ЯРИЛЦЛАГА

Үеэс үе дамжсан өв тээгч

Э.Баатаржав нь дан ганц өөрийн авьяас чадварыг хөгжүүлээд зогсохгүй монгол туургатан ахан дүүсээ соёлоороо нэгтгэж 1995-2003 онд эсгий туургатнуудын хамтарсан “Хамаг Монгол” тоглолтыг зохион байгуулж байсан юм. Ингэхдээ тэдгээр угсаатан ястны урлаг соёлтой танилцаж явжээ.

Дэлхийн хөгжлийн нөлөө­гөөр улс үндэст­нүүдийн ялгарал үгүйрч, ижилсэх тийшээ хандсан энэ цагт угсаатны өв соёл цөөхөн хэдэн өвлөн уламжлагчдын нуруун дээр оршин тогтож байна. Тухайлбал, Монгол зоны тууль тайлах заншил, цуур хөгжмийн уламжлал, төл авахуулах ая дуудлага, ингэнд ботго авахуулах зан үйл, бий биелгээ, уламж­лалт бүжгийн урлаг, уул овоо тахих заншил, ган сийлбэр, ном бүтээх уламжлалт урлал, Монголын олон ястны хурим, найрын зан үйл, ардын хөгжмийн уламжлалт урын сан, хөгжимдөх арга барил, монгол цам, уран бичлэг, оньсон тоглоомын уламжлалт төрлүүд, лимбэч­дийн уртын дуу тоглох уламжлалт арга-битүү амьсгаа зэрэг яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвүүд 200 орчим өвлөн уламжлагчдын хүрээнд л үлдээд байна. Эдгээр өв тээгчдийн гол төлөөлөл бол Э.Баатаржав юм. Тэрбээр удам дамжсан цуурч, туульч, хөөмэйч бөгөөд амьдралынхаа 30 орчим жилийг энэ бүхнийг сурч, өвлөн авахад зориулсан нэгэн билээ. Түүний хөдөлмөр, авьяас билгийг төрөөс үнэлж, Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ой буюу сар шинийн өмнөхөн Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээсэн юм.

ӨВ ТЭЭГЧИЙН ӨСӨХ НАС 

Цуурч, туульч, хөөмийч Э.Баатаржав нь 1972 онд Ховд аймгийн Дуут сумын Босгын эх гэдэг газар Живэрлэгийн Эрдэнэцогтын хүү болон мэндэлжээ. Бага насаа Монголын нэрт туульчид болох С.Чойсүрэн, Б.Уртнасан Б.Авирмэд, цуурч Я.Авирмэд, Б.Наранцогт, өөрийн эцэг Ж.Эрдэнэцогт нарын дунд өнгөрүүлсэн гэдэг. Түүний эцэг ааваасаа тууль хайлах арга техникийг сурч ийн хүүдээ өвлүүлэн үлдээжээ. Түүний аавын авьяас билгийг эрдэмтэн н.Гомбодорж судлаад зогсохгүй Америк, Японы эрдэмтэд ч гэрт нь ирсэн түүхтэй аж.
Э.Баатаржав нь хар багаас урлаг соёлд дурласан нэгэн. 1980 онд Дуут сумын найман жилийн дунд сургуульд орж, сургуулийн “Дуут нуур” үлээвэр хөгжмийн хамтлагт тенор хөгжим үлээдэг байж. Ерөнхий боловсролын сургуулиа дүүргээд тусгай дунд сургууль, ОХУ-д дээд боловсрол эзэмшжээ. Ингэж суралцах хугацаандаа тууль, цуурын урлагаа орхиогүй бөгөөд Аркады хэмээх орос багшаар хөгжмийн онол заалгаж, мэргэжлийн хөгжимчидтэй хамтран ажилласан байна. Энэ нь ардын урлагийн баялаг өв дээр орчин цагийн хөгжмийн ололтуудыг хослуулан эзэмшихэд түлхэц болж, түүний цаашдын уран бүтээлд сайнаар нөлөөлсөн ажээ.
Э.Баатаржав нь өсөх идэр насныхаа бүхий л цаг үед ардын өв соёлоо эрхэмлэн, суралцсаар өдийг хүрсэн хэмээн хуучилсан юм. 1993 онд “Монгол хөлгөн туульс” хамтлагийг үүсгэн байгуулж, Хүннүгийн үеэс уламжилж ирсэн модон цуур хөгжмийг сурч, эртний хоолойн цуур буюу хөөмэйн урлаг, чашга, дудар, икэл, бүх төрлийн хэл хуурыг (яс, хулс, төмөр) эзэмшсэн байна.  Өөрөөр хэлбэл, нийслэлээс хол алс хөдөөгөөр явж, устах шахсан ардын хөгжмүүдийг цуглуулан суралцав. Нийгмийн шилжилтийн үед нэн эртний ховор соёлыг эзэмшихэд нь хүнд хэцүү, бэрхшээл тулгарч байсан ч  тэр бүгдийг зориглон туулж, өв соёлынхоо хуучин язгуур эхийг нь алдагдуулалгүйгээр суралцсанаа ч дурссан. Учир нь түүний зорилго том байв. Тэрбээр өв соёл тээгч хүмүүстэй амьд ахуйд нь уулзаж, сурсан эрдмийг нь авч хоцрон хойч үеийн багачуудад өвлүүлэн үлдээхийг хүсчээ. Аймаг, сум, баг гээд малын бэлчээр хүртэл явж ардын авьяастнуудтай уулзан учирч, тэднээс сурах, судлах ажлыг хийсэн гэнэ. Түүний энэ зан чанар бусдад үлгэр дууриалал болсон гэдэг.

