ЯРИЛЦЛАГА

Г.ЖИГЖИДСҮРЭН: Морин дэл дээр зэр зэвсэг агссанаар монгол араншин, өв, бахархал гараад ирэхгүй

Монгол Улсын ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Г.Жигжидсүрэн гуай амьдралынхаа 60 шахам жилийг Монголын кино урлагт зориулж яваа уран бүтээлч. Ингэж нэгэн зүйлд амьдралаа тэр чигт нь, чин үнэнчээр зориулна гэдэг амаргүй. Ийм л эрхэм хийгээд хийж буй зүйлийнхээ эзэн нь болсон хүмүүс энэ цагийн кино урлагийн салбарыг дэнсэлж, шүүх эрхтэй гэж бодно. Тиймээс Жийгээ найруулагчтай өнөө цагийн Монголын киноны ололт болоод басхүү засаж сайжруулах зүйлсийн тухай ярилцлаа.

-Сайхан өвөлжиж байна уу. Та амьдралынхаа хамгийн үнэ цэнэтэй цаг хугацааг Монголын кино урлагт зориулж яваа нэгэн. “Монгол киноны чанар унасан” гэх яриа их сонсогдох болсон. Энэ тухай таны бодлыг сонсох нь шинэ залуу уран бүтээлчдэд юу юунаас чухал байх?

-Одоо цагийн монгол киног үзэгч, судлаачид арилжааны болчихлоо гэж дуугараад байгаа. “Дандаа зоосны нүхээр харж кино хийж байна” гэх жишээтэй. Тухай нь, үзэгчдийн сэтгэлд хоногшсон дүр алга болсон. Ягаан Гажид, Итгэлт баян, “Анхны алхам”-ын “Ингээд л миний нэр байдаггүй юм” гэдэг галч өвгөн зэрэг дүрүүдийг л үзэгчид нэхээд байна. Энэ бүхнийг эргэцүүлээд бодохоор “Монголкино” үйлдвэр байх үед зохиол, найруулга, жүжигчид нь сайн байж. Жүжигчид маань ч дүрдээ мундаг орж байж. Үр дүнд нь сэтгэлд мөнхөрсөн олон сайхан дүр бүтжээ. Харин өнөөдөр  Монголын кино урлагт хоёр том ангал буй болчихсон байна.

-Чухам ямар ангал үүсчихэв ээ?

-Нэгдүгээрт, бүх түвшинд уран чадвар унасан. Уран бүтээлчдийн хандлага өөр болсон. Энийг хэлэхээс ч өөр арга алга. Хоёрдугаарт, мэргэжлийн талаас харж бичиж байгаа кино зохиол ширхэг ч алга. Ингэж хэллээ гээд цуурсан хэрэгт орохгүй гэж бодож байна. Би маш олон хүний зохиол авч уншлаа. Сүүлийн үед бүр уншихаа больсон. Мэдээж киноны зохиол адармаатай. Учир нь тууж, өгүүллэг, роман, жүжгээс огт өөр. Жүжгийн зохиол үгээр дамжиж хүнд хүрнэ. Гол хүч нь үг. Харин кино бол дүрслэлийн урлаг. Үүнийг л ерөөс ойлгохгүй юм. Бичиж байгаа зохиолоо “нүдэндээ харж, сэтгэлээрээ мэдэрч цаасанд буулгаачээ” гэж хэлмээр байна.

-Таныхаар сайн зохиолч хэн байна, хэн байв?

-Сормууниршийн Дашдооров, Сэнгийн Эрдэнэ хоёрыг би нэрлэнэ. Мэргэжлийн сургууль төгсөөгүй ч гэсэн мэргэшсэн сайн зохиолчид байсан. Мөн монгол киноноос төрж мэргэшсэн мундаг зохиолч бол манай Чимэдийн Гомбо. Түүний маш олон сайхан кино бий. Тэрбээр яахын аргагүй авьяастай. Зарим хүн авьяасыг танхимд сураад олоод авчих юм шиг ярьдаг.

