ЯРИЛЦЛАГА

Х.Хүслэн: Амжилтыг би гурван талын хөдөлмөр гэж хардаг

Хүүгийн арван хуруу хаан хөгжмийн хар, цагаан даралт дээр бүжиглэхийн зэрэгцээ хөнгөн бийр, өнгийн будгаар чадамгай “наадна”. Хөгжимдөнө, зурна, шүлэглэнэ… бас муугүй математикч юм.

Хүн эцэг, эхийн ачийг хариулж чаддаггүй юм гэсэн. Харин тэднийхээ биелүүлж чадаагүй мөрөөдөл, хүсэл тэмүүллийг нь үргэлжлүүлж, сэтгэл юуг нь чилээлгүй хүний дайтай амьдарч чадвал болох нь тэр. Ижий аавын магнайг тэнийлгэсэн ийм л нэгэн эрдэнэ бол Хосбаярын Хүслэн. 13-хан настай энэ хэвлүүхэн хүүтэй ярилцаж суухад хэтэд тээсэн том зорилго нь нүднийх нь харц, үгийнх нь гүнээс сэвэлзэх юм. Тэрбээр Монгол Улсын Консерваторийн 8а ангид суралцдаг бөгөөд төгөлдөр хуурын багш Г.Ганчимэгийн удирдлага дор найм дахь жилдээ хичээллэж байна.
Хүүгийн арван хуруу хаан хөгжмийн хар, цагаан даралт дээр бүжиглэхийн зэрэгцээ хөнгөн бийр, өнгийн будгаар чадамгай “наадна”. Хөгжимдөнө, зурна, шүлэглэнэ… бас муугүй математикч юм. Хүүгийнхээ энэ их авьяасыг хөгжүүлж, цаг ямагт урамшуулан шантрах үед нь үгийн хүчээр өндийлгөж чаддаг түүний ижий аавд талархах нь зүйтэй болов уу. Ингээд Х.Хүслэнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе. 

-Чамайг таван нас­тайдаа Хөгжим бүжгийн коллежид шалгалт өгч, тэнцэж байсан гэж сонслоо. Найман жилийн өмнөх шалгалтын тэр өдөр сэтгэлд чинь тод­хон үлдсэн болов уу. Дур­самжаасаа хуваал­цаач?

-Хэдий би таван настай байсан ч тэр өдрийг хэзээ ч мартдаггүй. Маш олон хүүхэд шалгалт өгч байсан. Миний хувьд сонсгол, дуу хоолойны өнгө, хөгжмийн мэдрэмжээ шалгуулаад тэнц­сэн юм. Төгөлдөр хуурын Г.Ганчимэг багшийн­хаа удирдлага дор найм дахь жилдээ суралцаж байна. Багшдаа үргэлж талархаж явдаг.

-Амжилтын эхлэл болсон хамгийн анхны тэмцээн, хэдэн он байв?
-Хоёрдугаар ангид байхдаа анхны тэмцээндээ оролцож байлаа. Энэ нь улсын чанартай тэмцээн байсан. Харин тавдугаар ангиас эхэлж олон улсын тэмцээнд оролцох болсон. Тухайлбал, Ж.Чулууны нэрэмжит 11 дэх удаагийн Олон улсын өсвөрийн за­луу төгөлдөр хуурчдын ур чадварын уралдаанд орол­цож, II байр эзэлсэн. Энэ миний оролцсон хамгийн анхны олон улсын чанартай тэмцээн байсан юм.

-Гаргасан амжилт бүрийн дараа чухам юу бодогддог вэ?

-Хүн хөдөлмөрлөж чад­вал хэзээ нэгэн цагт үр шимийг нь хүртэж таарна. Би ингэж л боддог юм. Хамгийн гол нь өөрөө л хичээх хэрэгтэй. Түүнчлэн намайг өдий дайтай болгосон аав ээж, багшдаа маш их баярладаг шүү. Учир нь амжилтыг би гурван талын хөдөлмөр гэж хардаг, хүүхэд, эцэг эх, багш. Үүний хүчинд л амжилтад хүрнэ. Бас амжилтынхаа ард бахархаж сайрхах бус улам илүү хичээж суралцана гэж боддог юм.

-Төгөлдөр хуур тог­лоод суух яг тэр үеийн мэдрэмж ямар бол?
-Төгөлдөр хуурч хүмүүс “Тоглож байгаа аяныхаа утга санааг хүмүүст хүргэх ёстой” гэж их ярьдаг. Энэ нь суралцаж байгаа хүүхдүүдийн хувьд хэцүү л дээ. Миний хувьд одоогоор өөрийгөө болоогүй гэж бодож байгаа ч төгөлдөр хуур тоглох тэр мөчид өөрөө өөртөө маш их таашаал, үгээр илэрхийлшгүй мэдрэмжийг авч чаддаг юм.

