ӨВ СОЁЛ

Үндэсний музейн их сангийн үүцээс дэлгэе

Цуглуулгын ихэнх нь монголчуудын өв соёлын нэн ховор, үнэт эд өлгийн зүйлс юм.

Гэрэл зургийг MPA.mn

“Өв соёл” булангаараа дамжуулан Монголын Үндэсний музейн алтан сан хөмрөгийн дээжээс уншигч таны оюун бодолд хүргэж байна. Тус музейд монголчуудын бүхий л үеийн түүх, соёл, угсаатны ховор нандин 60 орчим мянган үзмэр бий юм. Эдгээр үзмэрүүд нь Монголыг зорьдог жуулчдын нэг шалтгаан ч гэж хэлж болно. Харин Монголын Үндэсний музейн түүхэн замналын тухай цухасхан дэлгэрүүлбэл, 1921 онд хувьсгал ялсны дараагаар музей байгуулах бэлтгэл ажлыг Судар бичгийн хүрээлэн голлон хариуцаж, 1924 онд VIII Богд хааны үзмэрт байсан зүйлсийг хүлээн авч, Жонон ван Ширнэндамдингийн хашаа, байшинд хадгалж байгаад 1924 оны эцсээр албан ёсоор нээж, Жамъяан гүнг музейн даргаар томилж байжээ.

Энэ музей нь өнөөгийн Монголын Үндэсний музейн эх үүсвэр байсан бөгөөд түүхэн хөгжлийнхөө явцад олон удаа өөрчлөгдөн шинэчлэгдэж ирсэн юм. 1931 онд “Хувьсгалын музей”, 1940 онд “Орон нутаг судлах Улсын төв музей”, 1956 онд ”Улсын төв музей”, 1971 онд ”Монгол Ардын Хувьсгалын музей”, 1991 онд “Монголын үндэсний түүхийн музей”, 2008 оноос “Монголын үндэсний музей” болон өргөжиж, үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар өдгөөг хүрлээ. Цуглуулгын хувьд Монгол Улсын нийт музейн үзмэрийн 30 гаруй хувийг буюу 60 орчим мянган нэгж үзмэрийг хадгалан хамгаалж, судлан шинжилж, дэлгэн үзүүлдэг судалгаа, сурталчилгааны төв байгууллага бөгөөд нийт үзмэрийн 10 гаруй хувийг байнгын үзүүллэгийн танхимаар дамжуулан үзэгчдийн хүртээл болгодог юм. Цуглуулгын ихэнх нь монголчуудын өв соёлын нэн ховор, үнэт эд өлгийн зүйлс юм.

ХОС ДӨРӨӨ

Энэхүү хос төмөр дөрөөг Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 124 дүгээр тогтоолоор “Хосгүй үнэт” дурсгалт зүйлээр батлагдсан. Холбогдох он цагийн хувьд XIXII зууных аж. Өндөр нь 17-18 см бол өргөн 13.5 см, тавагны зузаан 0.2 см. Шинж байдлын хувьд хавирган хэлбэртэй, босоо дөрвөлжин сэнжтэй, тавагны зарим газраар сэлтэрч алга болсон. Эдгээр дөрөөнүүдийг төмрөөр цутгаж хийжээ. Хос дөрөөний түүхийг сөхвөл, 1999 онд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутгаас тус аймгийн Бууцагаан сумын иргэн Х.Дэмбэрэл ан хийж яваад санамсаргүй байдлаар хадны оршуулгаас олжээ. Тэрбээр тус хадны оршуулгын талаар Монголын Үндэсний музейд мэдэгдэж, уг мэдээллийн дагуу 2001 оны намар Монголын Үндэсний музейн археологич Г.Эрэгзэн, сан хөмрөгч Б.Энхбат, ШУА-ийн Түүхийн Хүрээлэнгийн археологич У.Эрдэнбат нар Герман судлаачдын хамт дурсгалт газар очиж ажилласан аж. Энэ үеэр нум, сум, хоромсого, ташуур гэх мэт олон сонин дурсгал илрэн гарсны нэг нь энэхүү хос дөрөө байжээ. МӨНГӨН БУГА Тус үзмэр нь Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 241 дүгээр тогтоолоор “Хосгүй үнэт” дурсгалт зүйлээр батлагдсан. Мөнгөн буга нь холбогдох он цагийн хувьд YI-YIII зуун. Өндөр 16 см, урт 12 см, жин 242 гр юм. Шинж байдлын хувьд хүзүүгээ дээш сунган цэх зогсож буй дүрслэлтэй бугын эвэр, толгой, чих, хүзүү, сүүл, их биеийн зарим хэсгийг алтаар шарсан. Босоо далбагар өрөөсөн чихтэй. Бугын хоёр дал, ташаан толгой орчимд урдаас хойш нь ургамлын цэцгэн хээгээр жигүүр мэт зүйлийг дүрсэлж, алтаар шарсан аж. Нэг эвэр нь хугархай нөгөө нь зургаан салаатай, гагнаасгүй.

АЛТАН ТИТЭМ

Энэхүү алтан титэм нь мөнгөн буганы ижил Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 241 дүгээр тогтоолоор “Хосгүй үнэт” дурсгалт зүйлээр батлагдсан. Холбогдох он цаг нь YI-YIII зуун бөгөөд өндөр нь 9.3 см, урт нь 23 см, жин нь 80 гр. Шинж байдлын хувьд титэмний голд жигүүрээ дэлгэсэн, бахим хошуутай, хошуундаа эрдэнийн чулуу зуусан шувууг товойлгож хийсэн. Шувууны өд жигүүрийг сийлж гаргасан. Титэм дээр ургамлын дүрстэй хээгээр угалзруулан чимэглэжээ. Эрдэнийн чулуу тогтоож байсан бололтой олон нуух хоногтой байна.