-Мэдээж төрмөл авьяас хэрэгтэй байх?

-Угаасаа авьяас гэдэг чинь төрмөл юм шүү дээ. Дээрх хүмүүст ийм л авьяас заяасан юм. Бас нэг хүн бий, Нансалын Уранчимэг. Телевизэд ажиллаад зохиол бичихээ болилоо. “Алаг мэлхийн хонх”, “Аргамжаа”, “Тэнгэрийн амьтан” гээд хэд хэдэн сайн кино хийсэн. Мөн Бавуугийн Лхагвасүрэн байна. Ярих юмгүй, Монголын орчин үеийн яруу найргийн том төлөөлөгч, ноён оргилуудын нэг. Хэн ч үүнийг үгүйсгэхгүй. Лхагвасүрэн бол “Кино бол дүрслэлийн урлаг юм шүү” гэдгийг үнэхээр мэдэрсэн нэгэн. Тийм ч учраас Лхагвасүрэнтэй ажиллахад урамтай байдаг. Бид хоёр “Хүн чулууны нулимс”, “Бүлээн нурам”, “Амин мөр”, “Араатан” гэж дөрвөн кино хамтран бүтээсэн. “Араатан” нь даанч шатаагдсан л даа. Харин одоогийн кино зохиолын тал нь зүгээр л “ус” байна. Жүжигчин тухайн тоглолтоо мэдрээд гаргачих зан төрх, үйлдлийг зохиолдоо тоочиж бичээд байх юм. Лхагвасүрэнг “Хүн чулууны нулимс” киноны зохиолоо бичихэд нь би хэлж байсан. “Чи илүү дутуу юм битгий бичээрэй. Найруулагч, оператор, зураач нар өөрсдөө сэтгэж амьдруулдаг. Яг 20 хуудас зохиол л биччих. Илүү гаргахгүй шүү” гэсэн. Ингээд л 16 хуудас зохиол боллоо. ”Монголкино” үйлдвэрийн уран сайхны зөвлөлөөр оруулав аа. Тэгсэн томчууд уурлаж “Жигжидсүрэн, Лхагвасүрэн хоёр нийлж биднийг доромжиллоо. Энэ бол зохиол биш, яаж бүрэн хэмжээний уран сайхны кино болдог юм. Нисээд, нисээд гурван бүлэг л болно. Ийм юм байдаггүй юм” гэж байна. Бид ч залуу байж. Үзэж тарж байгаад кино болгосон л доо. Хамгийн гол нь тэр голоод байсан 15, 16 хуудас зохиолд уран сайхны бүрэн хэмжээний киноны багтаамж байсан байхгүй юу.

-Өөрөөр хэлбэл, жинхэнэ чанартай зохиол уу?

-Тийм. Кино зохиол ийм л баймаар байгаа юм. Гэвч өнөөдөр алга. Гэхдээ кино зохиолч, найруулагч хоёр бие биенээ ойлгож мэдрэнэ гэж нэг юм бий. Монголын кино урлагт сох дутаж байгаа зүйл бол яах аргагүй мэргэшсэн, төрмөл авьяастай, киног дотроосоо мэдэрдэг зохиолч.

-Киноны сайн зохиолчдыг танхимын сургалтаар гаргаж ирж чаддаггүй юм байна. Тэгвэл төрмөл авьяастнуудыг хэрхэн илрүүлж, зохиолыг нь яаж гаргаж ирэх ёстой юм бол?

