newswire

1992 оноос хойш 400 сая гаруй еврогийн төсөл хэрэгжүүлжээ

Энэ жил Монгол Улс, ХБНГУ хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байна.


“Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь III” төслийн гэрээнд гарын үсэг зурж баталлаа

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас олгож буй 8.0 сая еврогийн буцалтгүй тусламжаар хэрэгжих “Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь III” төсөл болон 7.0 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих “Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал технологийн их сургууль” төслүүдийн Засгийн газар хоорондын хэлэлцээр болон санхүүжилтийн гэрээнд Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Штефан Дуппел, Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банкны Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын захирал Ноён Петар Георгиев нар өнөөдөр гарын үсэг зурлаа.  

Төслүүдийн санхүүжилтийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын төрийн өмчит банк болох Сэргээн босголтын зээлийн банкаар дамжуулан олгох бөгөөд Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хэрэгжилтийг хариуцан ажиллах юм.

Уг хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Герман Монголын Ашигт малтмал технологийн их сургуулийн хотхонд 7 төрлийн лаборатори бүхий 3,500 м.кв талбайтай сургалт, судалгааны барилга болон 800 м.кв талбайтай, иж бүрэн тохижуулсан номын сангийн барилга барихаар төлөвлөсөн.

“Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь III” төсөл нь Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүс болон экологийн коридорийн менежментийг бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүс дэх орон нутгийн ард иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих зорилготой үйл ажиллагаа явуулах юм.

 Хоёр улс эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, устах аюултай ан амьтан, ургамлын төрөл зүйлийг хамгаалах зэрэг тэргүүлэх чиглэлд хамтран ажиллаж, 1992 оноос хойш өнөөдрийн байдлаар 400 сая гаруй еврогийн төсөл хэрэгжүүлээд байна. Энэ жил Монгол Улс, ХБНГУ хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байна.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

ШИНЭ МЭДЭЭ

To Top