ХӨРӨГ

Зураасан зургийн КАПИТАН

Урчуудын эвлэлийн урлангийн гурван давхар дүнсгэр хөх байранд хөгшин, залуу нийлсэн 50-иад зураач бий. Тэдний цөөнгүй нь 60, 70 насны үеийн өвгөчүүд. Нэгнийхээ өрөөнд цуглаж суугаад хуучилж хөөрөх нь эгээ л насан бага харчууд шиг дуу шуутай гэж жигтэйхэн. Нэгнээ егөөдөж цаашлуулна, элдэв хоч нэрээр нь дуудна. Тэдний дунд хэсэгхэн цаг хугацааг өнгөрүүлэхэд жинхэнэ амь, амьсгалтай амьдрал гэж энэ л байх гэмээр. Үүх түүх, үлгэр домог, уран зургийн сэдэл санаа, хошигнол… ярих зүйлсийн хязгаар гэж тэдэнд үгүй.

СГЗ, УЭ-ийн шагналт зураач Д.Гунгаа гуайн урлан (зургийн тайлбар).

Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач Д.Гунгаа гуайн өрөө Урлангийн байрны нэгдүгээр давхарт байрлах аж. “СГЗ, зураач Д.Гунгаа” гэсэн пайзыг өрөөнийхөө хаалганы гадна талд, дээр биш бүсэлхий дундуур нь тогтоожээ. Яагаад заавал энд хадсаныг би хувьдаа гайхсан. Мундагчуудын нэр тээр дээр залардаггүйсэн билүү.

Д.Гунгаа гуайн өрөө уртаашаа, өргөөшөө 12-хон метр квадрат юм. Жаазтай, жаазгүй, том, жижиг өчнөөн тооны зураг хана, шал, ширээ гээд байрлал голохгүй өрөөтэй. “Таны өрөө арай л жижиг юм” гэхэд “Гэхдээ дулаахан шүү. Урландаа хэвлэл энэ тэр хийхээр болбол өрөөн доторх зүйлсээ зөөгөөд коридорт түр тавьчихна. Бас гэртээ их ажилладаг юм, энэ бүхэнд гэргийн заяа л их юм даа” гээд жуумалзана.

Монголын зураасан зургийн хөгжлийг тодорхойлогч энэ том хүмүүн ийм эгэл, хүлцэнгүй, уужуу байгааг хараад гайхмаар. Нөгөө талдаа төр эсвэл Урчуудын эвлэлийн удирдлагууд залуу халуун насаа урлаг, зураасан зургийн хөгжилд зориулсан буурал зураачдаа ядмагхан байлгаж байгааг харахад гуниг төрмөөр. Болдогсон бол өдрөөс өдөрт жижигэрч яваа “өөдөсхөн” хэдэн зураачаа насных нь эцэст жаргааж болсонгүй юу гэсэн бодол санаашралаа нуух юун.

Зураач Д.Гунгаа гуайтай ярилцлага хийе гэж бодож очсон ч эгэл даруу энэ эрхмийн амнаас үг унагана гэдэг тийм ч амар биш аж. Тиймээс хэсэг зүгээр л ажиглаад энэ тэрийг тааваараа хуучлаад суув. “Би өөрийнхөө тухай юу ярих вэ. Харин миний тухайд бусад хүмүүс юу ярихыг л илүүтэй сонс” гээд “Чамд надаас асуух асуулт байгаа болоод лэнд суугаа биз. Би чадлаараа хариулахыг хичээе. Харин уран сайхан ярьж чадахгүй л байх” гэж байна шүү.

-Та хэр бага наснаас уран зураг гэх энэ үггүй яруу найрагтай холбогдсон хүн бэ?

-Би 1950 онд Булган аймгийн Бүрэгхангай суманд төрсөн. Улаанбаатар хотод хоёрдугаар ангид байхдаа орж ирж, дөрөвдүгээр анги төгсөөд Хөгжим бүжгийн коллежийн уран зургийн ангид элсэж орсон түүхтэй. Анхны багш маань С.Нацагдорж гэж хүн байлаа. Эндээс л эхэлсэн дээ. Явсаар 1972-1978 онд Болгарт уран зургийн чиглэлээр сурч, төгссөн. Бидний дөрвөн оюутан Болгар Улсыг зорьсон анхны монгол оюутнууд байлаа. Төгсөж ирснээс хойш монгол оюунтнууд Болгар улс руу суралцахаар их явсан. Бид туршилтынхан байсан шиг байгаа юм (инээв).