-Мэдээж мэргэжлийн дадлага хэрэгтэй юу, хэрэгтэй. Гэхдээ киноны сайн зохиолчдыг яаж илрүүлдэг вэ гэдэг дээр гаднын туршлагаас харахад шалгарсан хоёр арга байна. Нэг нь дээд курс бий болгох. Энэ нь Орос, Польш, Герман гээд Европт ихээхэн түгсэн арга л даа. Өөр мэргэжилтэй боловч бичих ур чадвартай хүмүүсийг 1.5-2 жилийн хугацаатай зөвхөн зохиол, найруулга дээр нь төвлөрч сургадаг. Тэд олон хичээл үзэхгүй. Зөвхөн кино зохиол, найруулгынхаа арга зүйг л үзнэ. Хичээлийг зохиолч, найруулагч, зураач, судлаачид гээд киноны том мастерууд ээлжээр удирдана. Энэ аргыг Монголд бий болгоё гэж би их олон жил ярьж хөөцөлдлөө. СУИС-ийн захиргаанд ч, Кино урлагийн дээд суруульд ч хэлж байсан. Гэвч Боловсролын яамны баталсан сургалтын хөтөлбөрт байхгүй гээд болдоггүй юм. Харин над дээр инженер, хилийн цэргийн офицер, эмч, сэтгүүлч мэргэжилтэй хүмүүс ирнэ. Тэд зохиолч биш найруулагч болмоор байна гэдэг. Зохиолчийг яг л адилхан ийм байдлаар гаргаж ирмээр байна. Хоёр дахь арга бол Америкийн уран бүтээлчдийн хэрэгжүүлж ирсэн зарчим. Киноны мэргэжлийн редакторууд сайн зохиолч, найруулагчдыг продюсеруудтай холбож өгөх. Тэдэнд маш олон зохиол ирнэ. Тэдгээрээс алийг нь шилж авч,  ямар найруулагчид өгвөл сайн кино хийж чадах вэ гэдгийг продюсерт санал болгодог. Энэ бүхэн чинь ерөөсөө редакторын л хийдэг ажил байхгүй юу. Тэндээс сайн зохиол олдоно, төрнө, сайн уран бүтээлчид бие биенээ олно. Ийм л аргууд байгаа юм.

-Таны хэлсэн тэр төрмөл авьяастай зохиолчдоос бичсэн зохиолыг нь цуглуулах, уран бүтээл болгох ажлын эхлэл ер нь тавигдаж байв уу?

-Үгүй. Би Кино урлагийн дээд сургуулийн захирал Ж.Солонгод хэлээд байна. Гэвч яамнаас батлагдсан хөтөлбөрт байхгүй гэх юм. Яг үнэнийг хэлэхэд би ганцаардаад байна. Одоо манай үеийнхэн гарын таван хуруунд л багтахаар болчихлоо. Харин залуу үеийнхнээс үүнийг хийж чадах хүмүүсийг би мэднэ. Дурдвал, Польшид мэргэжил эзэмшсэн, одоо тэндээ докторантад сурч байгаа Ж.Түмэн-Өлзий, Португальд зохиолчоор магистр хамгаалсан П.Лхагвадулам гээд. Бас “Алтан хальс” кино наадмыг зохион байгуулаад бараг гаршсан залуучууд байна. Даанч нэгдэж чадахгүй, зөвхөн өөр өөрсдийнхөө ажлыг л хийгээд явна. “Алтан хальс”-ынханыг  анх гарч ирэхээс нь дэмжсэн. Тэд цуглаж ярилцаж, бүтээл хийж байна.

-Тулгараад байгаа нөхцөл байдлаа тайлбарлаад дээрх саналаа харьяа яаманд тавьж болдоггүй хэрэг үү?

-Санал тавих хэрэгтэй байна. Хөтөлбөрийг өөрчилж болно шүү дээ. Ямар тэр чигт нь мөнхөлчихсөн зүйл биш. Энийг гардаад хөөцөлдчих хүн бас алга л даа. Би ч гэсэн нэг захиралд хэлнэ, сайн  л бол яам орохоороо нэг мэргэжилтэнд хэлнэ. Өнөөх нь “Нээрээ тийм байна “ гээд л өнгөрнө.

-Монголын кино урлагт дутаж байгаа гол хоёр зүйлийг та хэллээ. Өөр дутагдалтай зүйл юу байна?