МОНГОЛ ТУУРГАТАНГ СОЁЛООР НЭГТГЭВ 

Э.Баатаржав нь дан ганц өөрийн авьяас чадварыг хөгжүүлээд зогсохгүй монгол туургатан ахан дүүсээ соёлоороо нэгтгэж 1995-2003 онд эсгий туургатнуудын хамтарсан “Хамаг Монгол” тоглолтыг зохион байгуулж байсан юм. Ингэхдээ тэдгээр угсаатан ястны урлаг соёлтой танилцаж явжээ.
1995 оноос эхлэн тууль судлаач, эрдэмтэн Лха.Туяабаатартай хамтран ажиллаж, Уулын Алтай, Тувагийн мэргэжил нэгт нөхөдтэйгөө уулзан, хамтрав. Нэрт цуурч Хандгайт Ханасын Эрдэш цуурчтай уулзаж, туршлага солилцсон аж. Мөн ОХУ-ын ардын жүжигчин Тувагийн нэрт хөөмэйч К.О.Ондар, Халимагийн ардын туульч Цагаанзамтай уран бүтээлээрээ холбогджээ. Буриад, Башкир, Хакас, Казак, Киргиз, Татар, Саха (Якут), Кавказын эсгий туургатан, Халимагийн авьяас билэгтнүүд, эрдэмтэн мэргэдтэй хамтран ажиллаж, өөрийн тоглолтоо дангаар хийгээд зогсохгүй бусад ардын авьяастнуудтай хамтарч тогложээ. Тэрбээр монгол язгуур хөөмэй болох хоолойн цуур, модон цуур, туульсын хоржин хоолойн эрдмийг харьцуулан туршиж уран бүтээлдээ хэрэгжүүлсэн нь олны анхаарлыг ихэд татсан юм. Туульс, хөөмэй, цуурын урлагийг дэлхийн соёлын байгууллага, ЮНЕСКО-д бүртгүүлэхэд язгуур өвийн талаас нь материалжуулж, хувь нэмэр оруулсныг энд дурдах нь зүйтэй билээ.