-Танай сургууль эн­гийн сургуулиудыг бод­вол ачаалал их, зав бага. Энэ бүхнээс болж шантрах үе гарч байв уу?

-Хөгжим, ерөнхий эрдэм хоёроо цугт нь үздэг болохоор маш их ачаалалтай байдаг. “Хэрэв би энгийн сургуульд сурдаг байсан бол өдийд завтай л байх байсан даа” гэж шантрах үе надад олон байсан. Энэ бүхэнд ээж, аав хоёр минь түлхэж өдийг хүргэлээ. Анхлан төгөлдөр хуурын хичээлдээ ч дуртай байгаагүй.

-Шантарсан тэр үе яг хэдэн нас вэ?

-3-5 дугаар анги. Яагаад гэвэл энэ үедээ юмны учрыг сайн ойлгож мэдэхгүй байсан л даа. Сургуульдаа ч аав, ээжийнхээ хүсэлтээр орж ирсэн байсан. Харин  зургадугаар ангид ордог жилдээ аливаа зүйлийг сайн ойлгож, ухамсарладаг болсноор юмыг өөр өнцгөөс хардаг болсон юм. Төгөлдөр хуур хөгжимдөө ч дуртай болж ирсэн. Ер нь хөгжим гэдэг тоглох тусам өөртөө татдаг маш гоё зүйл.

-Одоо бол хөгжимд дурлагч нэгэн болжээ, бүр сонгодог хөгжмийн ном гаргасан байна. Ингэ­хэд номонд орсон зураг бүрийг өөрөө зурсан гэсэн үү?

-Тийм. Энэ номыг би зургадугаар ангидаа буюу 2016 онд гаргасан юм. Чайковскийн хүүхдийн 24 хөгжмийн зохиолыг баг­таасан. Ингэхдээ хөгжим бүрийн утга санааг илэр­хийл­сэн зургуудыг өөрөө зурж, зохиолынх нь хажууд хэвлүүлсэн байгаа. Учир нь тухайн хүүхэд тоглож буй хөгжмийнхөө утга санааг сайн ойлгож чадвал илүү чад­варлаг тоглоно. Мөн ном доторх хөгжим бүр дөр­вөн мөрттэйгээс гадна хөгж­мийн зохиолуудаа төгөл­­дөр хуур дээр тоглож, хуурцганд буулгаад хамтатгасан.

-Зурах авьяасын та­лаар илүү дэлгэрүүлж яриач. Хэзээнээс зурж эхлэв?

-Гурван настайгаасаа зурж эхэлсэн. Чөлөөт цагаа­раа болж өгвөл зураг зурна. Байгаль, ан амьтан, дуртай киноныхоо баатруудыг зурах дуртай. Мөн боломжоороо гар зургийн тэмцээн уралдаанд оролцохыг хичээдэг.

-Х.Хүслэн алсад тээ­сэн том зорилгоосоо хуваал­­цаач. Ямар мэргэ­жилтэй болно гэж бодож байна?

-Хийх дуртай зүйл олон байгаа ч мэргэжлийн төгөлдөр хуурч болно гэж боддог. Яагаад гэвэл олон жил энэ мэргэжлээр суралцаж байна. Цаашид ч суралцана. Энэ бүх хөдөлмөрөө үнэгүйдүүлж болохгүй шүү дээ.

-Чамд амжилт хүсье.

Хосбаярын Хүслэнгийн гавьяа шагналыг жагсаая гэвэл сонины энэ нүүр багадана. Тиймээс зөвхөн 2018 онд гаргасан амжилтуудаас нь дурдъя.
• Белградын олон улсын хөгжмийн тэмцээний I байр (оноо 92,33/100).
• И.С.Бах-д зориулсан “XXI зууны хөгжмийн өргөл” уралдааны C ангилалд хүрэл медаль.
• Б.Сметанагийн нэрэмжит өсвөрийн төгөлдөр хуурчдын III уралдааыд A ангилалын Гран- При.
• Итали улсын Рагуса хотод болсон “Ibla Grand Prize” XXVII уралдаанд Артур Ахмадиевтай хамтран төгөлдөр хуурын хоршилоор I байр (оноо 9.00).
• Оны шилдэг уран бүтээлчдийн “Virtouso” гала тоглолтонд урилгаар оролцож тоглосон.
• Чех улсад болсон “Virtuosi per musica di pianoforte” уралдааны гуравдугаар ангилалд III байр.
• “Би ирээдүйн сансрын нисгэгч” гар зургийн уралдаанд шагналт байр.
• Сумо бөхийн холбооны 25 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан хүүхдийн гар зургийн уралдаанд I байр.
• Монгол Улсын 2018 оны “Оны онцлох хүүхэд”-ээр шалгарсан.
• Сүхбаатар дүүргийн “2018 оны шилдэг хүүхэд”-ээр тус тус шалгарсан.

Х.Хүслэн: Амжилтыг би гурван талын хөдөлмөр гэж хардаг
Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

To Top