НИЙГЭМ

Дуран авайны мастерууд цуглаж, дундаасаа ерөнхийлөгчөө сонголоо

Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооны III их хурал Улсын Филармоны байранд болж, 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн төлөөлөл бүхий 150 орчим гэрэл зурагчин оролцлоо.

Гэрэл зургийг MPA.mn

Өдгөөгөөс 85 жилийн өмнө Монгол Улсад гэрэл зургийн алба үүсч, хөгжжээ. Гэтэл энэ хугацаанд дуран авайны мастерууд маань Их хурлаа хоёрхон удаа зохион байгуулсан байдаг гэнэ. Тодруулбал, 2007 онд I их хурал, 2015 онд II их хурлаа хийж, уг хурлаас шинэ бүтэц, зохион байгуулалттайгаар ажиллахын зэрэгцээ УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгчөөр сонгож байжээ. Тэгвэл энэ сарын 12-нд Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооны III их хурал Улсын Филармоны байранд болж, 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн төлөөлөл бүхий 150 орчим гэрэл зурагчин оролцлоо.

Хурлыг МГЗНХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батбаатар нээж, II их хурлаас III их хурал хүртэлх хугацаанд МГЗНХ ямар ажил хийсэн талаар товч танилцууллаа. Түүний илтгэлийг сонсож байхад гэрэл зурагчид маань өнгөрсөн дөрвөн жилд цуцашгүй хөдөлмөрлөж, ургац арвин авчээ. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд тус салбараас Соёлын гавьяат зүтгэлтэн гурав төрж, зөвхөн 2018 онд л гэхэд ахмад гэрэл зурагчин Л.Санжмятав гуайн “Хот, хотынхон”, Н.Цэрэннадмид гуайн “Гэрэл зураг-Гэгээн дурсамж”, гэрэл зурагчин Э.Эрдэнэбаярын “Амьдрал миний дуранд”, спортын зурагчин Э.Харцага, Н.Ганбат нарын Азийн наадмаас хийсэн фото сурвалжлагаас бүтсэн үнэ цэнэтэй олон үзэсгэлэнг гаргасан байна. Мөн “П.Шагдарсүрэн 100 жил” түүхэн гэрэл зургийн ном хэвлүүлж, UBS телевизтэй хамтран гэрэл зурагчдын дунд “Асах гэрэл” шоу нэвтрүүлгийг зохион байгуулжээ. Түүнчлэн Олон улсын хэвлэлийн гэрэл зурагчдыг багтаасан “Өнөөдрийн М онгол” төслийг Үнд эсний брэндийн бодлогын зөвлөлтэй хамтран хэрэгжүүлсэн нь Монгол Улсыг дэлхийд сурталчилсан үр дүнтэй ажил болсон гэдгийг тодотгож байлаа. Ингээд зогсохгүй улирлын чанартай маш олон фото аяллыг зохион байгуулж, гадаад харилцаагаа өргөжүүлэхэд ихээхэн анхаарсан нь хийсэн ажлаас нь харагдсан юм. Мөн МГЗНХ-ны Удирдах зөвлөлийн дарга Л.Ганзориг “Монголын гэрэл зургийн өнөөгийн байдал, хөгжлийн асуудал” сэвдээр илтгэл тавьсан.

Тэрбээр илтгэлдээ “Бид бүхэн гэрэл зургийг хальснаас дижитал хэлбэрт шилжих (2000 оноос хойш) явцыг харсан түүхэн үеийн гэрч болсондоо баяртай байдаг. 1997 онд П.Очирбат гуайн сонгуулийн зурагт хуудсыг хийх гэж хэдэн ч шөнө нойргүй хонож байв. гэтэл 20 гаруй жилийн дараа үзсэн юм бүхнээ хэвлэдэг болчихсон байна. Залуу гэрэл зурагчид маань гадаад харилцааг маш сайн хөгжүүлж байна. Гэрэл зурагчин Б.Рэнцэндорж “Reuters” агентлагт, Б.Бямба-Очир AFP агентлагт фото зураг нийлүүлж байна. Мөн Японы “Киодо” агентлаг байна, цаашлаад ОХУ, БНХАУ, БНСУ-тай харилцаагаа өргөжүүлж байна. Техник технологийн хувьд дэлхий нийтээс хоцрохгүй явж байгаа” гэсэн юм. Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооны III их хурлын үеэр нэгэн онцгой үйл явдал болсон. Энэ нь гэрэл зургийн нэрт мастер, Соёлын гавьяат зүтгэлтэн Магсарын Цэрэнжамц агсаны нэрэмжит анхдугаар уралдааны шилдэг бүтээлийн эздийг тодруулсан явдал байв. Уралдааны эцсийн шатанд тунасан 30 орчим бүтээлийг 150 төлөөлөгчийн өмнө дэлгэсэн бөгөөд гишүүд өөрт таалагдсан бүтээлд оноо өгөх зарчимаар явагдав. Гишүүдийн саналаар I байрт МОНЦАМЭ агентлагийн гэрэл зурагчин Б.Чадраабалын “Эрх мэдлийн төлөөх тэмцэл” бүтээл, II байрт МОНЦАМЭ агентлагийн Өвөрхангай аймаг дахь сурвалжлагч С.Чинбатын бүтээл, III байрт “Гамма” агентлагийн гэрэл зурагчин Д.Даваанямын бүтээл шалгарч, шагналыг М.Цэрэнжамц агсаны хүү Ц.Онон, шавь нь болох “Үнэн” сонины гэрэл зургийн албаны дарга Н.Бөхдамбий, Ц.Батбаатар нар гардуулсан юм. Энэхүү арга хэмжээний дараа МГЗНХ-ны Хяналтын зөвлөлийн гишүүн Н.Гансүх санхүүгийн тайлантай холбоотой мэдээлэл өгөв.