ӨВ ТЭЭГЧДИЙН ЗАЛГАМЖ ХАЛААГ БЭЛДЭЖ БАЙВ

БСШУСЯ-ны харьяа Соёлын өвийн төвөөс Э.Баатаржавын хайльсан арав гаруй туульсаас “Алтай уулын магтаал”, “Баян цагаан өвгөн”, “Зул Алдар хаан”, “Хаан Чингэл”, “Хүдэр мөнгөн тэвни” туульсыг түүнтэй хамтран эмхэтгэж “Баян-Алтайн гуч Баатаржавын хайлсан туульс” номыг хэвлэсэн аж. Мөн тэрбээр сүүлийн гурван жил хэрэгжсэн “Монгол туульс” хөтөлбөрийн хүрээнд шавь сургалтыг үе шаттай явуулж, ирээдүйтэй шавь бэлдэж байгаа нь Монголын соёлын өвд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт яах аргагүй мөн юм. Энэ хөтөлбөр нь хот, хөдөөгийн хүүхэд, залуусыг товшуур хөгжимтэй тууль хайлж сургаж буй. Мөн 120 гаруй жил тасалдсан хөгжим болох чашга, дудар, нуман хуур хөгжмийг 10 гаруй жил эрин сурвалжилж эрдэм шинжилгээний болон, уран бүтээлийн эргэлтэд оруулж, өнө эртний урлагаа дэлхийн хөгжмийн сан хөмрөгт оруулсан байх юм. 

АЗИ, ЕВРОП, АМЕРИК ТИВИЙН 50 ГАРУЙ ХОТОД ЗОЧЛОВ

Э.Баатаржав нь 2016 онд “Дэлхийг тойрох Монгол өв соёл” тоглолтыг санаачилж, Ази, Европ, Америк тивийн 50 гаруй хотод амжилттай тогложээ. Энэ тоглолтын хүрээнд дэлхийн хэмжээний хөгжмийн болон дуу, бүжгийн Европ, Америкийн олон чухал фестивальд “Язгуур аялгуу” хамтлагаараa оролцож, шагналын хур арвин ирснийг нь сонсоход бахдам. Тухайлбал, Сангисляны олон улсын хөгжмийн наадмын тэргүүн шагнал, Францад зохиогдсон олон улсын “Зуны фестиваль”-ын тэргүүн шагнал, АНУ-ын Юта мужын амбан захирагчийн хүндэт жуух (Олон улсын соёлын арга хэмжээнд), дэлхийн ардын урлагийн XXX наадмын “Шилдэгийн шилдэг” Гранпри шагнал, ОХУ-ын Соёлын яам, Хакасын Засгийн газартай хамтран Олон улсын мэргэжлийн хөөмэйчдийн “Хай Мори” уралдаанд дэд байр эзэлсэн байна. Энэхүү уралдаанд өнөө цагт хөөмэй өндөр хөгжсөн, хамгийн өрсөлдөөнтэй хөөмэйчидтэй газрууд болох ОХУ-ын Тува, Уулын Алтай, Башкортостан, Саха Якут, Халимаг, Буриад мөн Монгол, БНХАУ-ын Өвөрмонгол, Шинжааны Алтай аймаг зэрэг есөн орны хөөмэйч оролцсоноороо өвөрмөц болсон гэдэг. Түүнчлэн Э.Баатаржав нь Японы эзэн хааны ордон, эртний Вавилон, Итали, мөн Домникан, Бельгийн угсаа залгамжилсан хунтайж нарт үндэсний урлагаа тоглон сонирхуулсныг энд дурдахгүй өнгөрч боломгүй. 2011 онд угсаатны урлагийн дэлхийн хэмжээний шагнал, Испаны хун тайжийн нэрэмжит Маэстро цол ч хүртжээ.

