СОЁЛ УРЛАГ

Тэдний дуу хоолой ШИД юм

Бороо шивэрсэн тавдугаар сарын 24-ний үдэш, Үндэсний соёл амралтын хүрээлэн дэх “White Rock Center”. “The Hu” хамтлагийн тоглолтыг үзэх гэж яарах хүмүүсийн цуваа ийшээ урсана.

Image result for the hu

Хөмрөөд тавьчихсан аяга шиг гурван цагаан бөмбөгөрийн гол танхимд тоглолт юу юугүй эхлэх гээд зэхээстэй бол танхимын гадаа “Mongolian Choppers”клубынхан ганган хүлгүүдээ эгнүүлэн тавьж, “The Hu” гэсэн дардастай туг хийсгэх нь сүр жавхлантай гэж жигтэйхэн. Тэдгээрийг зочин бүр харцаараа сонжиж, зоригтой нэг нь дээр нь суугаад зургаа татуулах нь ганган харагдана. Мөн үзэгчид концертын танхимын үүдний хэсэгт өлгөсөн “The Hu” гэсэн зурагт хуудасны өмнө сэлфидэж, түүхийг гэрчилнэ. “Түүхэн” гэж тодотгож буйн учир нь Европын орнуудад хийх аялан тоглолтынхоо өмнө хийж буй “Гэрэг” тоглолт тус хамтлагийн анхны бие даасан тоглолт байв. Энд цугласан үзэгчид үндэсний уламжлалт хөгжимөө уран бүтээлдээ ашиглан өөрсдийн урсгал жанараар дэлхийн тавцанд бамбар өргөсөн “The Hu”-гийнханы дахин давтагдахгүй торгон мөчийг хамт мэдэрсэн нь азтай гэхээс өөр юу гэх вэ.

Хүсэн хүлээсэн тоглолт эхлэхэд үүд хавьцаа зогсож байсан “Хүннү рок”-ын үүсгэн байгуулагч, продюсер Б.Дашдондог хаалгаар гараад одов. Сэтгэл нь дэндүү догдолж, тэсгэл алдахдаа залуусынхаа тоглолтыг өөрөө ч харж чадахгүй байх шиг санагдлаа. Сүүлд нь тэрбээр “Тоглолт эхлэхээр би гараад зүгтчихдаг юм. Энэ тайзан дээр өөрөө дуулчихаад буусан бол хавьгүй амар байхгүй юу” гэсэн. Залуусаа “орхисон” шалтгаан нь энэ л байж. Тэр дэндүү догдолжээ. Арга ч үгүй биз. “Хүннү рок” урсгал, “The Hu” хамтлагийг өдий дайтай гаргаж ирэх гэж сүүлийн гурван жилийг (хамтлаг 2016 онд байгуулагдсан) тэрбээр зарцуулсан билээ. Хамгийн сайхан нь түүний хөдөлмөрийн үр шим болц нь гүйцсэн буудай шиг алтран шаргалтна.

“The Hu” хамтлагийн уран бүтээлийг бидний олонх нь “Биллборд”-ын шилдэг рок дууны жагсаалт болоод iTunes-т багтсан “Чонон сүлд”, “Юу вэ, юу вэ, юу” дуугаар нь мэддэг гэхэд хилсдэхгүй. Тэгвэл тоглолтондоо тэд дээрх хоёр уран бүтээлээсээ гадна “Бий биелгээ”, “Учиртай гурав” (ёгт дуу), “Хун ээж”, “Гэрэг”, “Бүсгүй”, “Агаар нэгэн буй”, “Ширгэ, ширгэ” зэрэг 13 дуу дуулж, тайзыг тэсэллээ. Дуу хоорондын завсарлага дундуур хамтлагийн ахлагч Галаа дуунуудынхаа утга учир, болоод юуны тухай өгүүлэн мөнхжүүлж байгааг тайлбарласан юм. Тухайлбал, “Бүсгүйн дуу” нь аян дайнд мордсон эр нөхрөө санан мөрөөдөх бүсгүйн тухай бол, “Хун ээж” нь намрын хяруу унаж халуун орон руугаа буцах болсон ч даль жигүүр нь ургаж гүйцээгүй дэгдээхийгээ сахин үлдэж, хөр цасан өвөлтэй золгож буй хунгийн тухай өгүүлнэ. Энэхүү дууг сонссон үзэгчдийн зарим нь өөрийн эрхгүй нулимс мэлтэлзүүлэн байсан нь дууны ая аялгуу, хоёр чавхдаст хуурын эгшигээр хэрхэн төгс илэрхийлэгдэж байгааг гэрчилж байв. Харин “Учиртай гурав” нь ёгт дуу бөгөөд энэхүү дууны хэмнэлд танхим тэр аяараа сэргэж, үзэгчид хөл дээрээ бүжлээ. Ёгт шүүмжлэлтэй тус дуугаараа одоо цагийн улс төрчдийг элэглээ юү гэмээр. Хамтлагийн гишүүн Жааяа “Бид бүхэн энэ нийгмийнхээ эд эс, ширхэг нь юм. Тэр ч утгаараа болж бүтэхгүй байгаа зүйлийг уран бүтээлээрээ дамжуулан хүргэх учиртай. Цаашид ч энэ зарчмыг баримтлах болно” гээд дуугаа хүргэсэн.

