ЯРИЛЦЛАГА

Б.Насанцэнгэл: Нэгэн үе хөрөг, байгаль, монгол зургийн төрлийг хүмүүс тоохоо больсон байсан

“ Анирлахуй ” , “Төвлөрөхүй”, “Залбирахуй”… залуухан бүсгүйн хөрөг. Тэр саарал торгон эхнэр дээл өмссөн байтлаа уран нарийхан хурууныхаа хумсны толиог час улаанаар буджээ. Зургийн энэхүү илэрхийлэл нь өнгөрсөн түүхийг өнөө цагтай зэрэгцүүлсэн нь өвөрмөц төдийгүй донж заана.

“ Анирлахуй ” , “Төвлөрөхүй”, “Залбирахуй”… залуухан бүсгүйн хөрөг. Тэр саарал торгон эхнэр дээл өмссөн байтлаа уран нарийхан хурууныхаа хумсны толиог час улаанаар буджээ. Зургийн энэхүү илэрхийлэл нь өнгөрсөн түүхийг өнөө цагтай зэрэгцүүлсэн нь өвөрмөц төдийгүй донж заана. Гярхай нэгэн бол энэ бүхнээс Б.Насанцэнгэл зураачийг эмэгтэй хүн гэдгийг анзаарчих болов уу. Зураачийн урлан нэг хөөрхөн “эзэн”-тэй аж. Тэр нь Насаа эгчийн охиных нь гэрээс “хөөгдөж” ирсэн шар муур. “Энэ сандалд битгий хүрээрэй. Наадах чинь аягүй сүрхий уурладаг юм” гэх дуунаар тогтож харвал өнөөх шармаахай чинь эзнийхээ бүтээл туурвихдаа суудаг модон сандалны өндөр түшлэг дээр хаан шиг ханхалзаж, биеэ хураана.

Гэнэт огло үсэрч ширээ, сандал, буйдангаар дүүлэх юм. “Таны бүтээлүүдийг урж тасдаад байхгүй юу” гэхэд “Зураг ёстой урдаггүй юм шүү” гэж шарыгаа “өмөөрөх” нь хайрласных гэлтэй. Зураач Б.Насанцэнгэлийг “Хөргийн мастер” гэдгээр нь уран зургийн хүрээнийхэн андахгүй. Түүний зурсан Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Энхбаяр, С.Батболд, Н.Алтанхуяг нарын хөрөг өдгөө Төрийн ордонд бий. Насаа эгч Урчуудын эвлэлийн гишүүн зураачдын нэг. Тэрбээр “Зураач бид амар улс. Улс төржөөд байх ямар ч шаардлага байхгүй. Хэн нэгэн даргаас хамаарахгүй. Ийш тийшээ авлига өгнө, авна гэсэн зүйлгүй. Цэвэр уран бүтээлээрээ амьдардаг. Бүтээлээ туурвиад, борлуулаад сайхан амьдарч чадвал аз, үгүй бол хэцүүхэн л хүмүүс дээ” гэх нь зураачдын амьдралыг хэдхэн үгээр илтгэж буй хэрэг. Түүнтэй ийн хуучиллаа.

-Та урлангийн түрээс гэж өгөх үү?

-Хөнгөлөлттэй үнээр тодорхой хэмжээний түрээс төлнө. Ийм сайхан том урлан гэхэд гайгүй түрээстэй шүү. Одоо цагт алгын чинээ лангууг л саяар үнэлдэг болжээ.

-Ингэхэд зурах авьяас тань өвлөгдөж ирсэн үү?

-Тийм байж магадгүй. Хэдий ээж, аав хоёр минь зураач байгаагүй ч гарын их дүйтэй хүмүүс байсан. Тэгэхээр өвлөгдсөн байж болох юм.

-Харин таны авьяасыг хүүхдүүд тань өвлөж байна уу?

-Би дөрвөн хүүхэдтэй. Том нь 40-тэй, бага нь 30 хүрсэн. Миний бага охин архитекторч мэргэжилтэй, маш гоё зурдаг. Надаас илүү зурна шүү. Удахгүй бие даасан үзэсгэлэнгээ гаргахаар бэлтгэж байна.

Нэг хэсэг бүх зураач орчин үеийн урлаг гэж хошуурч, хөрөг зургийнхан бараг байхгүй болсон юм. Тэгэхэд Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач Н.Орхон бид хоёр л хөрөг дээрээ дагнаад үлдэж байлаа

-Хүмүүс таныг хөрөг зурдаг гэдгээр тань илүү их мэдэх юм. яг хэзээнээс энэ чиглэлээр дагнаж, “Хөргийн мастер” тодотголтой болсон бэ?

