АЙЛЧЛАЛ

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер Монголд айлчилж байна

Гэрэл зургийг MPA.mn

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер Монгол Улсад айлчилж байна. Монгол Улсын Батлан хамгаалах салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааны хувьд АНУ нь тэргүүлэх чиглэлийн орон бөгөөд тус улстай батлан хамгаалах харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой анхаарч ажилладаг. 

1991 онд анх батлан хамгаалахын атташе харилцан суулгах хэмжээнд харилцаа тогтсоноос хойш хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа нь Монгол Улсын Батлан хамгаалах салбарын шинэчлэлд дэмжлэг үзүүлэх, Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны чадавхийг бэхжүүлэх, олон улсын энхийг дэмжих, хүмүүнлэгийн ажиллагааны чиглэлээр туршлага солилцох, хамтран үүрэг гүйцэтгэх, бүс нутгийн тогтвортой байдлын талаар харилцан санал солилцох зэрэг чиглэлээр тус тус хөгжиж байна.

Манай хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа нь талуудын нийтлэг эрх ашиг болох ардчилал, эрх чөлөө, хүний эрхийг дэлхий дахинд хамгаалах, хоёр орны ард түмний найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, бүс нутагт болон дэлхий дахинд цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн билээ.

Монгол Улс, АНУ-ын харилцаа хамтын ажиллагаа бүхий л салбарыг хамран амжилттай урагшлан хөгжиж байгаа бөгөөд энэхүү харилцааг хөгжүүлэхэд хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа чухал үүрэг гүйцэтгэж байна.

2019 оны наймдугаар сарын 08. АНУ-ын батлан хамгаалах яамны сайд Марк Эспер өчигдөр орой Монгол Улсад айлчлан иржээ. Пентагоны тэргүүнээр сонгогдоод удаагүй байгаа тэрээр анхны гадаад айлчлалаа Ази, Номхон Далайн бүсийн таван орноор хийж байгаа юм. Ноён Эспер эхлээд Австралид айлчилсан бол дараа нь Шинэ Зеланд, Япон улсуудад дараалан зочилжээ. Маргааш тэр Өмнөд Солонгост айлчилснаар энэ удаагийн аяллаа өндөрлөх юм.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA

Хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүдийн талаар:

Хамтын ажиллагааны арга хэмжээнүүдийг жил бүрийн эхэнд тохиролцон төлөвлөж явуулдаг. Цаашид дараах 5 үндсэн чиглэлүүдэд талууд тодорхой ач холбогдол өгч хамтын ажиллагааг хөгжүүлэн ажиллаж байна. Үүнд:

1. Энхийг дэмжих ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр,

2. Тусгай ажиллагааны хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр,

3. Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр,

4. Байгууллагын болон хүний хөгжлийн чиглэлээр,

5. Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, гамшгийн үед авран туслах ажиллагаа явуулах чиглэлээр ажилладаг.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

ШИНЭ МЭДЭЭ

To Top