-Мэргэжлийн продюсер. Соц нийгмийн үед бол киног төр санхүүжүүлж байсан. Өөрөөр хэлбэл, продюсерын үүргийг төр хариуцаж байлаа. Одоо сайн дурын, кино урлагт хайртай хүмүүсийн ивээн тэтгэлэг, эсвэл өөрсдөө мөнгө босгоод киногоо хийж байна.

-Мэргэжлийн продюсер, сайн дурын ивээн тэтгэгч хоёрын ялгаа асар зөрүүтэй биз?

-Мэдээж. Мэргэжлийн продю­серийн толгойд дэлхийн киноны сүлжээ багтаж байгаа, тийм биз. “Энэ киног зүүн өмнөд Азид гаргавал яах вэ, Европт, Латин Америкт үзүүлбэл яах бол” гээд тэр хүн бодно. Энэ чинь мэргэжил байхгүй юу. Хамгийн гол нь дэлхийн мундаг продюсерууд чинь хоорондоо харилцаа холбоо маш сайтай байдаг. Нэг шилдэг бүтээл солилцлоо гэхэд түүнийг дагуулаад хоёр тааруухан бүтээл борлуулчих жишээтэй.

-Тэд кино урлагийн салбарыг хөдөлгөдөг том хүчин яах аргагүй мөн л дөө.

-Үнэхээр том хүчин байхгүй юу. Тэгэхдээ кино урлагийн нүүр царайг продюсерүүд биш уран бүтээлчид, тухайлбал найруулагч нар тодорхойлдог. Бизнес, уран бүтээл хоёр их ялгаатай. “Кино ашиг олж байвал бизнес, мөнгө олохгүй бол урлаг” гэж Карло Понти хэлсэн байдаг.

-Арилжааны кино гэсэн ойлголт гарч ирээд нэлээд удлаа. Үүнийг та хэрхэн хүлээж авч, ажигладаг вэ?

-Арилжааны кино, урлагийн бүтээл гэдэг хоёр тусдаа асуудал. Гэвч кино маань хүссэн хүсээгүй мөнгөний том механизм байдаг. Жишээ татахад, 1990 оны ардчилсан хувьсгалын дараа “Монголкино” нэгтгэл тарж, дуртай хүн бүхэн кино хийсэн. Жилд 40 гаруй кино бүтээсэн түүх ч бий. Ингэхдээ хальсаар шүү. Сүүлдээ тоо нь цөөрсөн дөө. Эдгээрээс кино гэж хэлэхэд хэцүү, биш гэхэд бас хэцүү кинонууд гарсан. Би одоо нэг ном тэрлээд явж байгаа. “Кино-урлаг байх цагт” гэж нэрлэсэн. Үүнийг сонсоод чамд нэг зүйл бууж байна уу.

-Кино урлагийн өнгөрсөн цаг хугацааг одоогийн уран бүтээлч залуучуудад хэлж өгөх зорилгоор бичигдсэн байх нь.

-Тийм. Өөрөөр хэлбэл, энэ нэрээр “Өнөөдрийн кинонууд урлаг биш болсон. Та нар кино урлаг гэж битгий ярь” гэж л хэлэх гээд байгаа юм. Яг үнэндээ ийм л болсон. Ер нь кино өөрөө “вульгарный” урлаг шүү дээ. Мэдээж энд нэг зовлон бий. Авьяастай зохиолч, авьяастай найруулагч хоёр бие биенээ олохгүй байна. Бидний үед амар байсан. Кино үйлдвэр гэсэн ганцхан газартай, тэнд бүгд цуглана, хоорондоо ярина. Өөр тийшээ явах газаргүй. Одоо хэцүү.

-Театруудад сард дор хаяж 2-3 кино нээлтээ хийж байна. Та үздэг үү?