АЛТАЙН МАГТААЛ, ТОВШЛУУРЫН  АЯ ХОЁР ХЭДЭН МЯНГАН ЖИЛ БОЛСОН Ч ХУУЧИРДАГГҮЙ 

Түүний амьдралын баялаг түүхийг тоочвол дуусашгүй аж. Цуурч, туульч, хөөмэйч Э.Баатаржавтай үргэлжлүүлэн хуучиллаа.
-Та яаралтай хамгаалах дэлхийн өвийн эзэн шүү дээ. Өөрийн тоглодог хөгжмийн зэмсгийн талаар бидэнд яриач? 
-Би Ховд аймгийн Дуут сумын хүн. Манай нутагт өвөрмөц хоёр хөгжмийг голчлон тоглодог байлаа. Энэ нь товшуур болон цуур юм. Цуурын тухайд манай нутгийн хүрээнд хоёр, гурван хүн л тоглож үлдсэн байсан. Хөгжмийн хувьд гуравхан нүхтэй учраас байгалийн дуу авиатай төстэй аялгуу гарч, хэдэн мянган жилээр хадгалагдаад ирсэн юм.
-Монгол цуур гурван нүхтэй байдгаараа бусад орны цуураас онцлог гэдэг. Чухам ямар ялгаатай юм бол?
-Тийм ээ. Бусад орны цуур дөрөв, таван нүхтэй байдаг. Ингээд ирэхээрээ багтаамж нь ихэсдэг. Багтаамж нь ихсэхээр тоглодог аянууд нь олширч, орчин үежих талдаа орчихож байгаа юм. Харин монгол цуур нь язгуур байгалийн дуу авиагаа гаргадаг бөгөөд дархлаа нь үүнд л бий.
Хүн дуу дуулахад дан авиа, хөөмэйлөхөд давхар авиа, цуур татахад гурван давхар авиа явдаг. Анх сонссон хүмүүс “Энэ ямар байгалилаг хөгжим бэ”, “Ямар төрлийн шашны хөгжим бэ”, “Ямар сүнслэг хөгжим бэ” гэж асуумаар. Зарим хүмүүс цуур сонсоод “Дээр үеийн хуучин цаг, бага  нас, настангууд минь санаанд орлоо” гэж их ярьдаг.
-Таньтай нэгэн адил цуур хөгжим тоглодог өв тээгч хэр олон бэ?
-Цуур хөгжим ЮНЕСКО-д бүртгэгдсэний дараа энд, тэнд сургалт их явагдсан. Түүнчлэн энэ хөгжим Өвөрмонголд аль хэдийнэ хүрчихсэн байгаа.
Нэг сонин зүйл гэвэл Алтайн урианхайчууд 100-гаад жилийн өмнө юм уу даа, цаг хугацааг нь нарийн хэлж мэдэхгүй юм хоёр хуваагдсан байдаг. Нэг хэсэг нь Хятадын газар нутагт үлджээ. Тэнд хуваагдсан урианхайчуудад цуур хөгжим үлдсэн байх юм. Тэд одоо ч энэ хөгжмийг тоглож байна. Үзэсгэлэнтэй байгаль, сайхан мод тэр талдаа байдаг. Өөрөөр хэлбэл, байгалиасаа ургадаг сайхан цуурууд тэнд байна.
-Цуурыг гар аргаар хийдэг хэвээрээ юу?
-Сайн хатсан модыг цуулж, гараар л хийнэ. Гадуур нь малын улаан хоолой, гэдэс гүйлгэдэг юм. Яг уламжлалт хийдэг арга нь тэр.
-Та бас товшуур хөгжим тоглодог?