ЯЛТСАН ГУТАЛ

Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 241 дүгээр тогтоолоор “Хосгүй үнэт” дурсгалт зүйлээр батлагдсан. Холбогдох он цаг нь XY-XYI зуун. Өндөр нь 47 см, урт нь 28 см, өргөн нь есөн см, жин 2.1 кг юм. Хийсэн материал нь төмөр болоод савхи, ялтас аж. Шинж байдлын хувьд төмөр ялтсан дотортой, хүрэн савхин гутал. Түрийн дээрээ сойж уях тасман татууртай. Уг гутлыг Архангай аймгийн иргэн Р.Дашрагчаа гуайн дээд удмынхан долоон үе дамжин хадгалж байсныг 1953 онд Архангай аймгийн Орон нутгийн судлах музейн эрхлэгч н.Самдан авч эрдэмтэн О.Намнандоржоор дамжуулан Шинжлэх ухааны хүрээлэнд ирүүлсэн. Энэхүү гутал монголчуудын байлдааны хувцас хэрэглэлийн тухай бодит мэдээлэл өгч байгаа “түүх соёлын хосгүй үнэт дурсгал”-т эд өлөг билээ.

ГЭР ТЭРЭГНИЙ ЦӨН

“Хосгүй үнэт” дурсгалт зүйлээр батлагдсан энэхүү гэр тэрэгний цөн нь холбогдох он цагийн хувьд XIII-XIV зуун юм. Диаметр нь 35 см бол жин 20 кг ширэм цөн. Шинж байдлын тухайд ширмээр цутгасан зургаан тал бүхий гэр тэрэгний цөн. Монгол орноос олдсон хамгийн том цул цөн (тэрэгний голд хамгаалалт бэхэлгээ болгож хийдэг төмөрлөг) юм. XIII-XIV зуунд Хархорум хотод цутгасан хэмээдэг. Монголчууд эртнээс нааш олон төрлийн тэрэг хэрэглэж байсан тухай сурвалж бичигт тэмдэглэгдсэнээс гадна эртний хот уудыг судалсан археологийн малтлагаар батлагдаж байна. Энэхүү цөн нь 1949 онд Хархорум хотын тууриас олдсон. Тэрэгний модон булд цөн суулгаж голд нь төмөр жан, чих суулгах нь холхивч, үрэлтийг тооцож түүний даац, эдэлгээг нэмэгдүүлдэг давуу талтай. Судалгааны үр дүнд олон төрлийн хөдөлмөрийн багаж, байлдааны хэрэглэлийг ширэм, гууль, хүрэл, төмрөөр цутган үйлдэж байсан баримт үлэмжхэн олдсон нь Монголд төмөрлөг боловсруулалт сайн хөгжсөний баримт болж үлдсэн юм.

ШИРМЭЛ ШИРДЭГ

Хүннүгийн үе, МЭӨ III-МЭ I зуунд холбогдох энэхүү ширмэл ширдэгний хэмжээ нь 265х60 см аж. Хийсэн материал нь эсгий, торго, ноосон утас. Шинж байдал нь гэвэл Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Ноён уулны зургадугаар булшнаас 1924 онд олдсон. Эсгийгээр эх биеийг хийж, торго, даавуугаар өнгөлсөн. Хар хүрэн торгоор хөвөөг эмжсэн бөгөөд зээг тавьж ургамал амьтан, үүлэн хээ зэргийг дүрсэлсэн байна. Эмжээрийн дотор талд эргэн тойрон 24- 28 см хэсэг зурвасыг ханалан ширж түүн дээр ургаа модны дүрсийг ноосон утсаар товойлгон шигүү ширжээ. Мод тус бүрийн хооронд хос хосоор ноцолдож буй амьтдын дүрсийг өнгийн утсаар ширж хийсэн байна. Уг ширдэг анх олдохдоо 2.6х1.95м хэмжээтэй байсан бөгөөд ширдэгний тал хэсгийг ОХУ-ын Эрмитажид, нөгөө хэсгийг Монголын Үндэсний музейд хадгалж байгаа юм.

АРГАЛЫН ТОЛГОЙТОЙ ХҮРЭЛ СЭЛЭМ

Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 124 дүгээр тогтоолоор “Хосгүй үнэт” дурсгалт зүйлээр баталсан юм. Холбогдох он цаг нь МЭӨ 3000-МЭ 700 он. Урт нь 44 см, өргөн нь 3.7 см, зузаан нь 1.5 см. Шинж байдлыг нь дурдвал,Сэлэмний бариулыг угалзарсан эвэртэй аргалын толгойт дүрсээр чимэглэсэн. Амьтны загварт урлагийн сонгодог жишээ болохуйц дурсгал бөгөөд сэлэмний үзүүр хэсэг хугарч алга болжээ. Энэхүү сэлмийг цутгуурын аргаар хийсэн бөгөөд сэлэмний бариулын орой дээр угалзарсан эвэртэй аргалын толгойг маш урнаар дүрслэн гаргаж, толгойн багалзуур хэсэгт өлгөх зориулалттай жижиг цагирган сэнж хийсэн. Энэ төрлийн олдвор нь Монгол орны археологит төдийгүй хөрш зэргэлдээх орнуудын археологийн дурсгалууд дотор маш ховор тохиолдох учир түүх археологийн чухал хэрэглэгдэхүүн гэж үдэг юм. Энэхүү сэлмийг 1984 онд Ховд аймгийн Дарви сумын иргэн Доржийн Мөнхчимэг гэж хүн Монголын үндэсний музейн үзмэрт шилжүүлэн өгсөн юм.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Most Popular

To Top