-Төгсөж ирээд мэдээж Урчуудын эвлэлдээ ажиллаж эхэлсэн байх?

-Тэгэлгүй яах вэ. Тэр үед нэг намтай, хийх ажил нь тодорхой, бүх зүйл сайн сайхан, гэрэл гэгээтэй байж. Олон ч албан тушаал хашлаа. Ингэхдээ дандаа л бусдын төлөө ажиллаж явснаас өөрийнхөө төлөө юм хийгээгүй юм байна гэж бодогддог. Харин өнөөдрийн нийгэмд хувь хувиа л борлуулахаас хэтрэхээ больжээ.

-Таны хувьд хоёр, гурван нийгмийг үзэж, зуун дамнан амьдарч явна. Тухайлбал,1990 оны Ардчилсан хувьсгал. Энэ хувьсгалаас хойш нийгэм эрс өөрчлөгдсөн. Энэ үйл явц зураачдад хэр туссан юм бэ?

-Үнэндээ энэ тухай ярьмааргүй байна. Хүн ер нь мэдэх, мэдэхгүй юмтайгаа хэт зууралдаад хэрэггүй.

-Залуу байх үеийн уран бүтээл, өдгөө 70 насны өндөрлөг дээрх уран бүтээлийн ялгаа хэр их зөрүүтэй байна вэ?

-Залуу байхад зүрх, тархи хоёрт орж ирсэн бүхнээ зурдаг байж. Харин одоо бол маш их судалж, бодож, бясалгаж зурна. Ер нь уран зураач хүн маш их судалгаа хийх хэрэгтэй. Миний хувьд хөгшрөх тусмаа судалгаанд гойд анхаардаг болсон.

-Нэгэнт нас ярьсных эргээд харахад таны амьдралын дурсамж, дурдатгал өөрт тань хэр баян санагдах юм?

-Би 70 насыг хөгшин гэж харахгүй байна (инээв). Одоо би маш их судалгаа хийнэ. Бодох нь ээ уран зурагт 70 нас гэдэг жигдэрч байгаа нас аж. Нэг хурдан морь бүтээлээ ч маш их судалгаатай зурна шүү.

-Магад таны уран бүтээлийн оргил үе ч байж мэдэх нь, тийм үү?

-Магадгүй, энэ л цаг мөч байж мэднэ. Боловсорсон, философижсон тэнцвэртэй урлаг бүтээмээр байна. Эргээд харахад би хүн болж амьдарч чадаагүй л амьтан байж.  20 нас, ид залуу халуун хайр дурлал гээд гүйдэг байж. 30, 40, 50 нас бас л болоогүй л байж. 70 хүрч байж л хүн углуургатай болдог юм шиг. Манай төрийн тэргүүнүүд ч гэсэн энэ насандаа л төр бариасай гэж бодогдох юм.

-Бодож, судалж, бясалгах тусам урландаа өнгөрүүлэх цаг хугацаа уртсаад л байна уу?

-Би урландаа амьдрах ёстой. Нэг үгээр хэлбэл, урлан гэдэг зураачийн оюун бодол, сэтгэл шингэж суудаг тэр л газар нь байх ёстой юм. Бидэнд орон зай гаргаж өгөх хэрэгтэй. Гэтэл одоо чи миний сууж байгааг хар. Би Урчуудын эвлэлд олон жил ажилласан шүү дээ. Гэтэл байгаа нь энэ. Би өрөөндөө юм хийхийн тулд зармыг нь гадаа гаргаж байна. Ямар ч орон зайгүй, жижигхэн. Урчуудын эвлэлийн удирдлагууд сэтгэх, ажиллах хэрэгтэй байна. “Муу Гунгаа” гээд хэлэх л байх. Гэхдээ Монголын уран бүтээлчдийн нөхцөл байдал ийм л байна шүү дээ.

-Удирдлагууд харж үзэхгүй байна уу?

-Харж үзэх биш шүү. Энэ тэс өөр асуудал. Тэд сэтгэж чадахгүй байна.

-Ингэхэд таныг эх орончдын тухай бүтээл туурвиж эхэлсэн гэж дууллаа. Эхнээсээ бэлэн болжээ дээ?