-Шинээр олон кино гарч байгааг би муу зүйл гэж хардаггүй л дээ. Залуу уран бүтээлчид бичиж, найруулж, зураг авч, тоглож үзэж байг. Хана мөргөж л байг. Босч тэнхэрч л байг. Энэ бол яах аргагүй явах л ёстой процесс. Гэхдээ урлагийн бүтээл мөн үү, биш гээд туухайд тавиад үзэхээр жин нь бага л байна. Гарч байгаа энэ олон кинонд хэн гэдэг жүжигчний бүтээсэн ямар дүр үлдэв. Тэнд гарсан ямар үйл явдлыг үзэгчид хэрхэн дурсаж, санаж сэхээрч ярьж байна вэ. Харамсалтай нь тэр бүр ярьж, дурсахаар, санаж сэрэхээр зүйл үзэгчдэд үлдэхгүй л байх шиг.

-Орчин цагийн кинонуудад сэтгэлд хоногшсон дүр үнэхээр байхгүй болсон гэдэгтэй санал нийлнэ. Киноны уран бүтээлчид зохиолын дүрээ чухам яаж сонгодог юм бол гэмээр?

-Мэдэхгүй. Кино урлагт үзэгчдийг татах гол шалгуурын нэг нь ерөөсөө л уран сайхны дүр шүү дээ. Дүрээр дамжиж л урлагийн бүтээл олон түмэнд хүрдэг.

-Ингэхэд үзэгчдийн талаар та ямар сэтгэгдэлтэй явдаг вэ?

-Би Монголын үзэгчдэд үнэхээр баярлаж явдаг. Ийм үзэгчидтэй улс ховор. Гэвч өнөөдөр киног зөвхөн амрах зорилгоор л үздэг болж. Түүнээс “Энэ киног үзээд өнөөдрийн Монголын нөхцөл байдлыг ойлгох гэж оролдъё” гэх нь ховор юм. Өнөөгийн  үзэгчдийн ихэнх нь залуучууд буюу 20-30 насныхан байна. Харин 40-өөс дээш насныхан бол гэртээ суугаад телевиз үзэж байна. Цаг өөр болсныг мэдэрч бүтээлээ туурвина гэдэг тун чухал. Хойшоо биш урагшаа харж, тэмүүлж явж л хөгжинө шүү дээ.

-Киногоо сайжруулъя гэсэн уран бүтээлчид одоо юун дээрээ анхаарах хэрэгтэй бол. Мэдээж ахмад үеийнхээ үгийг дуулаад, хэрэгжүүлэх чармайлттай залуучууд бий л байх?