Дууны хэсгээс энд сийрүүлбэл,

Ингэх үү, Тэгэх үү, Эвсэх үү гурав

Ихэр үсэгтэй байна уу, үгүй юү

Идэх үү, Уух уу, Наргих уу гурав

Ижил утгатай байна уу, үгүй юү

Булган нударга дэрвэс, дэрвэс

Булцгар хуруу бултас, бултас

Бөлцгөр нүд нь тормос, тормос

Бомбгор хацар нь түмбэгэ, түмбэгэ

Онигор нүд нь очис, очис

Отог жийнс нь намас, намас

Ээ ээ, халаг халаг

Иеэ бөвө, иеэ бөвө… хэмээн өгүүлэн хөвөрнө.

Нуулгүй хэлэхэд Монголын дийлэнх уран бүтээлчдийн клип, амьд тоглолт хоёр нь тэнгэр, газар шиг зөрүүтэй байдагсан. Ямар сайндаа клипийг нь үзээд явж байдаг байж хэмээн халаглах үе надад олон байлаа. Харин “The Hu” энэ бодлыг минь няц дэвсэж, “Бид бол уран бүтээлчид, дуучид” гэдгээ зүрх сэтгэл, оюун бодолд минь тамгалаад үлдээв. Учир нь youtube-ээс миний хамгийн их сонссон “Чонон сүлд”, “Юу вэ, юу вэ, юу” дууг тэд танхимд цугласан үзэгчдэд яг л сэтгэлд хоногшсон тэр л анхны мэдрэмжээр нь хүргэж чадсанд одоо ч хөөрөн баярлаж сууна.  Дөрвөн өөр хоолой нэг болж хоршихдоо ямар хүчтэй, нүсэр, дахин давтагдашгүй өнгөөр дуугарсныг тоглолтод очиж, нүдээр үзэж, чихээрээ сонссон хүн л мэдэрч чадах болов уу. Энд үгээр илэрхийлэх ч арга алга. Магадгүй газраас дээгүүр, тэнгэрээс доогуурх мэдрэмж гэж үүнийг л хэлэх байх. Тэднээс бүхэл бүтэн гурван жилийнх нь нөр их хөдөлмөр нэвт, шувт ханхалж, урлаг гэж чухамдаа ямар утга учиртайг харууллаа. Түүнчлэн “Гэрэг” тоглолтоос амталсан мэдрэмжийн дэндүү час хийсэн нэг охь нь үндэсний их өв болсон хоёр чавхдаст хуур, лимбэ, бөмбөрийн дуугаралт байсныг энд онцлохгүй өнгөрч боломгүй. Үндэсний хөгжим минь ямар хүчтэй, ямар өргөн цар хүрээнд эгшиглэж чаддагийг энэ л тоглолтоос цоо шинэ сэрэл мэдрэмжээр мэдэрсэн. Үүнийг дан ганц би биш тэнд цугласан хэдэн зуун хүн таашаав, хэмнэлд нь хөглөгдөв. Хоёр цагийн тоглолтыг цөөн үгээр илэрхийлээч гэвэл тэдний дийлэнх нь хэсэгтээ л дуугаа хураах биз ээ. Учир нь боломжгүй юм. Учир нь “The Hu”-гийн дуу хоолой зүгээр л шид юм…

Тоглолтын төгсгөлд тус хамтлагийнхан “Чонон сүлд”, “Юу вэ, юу вэ, юу” дуугаа дуулсан ч үзэгчдийн хүсэлт, шахалтаар хоёр дахиж, тоглолтоо хүчээр өндөрүүллээ. Хаалтын индэр дээр “The Hu”-гийнхан “Хүннү рок”-ын үүсгэн байгуулагч, продюсер Б.Дашдондогийг урьж, түүнд талархсан сэтгэлээ илэрхийлсэн бол үзэгчид “Хү, Хү, Хү” хэмээн уухайлан түрж байв. Энэ үеэр  Б.Дашдондог “Яг энэ цаг дор бидэнтэй хамт байсан та нарт баярлалаа. Надад хамгийн чухал нь үзэгч та бүхэн минь л байсан шүү, өөр юу ч биш. Түүнчлэн энэхүү тоглолтыг АНУ-ын алдартай хамтлагуудын нэг ”Абердин”-ны залуус үзэхээр иржээ, та нарт баярлалаа. Мөн бид бүхнийг өнгөрсөн хоёр жил дараалан дэмжиж, төсөл хөтөлбөртөө хамруулсан БСШУСЯ-ны хамт олонд баярлалаа. Бидний хувцас хэрэглэл, хөгжмийн зэмсгээ урлах хөрөнгө мөнгийг яамнаас олгосон юм шүү” гээд үгээ өндөрлүүлэв. Түүний хэлсэн үгнээс нэг зүйлд ихэд олзуурхсан билээ. Дэлхийн соёл урлагийн түүхэнд үндэсний өв соёлоо тээн жинхэнэ утгаар нь зам татуулсан “The Hu” хамтлагиийнханыг ийнхүү өсөн дэвжихэд төр засгаас дэмжсэн нь үнэхээр нүдээ олсон ажил болжээ. Бид соёл урлагаа тал талаас нь дэмжээд, бойжуулаад өгвөл тэд дэлхийн соёлын дайнд мордоход алзах юм алга. Үүний тодоос тод жишээ нь “The Hu” байлаа.

Ардын Галаа, этник Тэмка, үндэсний Батхүү, хүннү Жааяа, язгуур Жамбаа, өв тээгч Өөнөө, уламжлалт Энкүш, натур хочит Одко нартай монголчууд тун удахгүй дахин уулзах биз ээ. Харин “The Hu”-гийнхан энэ зуныг соёлын дайнд зориулж, европын орнуудыг зорино. Алтан шар зам нь өлзий ерөөлөөр дүүрэн байж, “Хүннү рок” урсгалаар дэлхийг цочроох болтугай.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

To Top