-Би муухай эх оронч хүн. Цохилж байгаа зүрх минь үнэнхүү эх оронч юм шүү. Үхэхээсээ өмнө гүйцээж зурах ажил олон байна. Бүтээлийн тухайд “Мартаж болохгүй эх оронч” гэсэн санааг тээгээд эхнээс нь зурж сууна (Дандар баатарын хөргийг үзүүлэв).

Зураач С.Баярбаатарын урланд (зургийн тайлбар).

Бидний эх орныгухамгаалж явсан олон зуун хүнийг бид мартаж. Тиймээс энэ сэдвийн дагуу зургаа зурна. Одоогоор Дандар баатарыг зурсан. Та нар ч бараг мэдэхгүй биз дээ. Гэтэл энэ хүн жинхэнэ цусан гавьяаны улаан тугийн одонгоо зүүчихсэн, бидний төлөө зүтгэсэн нэгэн юм шүү. Энэ мэтчилэн түүхэнд үлдсэн мартаж боломгүй эх орончдын хөргийг зурна. Магадгүй энэ л миний хойч үедээ үлдээх ёстой нэг гавьяа байж мэднэ.

-Хойч үе гэснээс та хэдэн хүүхэдтэй хүн бэ. Аавын авьяасыг өвлөн авч, уран зурагт дурлаж орсон нэгэн бий юү?

-Гурван хүүхэдтэй, гэхдээ зурдаг хүн байхгүй. Одооны хүүхдүүд өөр болж дээ. Гэхдээ нэг юм бодож л явдаг байлгүй.

-График Гунгаа цол хэзээнээс таныг дагах болов. Энэ талаар хуучлаач?

-Халзан Гунгаа гээч (надаар наргиж инээнэ), би өөрийн мэргэжилд дэндүү үнэнч явлаа. Төмөр бар, хулдаасан бар, зураасан зургаа зурсаар өдийг хүрэв. Хүчил, азот гээд хүн хаяад зугтмаар зүйлтэй бүх насаараа ноцолдлоо. Маш эрсдэлтэй технологи болохоор хүрч хийх залуу үе ч бараг алга. Тэгээд ч одоо үед техних хөгжөөд бидний хийдгийг хийх шаардлагагүй л болчихсон байна. Мэргэжилдээ үнэнч байсныг минь мэдэх хүмүүс л “график” гэж хочилж дээ.

-Аливаад жаргал бий шиг зовлон бас байх. Зураачийн зовлон чухам юу юм бол?

-Зураач хүнд нэг зовлон байна. Дандаа юм бодно, тархи амарна гэж ер үгүй. Унтахдаа, хооллохдоо, хаа газар аялахдаа ч бодож л байна. Мөнхийн бодоостой, бясалгаастай. Учир нь уран бүтээлч хүний санаа дандаа оргилж байх ёстой юм. Түүнийг дандаа эрж хайж байх учиртай.

Биднийг ийнхүү ярилцаж суутал гаднаас зураач нөхөд нь орж ирэв. Энэ өдөр Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Мөнх зураачийн төрсөн өдөр төдийгүй зураач У.Мөнхжаргалын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг авсан давхар баяр тохиож буй аж. Д.Гунгаа гуай бидний хоорондын яриаг төвөггүйхэн нөхөд рүүгээ эргүүлж дөнгөлөө. “Алив эднээс миний тухай асуу. Би өөрийнхөө тухай юу ярих юм” гэснээр Д.Гунгаа зураачийн талаарх нөхдийн дурдатгалыг ийнхүү сонссон юм.

Хамгийн түрүүнд Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Мөнх гуай сэтгэгдлээ хуваалцав. Жижигхэн биетэй “эгдүүтэй” улаан өвгөн цагтаа Д.Гунгаа зураачийн багш байсан ч өдгөө анд найзуудын харилцаатай болжээ.

УГЗ, ЗУРААЧ Д.МӨНХ: ЭНЭ ХҮН ЦАГ ҮРГЭЛЖ ХӨГЖСӨӨР ИРСЭН

-Та хоёр маань танилцаад хэчнээн жил болж байна даа?