-Товшуур хөгжим нь урианхайчуудын үндсэн гол хөгжмийн нэг. Ер нь бол тууль хайлах хөгжмийн зэмсэг. Хожим бий биелгээ хийхэд их тоглох болсон. Мөн сүүлийн үед Монгол туургатны хэмжээнд эрчимтэй тархаж байгаа ийм хөгжим юм. Тархан тэлэхийн хэрээр энэ хөгжмийн толгойг хун гэх зэрэг ямар ч хамаагүй дүрстэй хийх боллоо. Үндсэн толгой нь цацал, усны чандмань дүрс юм. Энэ хөгжим татаж тоглодог, товшдог хоёрхон чавхдастай. Хөрөөддөг нумт хөгжмөөс өөр юм. Нумт хөгжим икэл болоод явчихна. Товшуур хөгжим ертөнцийн тасралтгүй үргэлжлэх хөдөлгөөнийг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл, нэг том аян жин ч яваад байгаа юм уу гэмээр. Бүр хол хэдэн мянга, сая гаран жилийн өмнөөс нэгэн хөдөлгөөн яваад туульч дээр ирээд, туульч түүнийг бүх насаараа хайлаад энэ аялгуу дахин цааш хязгааргүй рүү явдаг гэж настан буурлууд минь ярьдаг байсан. Сүүлдээ энэ хөгжим бий биелгээнд нэлээд хэрэглэгдэх боллоо. Ховд нутаг минь товшуурчаараа алдартай. Шинжаанд ч гэсэн байдаг байж. Алтайн аймгийн урианхайчууд. Тэднээс зөвхөн зураг л үлдсэн байна. Түүнээс харж байхад товшуурыг урдаа барьж тоглохоос гадна толгой, шил, мөрөн дээрээ барьж тоглодог тийм өндөр чадвартай хүмүүс байжээ. Үндсэндээ бараг Казахын доомборын түвшинд эзэмшиж чадсан байгаа юм.
Тууль хайлахад товшуур хөгжмийн хоёр утсан дээр нэг л хэмнэл явна. Гэхдээ хэзээ ч хуучирдаггүй хэмнэл гэж ярьдаг. Алтайн магтаал, товшуурын ая хоёр хэдэн мянган жил болсон ч хуучирдаггүй.
-Та товшуур хөгжмийн хоёр төрлөөр тоглодог. Нэг нэршилтэй хөгжим боловч хоорондын ялгарал байгаад байх шиг?
-Арьсан болон модон цартай гэдгээрээ ялгаатай. Арьсан цартай товшуур далайтай газарт тоглоход тохирдоггүй юм. Чийглэг газар дэвтээд товшуурын дуу пүр, пар гэсэн дуугаралттай буюу хөгжим гэж хэлэхэд хэцүү зүйл болчихно. Монголоос бараг анх удаа гадаад руу явсан хуурчид маань тэнд очоод тоглож байтал хөгжмийн хөг гэнэт унадаг зэрэг асуудал гарч, тэрнээс хойш модон цартай болсон юм билээ.
-Тууль, цуур, хөөмэйн өв тээгчдийн залгамж халаа хэр бэлтгэгдэж байна вэ. Чанар ямар түвшинд байна. Тэр дундаа тууль халах заншил үйл?
-Залуус өөрийн санхүүгийн эх үүсвэрийг олох байдлаар сонирхож байна. Түүнээс биш том цар хэмжээтэй туульсийг сурах нь маш бага. Уг нь “Суръя, болох юм байна” гээд ирдэг. Гэвч цагаа тулахаар тийм амар зүйл биш л дээ. Уг нь туулийн мөн чанарыг монгол хүн аваад үлдчихвэл монголчууд бидэнд л хэрэгтэй юм. Сургалт зөндөө явуулдаг ч хуруу дарам шавьтай байна. Сургалтын тоо хэмжээгээр сайн шавь гарч ирэхгүй юм.