Тэрбээр хэлэхдээ, өнгөрсөн дөрвөн жилд МГЗНХ сайн ажилласан ч гишүүдийн татвар төлөлт тун хангалтгүй байсныг хэлсэн. Ингээд өдрийн 15.00 цагт МГЗНХ-ны ерөнхийлөгч болон Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох санал хуралтыг эхлүүлэв. МГЗНХ-ны ерөнхийлөгчид Соёлын гавьяат зүтгэлтэн С.Цацралт, МГЗНХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батбаатар, Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, гэрэл зурагчин Ч.Ганбат нар нэр дэвшсэн ч С.Цацралт өөрийн хүсэлтээр нэрээ татаж, улмаар үлдсэн хоёр нэр дэвшигч дээр мандатаар ил санал хураалт явуулсан юм. Ингээд төлөөлөгчдийн олонхийн саналаар Ц.Батбаатар МГЗНХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Энэ үеэр Соёлын гавьяат зүтгэлтэн, гэрэл зурагчин С.Цацралт “Манай гэрэл зурагчид цаашид юу хийх вэ гэхээр хүн бүр өөрсдийн ур чадвар, мэдлэгээ сайжруулах хэрэгтэй байна. Бид өөрсдөө хөгжиж байж Монголд гэрэл зураг хөгжинө, гэрэл зургийг олон нийт хүлээн зөвшөөрнө. Дараа нь Монголын гэрэл зурагчид дэлхийн түвшинд гарна. Хамгийн наад талын жишээ гэвэл шувууны гэрэл зураг байна. Өнөөдөр бид шувууны гэрэл зургаар дэлхийд танигдчихлаа. Дэлхийн том, том агентлаг, газрууд манайхаас шувууны зураг асууж, сураглаж, авч байна. Бидний гэрэл зургийг ашиглаж чадаж байна. Яг үүн шиг бусад гэрэл зурагчид маань ажиллах хэрэгтэй байна. Хэвлэлийн гэрэл зурагчид маань бас гадагшаа, дотогшоо холбогдож, ажиллаж байна. Яг иймэрхүү клубын системийг өөрсдөө бий болгоод ажилламаар байна. Ингэж байж өсч дэвших боломжтой болох юм.

Сайн жишээ гэвэл “Тусгал” клубынхан байна. “Тусгал”-ынхан яадаг вэ гэхээр өөрсдийгөө хөгжүүлэхийн тулд янз бүрийн хүмүүсийг урьж, уулзалт ярилцлага хийдэг. МГЗНХ яг ийм клубын системд хүмүүсээ сайн оролцуулаад хөгжүүлээд явбал тун сайн. Клубээс гарсан саналыг мөн дэмжинэ. Гадаад, дотоод харилцаа холбоогоо сайжруулж, багш урих зэрэг ажлуудыг хийвэл зүгээр. Намайг МГЗНХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэнд баярлалаа.

Гэхдээ Ц.Батбаатар, Л.Ганзориг нар шиг ажилладаг хүн олох хэцүү. Тийм болохоор өөрийнхөө нэрийг татах саналтай байна. Залуучууд маань ажлаа хийх нь зөв байх гэж бодож байна” гэсэн юм. Үүний дараа Удирдах зөвлөлийн 11 гишүүн, Хяналтын зөвлөлийн таван гишүүнийг мөн заалнаас нэр дэвшүүлж, мандатаар ил санал хураалт явууллаа. уз-ийн 11 гишүүнд:

1. С.Цацралт

2. Ч.Ганбат

3. Л.Ганзориг

4. С.Бадамханд

5. Б.Батцэрэн

6. Л.Жаргалсайхан

7. Ч.Батдорж

8. Б.Чадраабал

9. Н.Гансүх

10. Д.Октябрь

11. Г.Эрдэнэтуяа нар багтсан бол, Хяналтын зөвлөлд П.Баттулга, В.Баттулга, Г.Ган-Өлзий, Н.Бат-Эрдэнэ, Д.Нармандах нар сонгогдлоо. Ийнхүү дуран авайны их мастерууд цуглаж, ээлжит ерөнхийлөгчөө сонголоо.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Most Popular

To Top