НИЙГЭМ

Залуус аа, “Оюутолгой” компанийн ээлжит тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Тод цээлхэн хоолойгоор “2017 оны наймдугаар сарын 3-ны өдөр цахим шууданд минь ирсэн нэгэн захиа намайг уйлуулж, далавч ургуулаад нисэгчих шиг болсон” гэж тайзан дээрээс догдлон ярих охин бол  МУИС-ийн гуравдугаар дамжааны оюутан Ч.Түвшингэрэл. Тэрбээр одоогоос хоёр жилийн өмнө Монгол Улсын хамгийн том тэтгэлэгт хөтөлбөр болох “Оюутолгой” компанийн Дотоодын тэтгэлэгт тэнцэж байжээ. Хүсэл мөрөөдөлдөө хүрэхээр тэмүүлж буй олон залуусын гүүр нь болж байгаа “Оюутолгой” компанийн ээлжит тэтгэлгийн нээлттэй хаалганы өдөрлөгөөр тэрбээр өөрөөрөө, өөрт нь боломж нээж өгсөн компаниар бахархан зогссон нь энэ юм.

“Оюутолгой” компанийн тэтгэлэгт хөтөлбөр нь 2010 оноос хойш зарлагдаж, одоогийн байдлаар гурван төрөлд 2500 гаруй оюутан залуусыг  хамруулаад байна. Энэ жил Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 2-4 дүгээр дамжааны 25 оюутныг хамруулж, сургалтын төлбөрөөс гадна сар бүр тэтгэмж олгох юм. Үүнээс гадна хөдөө орон нутгаас амжилттай суралцаж буй оюутан залуусын нийгмийн асуудлыг орхигдуулахгүй оюутны дотуур байрны төлбөр болон бусад хөнгөлөлтийн олгохоор болжээ. Монголын их, дээд сургуульд уул уурхайн чиглэлээр амжилттай суралцаж байгаа оюутан залуусыг дэмжих Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт 2010 оноос хойш 290 оюутан хамрагдаж, өдгөө 30 гаруй нь “Оюу толгой” компанид ажиллаж байна. Зөвхөн оюутан, залуус гэлтгүй Ерөнхий боловсролын төгсөх ангийн сурагчид ч тус компанийн тэтгэлэгт хамрагдах боломжтой. Тодруулбал Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын XII ангийн 50 сурагчийг Залуусын хөгжлийн хөтөлбөрт хамруулах аж. Залуусын хөгжлийн хөтөлбөр нь ирээдүйд чадварлаг мэргэжилтэн болоход тусалж, зохих төлөвшлийг бий болгож, чадварыг нь хөгжүүлэхэд чиглэсэн хөтөлбөр юм.

Нээлттэй хаалганы өдөрлөгт “Оюутолгой” компанийн хэрэг эрхлэх газрын дарга Ц.Цэрэнхүү, БСШУСЯ-ны бодлогын газрын дарга Т.Амаржаргалан болон бусад албаныхан оролцлоо. “Оюутолгой” компанийн хэрэг эрхлэх газрын дарга Ц.Цэрэнхүү “Оюутолгой” компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд оюутан залуустаа зориулан цогц сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг зарладаг. Манай хөтөлбөрт хамрагдсанаар багаар хамтарч ажиллах, бусдыг манлайлах, асуудлыг зөв гаргалгаа олох зэрэг хувь хүний хөгжлийн олон ур чадваруудыг эзэмшдэг. Иймд оюутан залуусыг идэвхтэй хамрагдахыг уриалж байна” гэлээ. Мөн энэ үеэр БСШУСЯ-ны бодлогын газрын дарга Т.Амаржаргалан “Өнөөдрийн нийгэм ур чадвартай, бүтээлч сэтгэхүйтэй залуучуудыг хүсэн хүлээж байна. Боловсролын үйл явц зөвхөн багш сайн байхаас шалтгаалдаггүй. Тал бүрийн хамтын ажиллагаа шаардлагатай. Үүний нэг нь оюутан залуус та бүхний идэвх чармайлт,  боловсрол эзэмших хүсэл тэмүүлэл юм. Харин сургалтын танхимд ажлын байран дээр дадлагажуулах компанитай танилцаж байгаа нь маш том боломж. Үүний төлөө олон шилдэг оюутнууд өрсөлдөж, чадварлаг мэргэжилтэн бэлтгэгдэж байгаа нь талархууштай үйл болж байна. Үүнээс гадна Энэ компанид дадлагажиж, ажиллана гэдэг бол маш том нэр хүндийн хэрэг” гэв.

Мөн энэ үеэр шинэ найман төгсөгчид “Оюу толгой” компаниас ажил амьдралын гараагаа эхлүүлэх  боломж олгож, ажлын дүрэмт хувцас болон хувийн хамгаалах хэрэгсэл гардууллаа.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

To Top