оны алт, мөнгөн гахай зоос байна” гэсэн юм.

МӨНГӨН ТЭМДЭГТИЙН ҮҮСЭЛ

Үзэсгэлэнд тавьсан содон үзмэрүүдийн нэг нь 1911 оноос өмнөх Монгол Улсын мөнгөн тэмдэгтүүд байлаа. XVIII зууны сүүлч үеэс Монголын сүм хийдийн жасууд тус тусдаа бие даасан томоохон аж ахуй болон өргөжиж ард иргэдээс өргөл барьц, татвар хураамжаар авсан их хэмжээний эд хөрөнгийг төвлөрүүлэн зарцуулж байсан ба сүм хийдийг санхүүжүүлэхээс гадна худалдаа наймаа хийж, ард иргэдэд мөнгө болон хэрэгцээт барааг нь хүүтэй зээлүүлэх, мөнгө хүүлэх болсоноос энэхүү мөнгөн тэмдэгт үүсчээ. Дээрх зорилгоор сүм хийдүүд орон нутгийн чанартай тийз, сангийн тэмдэг зэд хэмээх цаасан мөнгөн тэмдэгтийг гаргаж байснаас ийнхүү эдүгээд үлджээ.

“Их сангийн тийз” хэмээх мөнгөн тэмдэгт

Хуучнаар Чин сүжигт Номуун ханы хүрээнд гэгээний сангаас өөрийн харьяа шавийн нутагт гүйлгэхээр нэг шар цай, арван шар цай гэсэн хоёр янзын үнэлгээтэй гаргажээ. Дэвсгэрийн гол хэсэгт монгол бичгээр “Их сангийн тийз”, түүний баруун талд “Нэг шар цай” гэж бичиж дөрвөлжин эвхмэл үсэг бүхий тамга дарж баталгаажуулсан байна.

“Хүрээний их сангийн тэмдэг” хэмээх мөнгөн тэмдэгт

Энэ мөнгөн тэмдэгтийг 1873 онд Богд Жавзандамба хутагтын шавьд гүйлгэхээр Хүрээний их сангаас 300 болон 5000 зоосны гэсэн хоёр янзын үнэлгээтэй гаргасан бөгөөд дэвсгэрийн дээд хэсэгт “Хүрээний их сангийн тэмдэг” гэж монгол бичгээр бичиж түүний дор нэгдүгээр мөрөнд “Хоёр мянга таван зуун арван нэгдүгээр дугаар тоонд”, хоёрдугаар мөрөнд “нийлүүлж өгөх 300 зоос”, гуравдугаар мөрөнд “усан тахиа жилийн хулгана сарын шинийн 3” гэж бичсэн харагдана. Уг дэвсгэрт дээр үндсэн дөрөв, хяналтын хоёр тамга дардаг байжээ.

“Зэд” хэмээх мөнгөн тэмдэгт

Хуучнаар Ялгуусан хутагтын шавь (одоогийн Завхан аймгийн Идэр сум)-д хэрэглэхээр хутагтын сангаас 1, 3, 5,10, 50, 100 гэсэн зургаан янзын үнэлгээтэйгээр энэхүү мөнгөн тэмдэгтийг гаргасан байна. Одоогоор зөвхөн 50 зэдийн үнэлгээ бүхий мөнгөн тэмдэгт нь олдсон бөгөөд уг дэвсгэрт дээр билэгдлийн хээ дүрсийг барлаж, хоёр тамга дарж баталгаажуулжээ.

Энэ мэт мөнгөн тэмдэгтийн түүхээс бичвэл цөөнгүй тул энд хүргээд дуусгая. Харин уншигч та “Банкны хөгжил 95 жил” үзэсгэлэнгээс үүнээс ч олон сонирхолтой зүйлийг үзэж болно. Тухайлбал, Монгол оронд гүйлгээнд байсан гадаадын мөнгөн болон зэс зооснууд, БНМАУ-ын хамгийн анхны зээллэгийн баримтууд, онцгой дугаартай мөнгөн тэмдэгтүүд, 1925 оны анхны шивээтэй мөнгөн тэмдэгтүүдээс гээд орчин цагийн банкны салбарынхны өнөөгийн хөгжлийн шинэ бүхнийг тольдож болох юм.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Most Popular

To Top