Би энэ хүнтэй 40 жилийн өмнө танилцжээ. Хорь гарсан жаахан хүү “Багшаа” гээд гүйдэг байсан бол одоо миний багш болчихоод сууж байна. Үүнд би баярладаг. Үнэн, үнэнээрээ байх сайхан. Гунгаагаас, шавиасаа, анд найзаасаа сурцдаг л юм байна. Үүгээрээ ч би бахархана. Тээр нэгэн жил Чүлтэм багш хэдэн хүүхэд дагуулаад баруун Алтай, Ховд, Завхан, Увсаар явсан юм. Зорилго нь, Дүрслэх урлагийн сургуулийг онц дүнтэй төгссөн тэдний чигийг бариулах, улам сайн бүтээл хийг гэсэндээ Алтайн зааг, гөхөлцгийн говиудаар дагуулж явсан нь энэ. Тэр үед би дөнгөж нэг багшийн сургууль төгссөн санаатай амьтан. Харин Галбадрах, Гунгаа зэрэг нөхөд дөнгөж хорь гарч яваа жаахан хүүхдүүд байлаа. Улаанбаатараас гараад Лүн, Архангай, Завхан ороход энэ хэд маань дадлага туршлага байхгүй учир хэцүүхэн судалбар зурахад “Одоо л нэг зүгширч байна уу даа” гэж бодогдохоор зурна. Цаашлаад Баянхонгорт очсон овоо реалист зурдаг болчихсон байсан юмдаг. Ингэж л энэ хүн цаг үргэлж хөгжсөөр өнөөдөр Монгол Улсын Соёлын гавьяат болчихсон сууна даа.

ЗУРААЧ У.МӨНХЖАРГАЛ: УСАН ОНГОЦНЫ АХМАД НЬ ЮМ

-Д.Гунгаа ах усан онгоцны ахмад юм. Тэр хэзээ ч усан цэргүүдээ хаяхгүй. Бас далайдаа л живэх нэгэн.

Зураас бол хязгааргүй, эхлэл бас төгсгөлгүй. Тэр зураасыг зүгээр нэг татаж байна уу, уран татаж байна уу гэдгээс шалтгаалж, зураасан зургийн бүтээл гарч ирдэг. Д.Гунгаа ах бол эхлэлгүй бас төгсгөлгүй нэгэн юм. Амийг хаана золиослох вэ гэдгээ, хэний төлөө юуг зориулах вэ гэдгээ мэддэг тийм л хүн гэж би хэлнэ.

ЗУРААЧ Б.ГАНТУЛГА: Д.ГУНГААГИЙН БҮТЭЭЛ ДЭЛХИЙ НИЙТЭД МАРК ХЭЛБЭРЭЭР ТАНИГДСАН

-Д.Гунгаа бид хоёр Хөгжим бүжгийн сургуулийн уран зургийн ангид сурч байх үеэс нөхөрлөсөн юм. Манай дээд ангид сурдаг байлаа. Энэ үеэс л бие биенээ мэднэ дээ. Сургуулиа төгслөө, хамт Урчуудын эвлэлд орж ажиллалаа. Дараа нь гадагшаа дээд сургуульд явж, сурцгаасан. Төгсөж ирээд өнөөх л Урчуудын эвлэлдээ цуглана. Манай хамт олон хаашаа ч явсан, хаана ч очсон эргэн цугладаг хамт олон л доо. Манай хүн график буюу зураасан зургийн мэргэжилтэй, энэ зургийн оргил болсон. Нийгмийн хөгжлөө дагаад зураасан зургийн урлаг хумигдаж байхад Гунгаа маань л энэ урлагтаа чин үнэнч үлдсэн  юм. Түүнээс гадна энэ хүн усан будгаар түүхийн сэдэвтэй олон бүтээл хийсэн. Тэдгээр бүтээлүүд нь манай урлагийн түүхэнд үлдэж байгаа үнэт өв. Түүнчлэн номын зураг, марк гээд маш их ажил хийжээ. Зураасан зургаар туурвисан Б.Ринчин, Ц.Дамдинсүрэн гуайн хөрөг болоод бусад түүхэн хөрөг зургийг нь марк болгож гаргасан. Манай улсын тухайд дөнгөж хувьсгал ялсан үеэс очиртой марк гаргаж, энэ нь дэлхий даяар тарсан. Ер нь монгол марк дэлхийн марк цуглуулагчдын дунд үнэтэй байр суурь эзэлдэг. Би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр энэ хүний бүтээл дэлхий нийтэд марк хэлбэрээр оччихсон, танигдчихсан юм. Энэ бүхнээр зогсохгүй Д.Гунгаа маань багшилж, Дүрслэх урлагийн музейн захирлаар ч ажиллаж байсан. Мөн Урчуудын эвлэлийн нарийн бичгийн дарга, Зураасан зургийн нэгдлийн дарга гээд нэр хүндтэй ажлуудыг чадаараа хийсэн дээ.