-Дэлхийн олон орноор явлаа. Тэр дундаа та Монгол туургатнуудтайгаа их уулздаг. Манайд тулгараад буй энэ өв соёл, өвлөн тээгчдийн асуудал тэдэнд ч бас байх юм уу. Эсвэл эсрэгээрээ байна уу?
-Өвөрмонголчууд маш их идэвхтэй ард түмэн юм байна. 20 жилийн өмнө Өвөрмонголд очиход хөх торгон дээл өмсвөл өмсөөд доогуураа ботинктой, малгайгүй шахам тайзан дээр гардаг байсан. Өөрөөр хэлбэл, хувцасны соёл нэлээд бүдгэрчихсэн. Гэтэл одоо тэс өөр болж. Биднээс үлгэр жишээ их авч байна. Монголоос соёлын багш нарыг урагшаа ихээр урьж, ажиллуулж байна. Ингээд харж байхад биднээс давна уу гэхээс дутахааргүй болсон. Бидний нутагт л байдаг зүйл аль хэдийнэ тэнд оччихсон, нутагшчихсан, тэдний өнгө аясаар яригдах жишээтэй. Соёл, зан заншил, хувцас хэрэглэл, язгуур урлаг гээд биднээс илүү гарна уу гэхээс дутахааргүй болсон.
-Та Европийн олон оронд очсон. Үүнээс харахад тэд манай соёлыг сонирхож байгаа нь илт. Мөн та хэлсэн дээ “Бидний мартах гээд байгааг тэд сурах гээд байна” гэж. Европт манай язгуур өв, соёлыг сурах гэж хэр оролдож байх шиг байна вэ?
-Мэдээж өргөн хүрээнд тархсан зүйл байхгүй. Тэр дундаа туульс. Учир нь тууль сурах боломж бага учир судлаачдын хүрээнд л эргэлдэж байгаа ажиглагддаг. Ер нь хүмүүс элгэн нутгаасаа холхон байх тусмаа өв соёл, дархлаагаа авч үлдэх гэж их хичээдэг, боддог юм байна л даа.
-Үндэстэн гэдэг цэвэр цуснаас илүү хэл, соёл дээр тогтдог гэдэг. Олон газраар явж, судалж, шинжилсэн хүний хувьд та юу хэлэх вэ?
-Энэ үнэн. Монголчууд гүрэн байсан цөөхөн улсын нэг. Улс байсны нэг том баталгаа нь мэдээж түүх байх ёстой. Түүхийн нөгөө талын том баталгаа нь соёл. Соёл, хэл байхгүй бол үндэстэн мөхнө. Харамсалтай нь соёлыг дуусшгүй, дундрашгүй зүйл гэж бид ойлгодог. Гэтэл цөөхөн хэдэн өвлөн уламжлагчдын нуруун дээр л явна. Театр, сургалтын маягаар олшруулах гэсэн ганц, хоёр урлагийн сургууль байна.
Одоохондоо бид том соёлтой л юм шиг харагдаад байгаа. Гэтэл үүнийг тордохгүй юм бол хэдэн арван жилийн дараа ийм урлаг, соёлын өв байжээ гээд музейн хэмжээнд, эсвэл хэдэн дүрс бичлэг л үлдэж мэдэхээр хэцүүхэн нөхцөлд байгаа юм. Сүүлийн үед төр засаг бага сага анхаарч эхэлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн морин хууртай холбоотой захирамж гарч байсан. Туультай холбоотой захирамж ч саяхан гарлаа. Мөн цуур, уртын дуу зэрэг Засгийн газар, яамдын түвшинд төсөл хөтөлбөр хэрэгжиж байсан.
-Засгийн газрын хэмжээнд хэрэгжсэн энэ төслүүд хэр даацтай байв. Үр дүн өгч чадсан уу?
