ТҮҮХЭН ОЙ

Ууган театрынхан түүхээ дэлгэлээ

Жил бүрийн гуравдугаар сарын 27-нд тохиодог Дэлхийн театрын өдрийн хүрээнд Дорнод аймгийн музей, Алтан гадас одонт Хөгжимт драмын театр хамтран “Хөдөөгийн ууган театр” үзэсгэлэнг Монголын театрын музейд өчигдөр дэлгэлээ. Энэхүү үзэсгэлэнд Дорнодын театраас төрөн гарсан алдартнуудын гэрэл зураг, эдлэл хэрэглэл, одоо ажиллаж байгаа залуу уран бүтээлчдийн бүтээлээс тавьж олны хүртээл болгосон бөгөөд үзэсгэлэнгийн эзэд ирсэн зочиддоо урлагийн бяцхан тоглолт сохирхуулав. Энэ үеэр Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын дарга Н.Энхбаяртай цөөн хором ярилцлаа.

-Дорнод аймгийн театр үүсэн байгуулагдаад хэчнээн жил болж байна вэ?

-Манай театр хөдөө орон нутагт байгуулагдсан мэргэжлийн урлагийн анхны театр гэж нэрлэгддэг.1948 оноос хойш өдгөө 71 дэх жилтэйгээ золгож байна. Анх Дорнодоос 32 хүнийг хот руу буюу Хөгжим бүжгийн коллежид сургаж, жүжигчин, бүжигчин, хөгжимчин гэсэн мэргэжлээр төгсгөж байв.

-Аймгийнхаа театраас гарсан алдар цуутнуудын тухай яриа дэлгээч. Монгол улсын ардын жүжигчин Г.Жамъяан, XX зууны манлай эмэгтэй жүжигчин Т.Цэвээнжав гээд бий шүү дээ?

-Ардын жүжигчин Д.Жаргалсайхан гээд сая хэлсэнчлэн Дорнод аймгийн театраас арав гаруй гавьяат төржээ. Харин Дорнод нутгаас 20 орчим алдартнууд төрөн гарсан байдаг.

-Танай театр өнөөдрийн байдлаар хэчнээн уран бүтээлчтэй үйл ажиллагаа явуулж байна?

-80 гаруй уран бүтээлчтэйгээр уран бүтээлээ хийж байна. Театр маань шинэ байранд ороод дөрвөн жил болж байгаа. Хөдөө орон нутгийн хувьд томоохон театртаа орно.

-Уран бүтээлийн хувьд ямар бүтээлүүдийг үзэгчдэдээ хүргэж байна вэ. Хамгийн сүүлд ямар жүжиг, зохиол тоглов?

-Хамгийн сүүлд алдарт “Лийр ван” жүжгийг тайзнаа тавилаа.

-Хөдөөгийн иргэд театрт хэр очиж, үзвэр үзэж байна вэ?

-Иргэд их идэвхтэй шүү. Театр маань ч тав тухтай, тайз дэлгэц сайтай. Үзэгчдээр үргэлж дүүрэн байдаг юм.

-Нийслэлд гаргаж байгаа “Хөдөөгийн ууган театр” үзэсгэлэн хэр хугацаанд үргэлжлэх вэ?

-Хоёр (өчигдөр, өнөөдөр) хоног гарна. Ийнхүү Монгол Улсын ууган театрын нэг болох Дорнод аймгийн театрынхан Улаанбаатарт ирж, түүхээ дэлгээд буцаж байна.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Most Popular

To Top