Түүний сансар, түүх, дайны сэдэвтэй олон бүтээл бий. Ингээд бодоод үзэхээр  Д.Гунгаа зураач өөрийн эзэмшсэн мэргэжил, төгссөн сургуулийнхаа нэр хүндийг дээд зэрэгт өргөж яваа агуу зураач юм. Монголын дүрслэх урлагийн болоод урчуудын эвлэлийн түүхэнд нэр нь мөнхлөгдсөн уран бүтээлч гэж би хэлнэ.

ЗУРААЧ С.БАЯРБААТАР: МАШ ИХ УНШДАГ, СУДАЛДАГ ЗУРААЧ

-Их том зураач. Уран сайхны том удирдаач, биднийг ч сайн удирдаж явсан хүн. Олон арван шавь төрүүллээ. Өөрийн гэсэн ертөнцийг бүтээж чадлаа. График гэдэг том урлагийг хөгжүүлсэн гавьяатан.

Модон бар, төмөр бар, зураасан зураг төрлөөр уйгагүй ажиллаж байна. Ирэх нэг дэх өдөр(өнөөдөр) хамтарсан үзэсгэлэнгээ гаргана. Үүнд уран бүтээлч бид маш их баярлаж сууна.

График чинь дотроо маш олон төрөлтэй. Гэтэл энэ хүн бүгдийг нь хийж чаддаг. Болгар Улсад мэргэжил эзэмшсэн, их том школтай хүн дээ. Ном их уншина, байнга л уншиж харагддаг. Түүхийг ч маш сайн судалж, бүтээлээ хийдэг ийм л нэгэн хосгүй зураач даа.

ЗУРААЧ Б.НАСАНЦЭНГЭЛ: ДАРУУ, ИХ ЗӨӨЛӨН ХҮН

-Д.Гунгаа ах холимог техникийн аргаар бүтээлүүдээ туурвидаг бөгөөд түүхэн хүмүүсийн хөргийг усан будгаар зурсан бүтээлүүдээрээ алдартай. Хүнийхээ хувьд их зөөлөн, даруу төлөв, тусч сайхан сэтгэлтэй нэгэн юм.

Эрхэм зураачийн нөхөдтэй хуучилсан яриа энд хүрээд өндөрлөсөн ч урлан доторх дуу шуу татрах яагаа ч үгүй. Тэд зураач У.Мөнхжаргалыгаа Соёлын тэргүүн авсанд ихэд баярлаж, “Бусдыг нь мэдэхгүй юм. Зураачдын хувьд Соёлын тэргүүн болно гэдэг их нэр хүндтэй зүйл юм шүү. Үнэхээр хатуу шүүлтээр жинхэнэ чадвартайд нь л олгодог юм” хэмээх нь энэ цагийн шагналын үнэ цэнийг, түүнийг хэрхэн хүндэтгэн дээдэлж хүлээн авах ёстойг ярилцан хөхрөлдөнө.

Өглөө бүрийн наран мандах мөчид өвгөн зураач цонхоо нээж боорцог, талхны үртсээр болжмор, тагтаа хооллодог зуршилтай аж. Өнөө хэд нь ч сурцтай гэгч нь өглөөний нартай уралдаад 20, 30-аараа цонхных нь давцан дээр байраа эзэлчихдэг гэж байгаа. “Өгөх ёстой юм шиг л өглөө бүр харна. Өгөхгүй бол хүн гомдоочихсон аятай хэцүү санагдаад болдоггүй юм” гээд инээмсэглэсээр үдэв.

СГЗ, УЭ-ийн шагналт зураач Д.Гунгаа гуайн урланд саатсан хэдхэн хоромд энэ агуу авьяастнаас хайр, энэрэх сэтгэл дэндүү ихээр мэдрэгдэхийн зэрэгцээ ясны уран бүтээлч ийм л байдаг болов уу гэх бодол сэтгэлд хадагдав. Монголын зураасан зургийн капитан та урт насалж, удаан жаргаарай.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

ШИНЭ МЭДЭЭ

To Top