-Тасралтгүй дор хаяж 3-4 жил явах ёстой юм байна. 1-2 жил багадаж байна. Мөн аль, аль тал нь хөшүүрэгтэй байж үр дүнд хүрэх бололтой. Тухайлбал, багш нь цалинтай байж амар тайван хичээлээ заана. Шавь ч гэсэн ардаа ямар нэгэн зүйлд санаа зовохгүй байж сайн суралцана. Түүнээс биш “Чи авьяатай учраас сур” гэсэн тулгалтууд байж болохгүй юм билээ. Тэд чинь бас амьдралтай. Тиймээс ар гэрээ бодоод өөр, өөр ажил хийгээд явчихна. Тиймээс сургалт, төсөл аль нь ч байсан удаан хугацаанд тогтвортой л хэрэгжүүлэх хэрэгтэй юм билээ. Хөрш орнуудын соёлоо авч явж байгаа байдлыг харахаар ихэвчлэн төрийн хамгаалалтад орчихсон, бодлоготой. Өв тээгчдийг цөөхөн шавь буюу нэг, хоёр хүн л бэлдэх ёстой, энэ нь чиний амьдралын гол зорилго, ажил гэж үзэж байх жишээтэй. Яагаад гэвэл та өв тээгч, өвлөн уламжлагч гэдэг эрх үүргийг нь тодорхой болгоод заагаад өгчихсөн байгаа юм.
-Монгол туургатан буюу эсгий туургатнаар явсан анхны монгол хүн таныг гэдэг юм билээ. Энэ талаар та дэлгэрүүлж яриач. Мэдээж тууль, цуур, хөөмэйгөө судлаад явсан байх?
-Тийм ээ. Би эсгий туургатнаар явсан анхны монгол хүн мөн. Хүмүүс төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж явдаггүй байхад л би товшуураа үүрч, цуураа аваад л явдаг байсан. Замын машин, ердийн хөсөгт дайгдаад явна. Тэр улс орон, газар нутгаар ямар ч санхүүжилтгүй олон жилийн өмнө явсан даа. Энэ “аялал”-даа 10 гаруй жилийг зарцуулсан. Цалин мөнгө байхгүй. Би ямар зорилготой байсан бэ гэхээр төв Азийн өндөрлөгт Монголын соёл ямар жин дардаг, аль цаг үеэс үүсэлтэй юм байна гэдгийг судалсан. Үүнийг заавал том судлаачид судлах шаардлагагүй юм билээ.
Яагаад?
-Туульч, хөөмэйч, цуур үлээдэг хүн чинь хийн эрдмийг тэртээ тэргүй эзэмшчихсэн байдаг. Тэгэхээр энэ хоолойн дотор хэчнээн булчин ажиллаж байна. Тухайн авиаг гаргахад хэчнээн нь ажиллахгүй байна гэдгийг тэд, эд гэж тоолохоо байг гэхэд ажиллахгүй байгаа булчинг ч мэдэрдэг болно. Миний явсан зорилго нүүдэлчдийн энэ соёлд монголчууд бид ямар байр суурь эзэлдэг юм байна гэдгийг мэдэхээс гадна насыг нь харьцуулах гэж явсан.
-Зорилгоо биелүүлж чадсан уу?
-Тодорхой хэмжээнд үр дүнд хүрч чадсан гэж боддог. Монгол туургатан, эсгий туургатнуудын гол, гол соёлын өвийн төлөөлөл болсон хүмүүстэй уулзаж, цаашлаад судлаачидтай ч хамтран ажилласан. Дуу авиа, хийж буй зан үйлийг нь харсан.
-Энэ урт “аялал”-ын үед сайшаамаар зүйлүүд нь юу байв?
-Дэлхийн нүүдэлчид хүн төрөлхтний анхдагч хэлбэрийн соёлыг авч үлдсэн хүмүүс гэж ойлгож болохоор юм билээ. Тэр дундаа Монгол туургатнууд тэр нүүдэлчид дотроо сүүлчийн гэж хэлж болохоор төрөлх ахуйдаа амьдарч байгааг харлаа. мэдээж Америкийн индианчууд, маяачууд, африкийн уугуул хүмүүс багтах ч тэд их цөөрчээ.
-Өв тээгчдэд, тухайлбал танд яг одоо тулгамдаж байгаа ямар асуудал байна?
-Өвлөн уламжлагчдын хажуугаар өв тээгч нэртэй баахан улс бий. Тэд зарим зүйлээ дутуу эзэмшсэн байх юм. Бас өвтэй холбоотой асуудал маргаантай хэвээр байгаа. Шинээр бий болсон өчнөөн өв байна. Урлагийн бүтээлийг өв гэх юм уу, эсвэл уламжилж ирсэн зүйлийг өв гэх юм уу гээд. Дээр нь уран нугаралт гэж сайхан өв бидэнд бий. Тэгтэл үүнийг их залуу урлаг гээд яриад байх жишээтэй. Манайх үүнд анхаарал тааруухан тавих хойгуур гадныхан их сонирхож байна. Өнөөдөр хоёр хөрш маань хоёулаа нугараад сурчихлаа. Дэлхий нийтээр монгол