-Нэгдүгээрт анхаарах зүйл нь монгол зан төрх, ёс заншил юм. Олон түүхэн кинонууд мэндэлж, бүтэж байгаа ч энэ бүхэн дутуу дулимаг л байна. Зүгээр морин дэл дээр зэр зэвсэг агссанаар монгол араншин, өв, бахархал гараад ирэхгүй шүү дээ. Одоогийн энэ түүхэн кинонуудыг харахаар халуун зунаар хөө хуяг агсаж, үнэгэн малгай тавьж, давхиад, цавчаад л байна. Кадрууд нь хоорондоо адилхан. Нэг ёсондоо монгол үнэр байхгүй болчихжээ. Нэг түүх ярихад, Социализмын үед манайхан олон улсын кино наадамд оролцсон юм байна л даа. Гэтэл хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид “Таны бүтээл монгол кино гэдгийг яг юугаар нь мэдэх вэ” гэж асуусан байгаа юм. Үнэхээр бодох л асуулт байгаа биз. Хоёрдугаарт, ахмад, залуу үеийнхний бүтээлч холбоо тун чухал байна. Угтаа хөрс сайтай байж цэцэг ургана аа даа. Саяхан би арав гаруй доктортой яриа өрнүүллээ. Энэ жил Жигжид найруулагчийн 100 жилийн ой тохионо. Монголын киноны амьд түүх болсон энэ хүний тухай ярилцлаа. Тэд “Монголын кино урлагт Жигжид юугаараа гоц юм, Жигжидийн дэг жаяг гэж юу яриад байна. Та тэгвэл зүйрлүүлээд гаргаад ир” гэж байна. Бид хэзээ ч ийм хандлагатай байж болохгүй л дээ. Энэ хүн 1935 онд “Монголкино” үйлдвэрийн тулгын чулууг тавилцаад, 1990 он хүрсэн. Монгол киноны бүхий л ололт амжилт, баяр баясгалан, уйтгар гунигийг өөрийн биеэр туулсан уран бүтээлч. Энэ хүнд ажил мэргэжлээсээ хөөгдөж байсан үе ч бий, шагнал урамшууллыг нь хүртэж явсан түүх ч бий. Ингээд бодохоор Монголын кино урлагийн амьд түүх мөн биз. “Өнгөрсөн үе рүү гар буугаар буудвал, ирээдүй үе чинь чам руу их буугаар буудна аа” гэсэн алдартай үг бий байх аа. Мэдээж Жигжид гуайн кадрыг өнөөдөр тавихгүй л дээ. Гэхдээ тэндээс хараад, сураад өөрийнхөө кадрыг бий болго л доо. Миний хувьд түүнтэй хамгийн ойр байсан хүмүүсийн нэг яах аргагүй мөн. 1960 онд аравдугаар анги төгссөн хүүхэд Кино үйлдвэрт Жигжид гуайн туслахаар очиж, “Улаанбаатарт байгаа миний аавд” кинонд ажилласан. Түүнээс хойш тэр хүнийг дуусан дуустал нь л хамт байсан даа.

-Сүүлийн үед манай кино бүтээгчид гаднын уран бүтээл­чидтэй ихээхэн хамтрах боллоо. Мэдээж ололт бий. Харин та хэрхэн хардаг вэ?

-Энэ их чухал ажил. Гаднын уран бүтээлчидтай хамтарч ажиллахын тухайд би байнга дэмждэг. Эндээс л уран бүтээлчид маань илүү ихийг олж харж, хөгжинө. Продюсерлож байгаа хүндээ ч хэрэгтэй л дээ. Саяхан “Улаанбаатар” олон улсын кино наадмын үеэр энэ талаар уулзалт, сургалт зохион байгуулагдсан. Түүнд олон хүн хамрагдсан нь их сайшаалтай.

-Таны хувьд шинэ бүтээл дээр ажиллаж байна уу?

-Нэг зохиол бичиж байна. Бүрэн хэмжээний кино болгоно.

-Мэдээж гол дүрд нь тоглох жүжигчин тодорхой биз.

-Тодорхой. Гэхдээ нэрийг нь хэлэхэд эрт байна (инээв).

-Кино салбараас өөр таны сэтгэлийг чилээж байгаа нийгмийн асуудал бас байгаа л  байхдаа?

– Нэгдүгээрт, олон түмэн шударга ёсыг үгүйлж, төрийн хүмүүст итгэх итгэл алдарч байна уу даа гэж бодогдож байна. Энэ их аюултай зүйл.

Хоёрдугаарт, Архидалт. Архидалт өнөөдөр үнэхээр газар авлаа. Өөр нэг санаа зовоосон зүйл нь монгол хүний генийг авч үлдэх асуудал байна. Ингэж хэллээ гээд би гаднын иргэнтэй гэр бүл болох асуудлыг эсэргүүцэж байгаа юм биш. Гэхдээ энэ сэдэв үнэхээр чухал.

Бидний яриа энэ хүрээд өндөр­лөсөн юм. Монголын киноны түүх гэж болохоор Жийгээ найруулагчийн маань бие эрүүл саруул байж, он удаан жил хойч үедээ үлгэр дууриалал болж, зөвийг нь дэмжиж, бурууг нь засаж явахын ерөөл өргөе.

Г.ЖИГЖИДСҮРЭН: Морин дэл дээр зэр зэвсэг агссанаар монгол араншин, өв, бахархал гараад ирэхгүй
Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

To Top