уран нугаралтыг бишрэхийн хэрээр маш их сурч байна. Энэ мэт тулгамдаж байгаа асуудал бий. Мөн өв тээгчид Монголд 200 хүрэхгүй байх шиг байна. Энэ хүмүүсээ заавал төр ч гэхгүй тухайн аймаг орон нутаг нь тордох хэрэгтэй юм. Учир нь өв тээгчид хүний нийгмийн жамаа дагаад жилээс жилд  цөөрсөөр. Дээрээс нь өвлийн цагт Улаанбаатарт, энэ их утаан дунд тууль хайлна гэдэг тун бэрх шүү. Тууль хайллаа, өдөржин ажилласан хоолойгоороо гараад утаа амьсгалаад явчихна. Энэ бас л нэг тулгамдсан асуудал болсон.
-Тууль хайлна гээд ярихаар одоо үеийнхэн магтаал, ерөөл шиг л ойлгодог. Гэтэл энэ маань өөрөө чамгүй их цаг хугацаа, ур  авьяас шаарддаг эд. Тууль хайлах үйлийн талаар та дэлгэрүүлж яриач?  
-Театрын томоохон найруулагчидтай уулзахаар тэд ярьдаг юм. Бидний 100-200 хүний бүрэлдэхүүнтэй хийдэг том концерт үсрээд дөрвөн цаг болдог. Гэтэл та бүхнээс түүнээс илүү хугацаанд мөр, бадаг, шүлгүүд дандаа ачаалалтай хоолойгоор гарч байна. Нэг том туулийг нэг өдөрт багтаах биш таслаад хоёр, гурван хоногт хайлмаар юм байна гэдэг. Тууль хайлах нь амаргүй том соёл юм байна гэнэ.
-Ажиглаж байхад орчин цагийн залуус эртнээс өвлөж ирсэн энэ соёлуудыг сонирхох хандлага хэр байх юм?
-“Сэрсэн хүмүүс” гэж томъёологдоод байгаа нэг хэсэг бий. Тэд  язгуур зүйлээ их хайж эхэлж байна. Хоёр, гурван жилийн өмнө “Өнгөрсөн түүхээсээ ирээдүйгээ хайх” гэсэн тун сонин нэртэй хурал болж байсан. Чухал, чухал олон санаа яригдсан шүү.
-Туулийг их олон талаас нь тайлбарлаж харагддаг. Зан үйл, шашин, урлаг гээд. Таныхаар?
-Мэдээж дотроо том зан үйлтэй. Туульс чинь зөөлөн, хатуу ч гэж бий. Хариу цагт яах вэ, дайн байлдааны үед яах вэ, эсвэл сайн сайхан зүйлийг зөгнөсөн үед ямар тууль хайлах вэ гэх мэт. Арвижуулан өсгөх, тогтоох, үрийн буян заяа дуудахад яах вэ ч гэдэг юм уу. Энэ мэт олон янзын тууль бий. Байлаа гээд дор нь сураад, хэрэглээд, тогтчих бололцоо бага юм даа. Түүнчлэн тууль гэдэг дотроо олон цаг үетэй. XVIII зууны үеийн тууль, дундад зууны үеийн тууль, дундад эртний тууль, эртний тууль, нэн эртний тууль, өвөг тууль гэж ангилах бололцоотой. Тэр өөр цаг үеүдээс өөр, өөр зүйлийг л шүүж авах хэрэгтэй юм.
-Та ном бичиж байгаа гэж байсан. Ямар учиртай ном юм бэ?
-Туульсын цуврал гаргахаар нэг газар санхүүгийн асуудлаа шийдсэн юм билээ. Бид чинь бичиж л үлдээхгүй бол болохгүй. Туулиа буулгаж сууна. Хүнээр бичүүлээд суулгахаар орчин цагийн хэлээр биччихээд байх юм. Жаахан хуучин аялга, үгээр бичүүлэх гэхээр “Юу гэнээ” гээд асуугаад унана. Тэгэхээр өөрөө л бичиж байна даа. Өглөө 04.00 цагт босож, 12.00 цаг хүртэл суучихаад үдээс хойш бусад ажлаа амжуулж байна.
-Таны урын санд хэчнээн тууль байна вэ?
-Номон дээр нэрсээрээ буусан, хайлсан 16 тууль бий. Үүн дээр хайлж болох, болохгүй өвгийн хэдэн тууль бас байгаа.
-Таны ажил үйлс, уран бүтээлд амжилт хүсье.
-Баярлалаа.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

ШИНЭ МЭДЭЭ

To Top