-1990 оны ардчиллын дараа орчин үеийн урлаг гэдэг зүйл Монголд хурдтай дэлгэрч хөрөг зурдаг зураач ховордсон. Би ч гэсэн орчин үеийн урлаг гээд явж үзсэн удаатай. Хэсэг хугацааны дараа ер нь хөрөг зургаа л зуръя гэж шийдсэн юм. Ингээд л хөрөг рүүгээ орсон доо. Мэдээж хөрөг зургаас гадна байгаль, ахуй гээд өргөн хүрээнд зурдаг. Мастер гэж дуудуулахын тухайд сайн хэлж мэдэхгүй юм. Өөрийгөө мастер ч гэж боддоггүй. Тэгээд ч сүүлийн үед хөрөг зургийн чиглэлээр залуу уран бүтээлчид олон гарч ирж байна. Би үүнд их баярлаж сууна. Нэг хэсэг бүх зураач орчин үеийн урлаг гэж хошуурч, хөрөг зургийнхан бараг байхгүй болсон юм. Тэгэхэд Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач Н.Орхон бид хоёр л хөрөг дээрээ дагнаад үлдэж байлаа. Гэвч тэр үед хөрөг зураг зурж байгаа нь бараг буруу ч юм шиг, адлагдах шахуу болдог байсан. Орчин үеийн урлаг л урлаг түүнээс хөрөг, байгаль, монгол зураг зэргийг хүмүүс тоохоо больсон юм. Харин өнөөдөр монгол зураг үнэхээр гандан буурахгүй, улам хүчээ авлаа. Эргээд бодоход аливаа юмны залгамж халаа устаж үгүй болдоггүй л юм байна. 

-Та 40 гаруй жилийг уран зурагт зориулжээ. танай үеийнхэн залуу насаа хувь уран бүтээлдээ гэхээс илүүтэй улсад зориулж явсан байх?

-Би 1978 онд ДУДС-ийг, 1988 онд Багшийн дээд сургуулийн Уран зургийн ангийг төгссөн. Залуу байхад бүтээлээ хийх боломж тэр бүр байдаггүй байж. Сургууль төгсөнгүүтээ шууд үйлдвэрийн ажил хийнэ. Тухайн үеийн зарлал, хаяг реклам, үйлдвэрийн нэр, Нисэх, Яармагийн зам дагуух том том самбаруудын реклам гээд бүгдийг нь гараар бичиж, зурдаг байсан юм. Ийм л ажилд бидний үеийнхэн залуу нас, цаг хугацаагаа их зарцуулсан. Тосон будгаар зурсан ажилчин, тариачин, малчинтай самбаруудын өнгө нь гандахаар хувинтай будгаа барьж очоод сэргээж будна. Мөн жилд гурван удаа томоохон хэмжээний баярын парад болж тэр бүгдийн чимэглэлийг зураач, урчууд л хийнэ. Түүнчлэн тухайн үеийн улс төр, нам товчооны гишүүдийн төдийгүй Маркс, ленин, Сүхбаатар, Цэдэнбал, Брижневийн хөргийг их зурдаг байлаа.

-Хэзээнээс өөрийн уран бүтээл дээр тогтож ажиллах боломжтой болж байв?

-Ажлынхаа хажуугаар хүүхдүүдээ өсгөөд гэртээ олон жил суусан. Гэрийн сайн эзэгтэй байхыг амьдрал шаардсан гэх үү дээ. Тэгж байгаад 1999 онд анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргасан юм. Тэрнээс хойш уран бүтээлдээ тасралтгүй орсон. Анхны үзэсгэлэнгээ “Хүн эрдэнэ” гэж нэрлээд 80 хувийг нь хөрөг зургаар дагнаж гаргав. Дараа нь 2002 онд “Хүн эрдэнэ-2” үзэсгэлэнгээ гаргасан.

-Хөргийг та голчлон бодит хүнээс нь зурдаг уу, эсвэл өөрийн төсөөлөл дэх хийсвэр сэтгэлгээнээс тольддог уу?

-Ихэвчлэн бодит хүн зурна. Бидний залууд арьсны өнгөний будаг олддоггүй хүндрэл тулгардаг байлаа. оросын будагнууд орж ирдэг ч арьсны өнгө дагуух будаг бараг байдаггүй. Тиймээс үндсэн гол өнгөнүүдээ хольж байж шаргал өнгөтэй дүйцхүйц будгийг гаргаж авна. Тухайн үед бүх зүйл гар ажиллагаагаар л явна шүү дээ.

-Хүнийг бодитоор нь суулгаад зурах, фото зургаас нь хуулбарлан зурах хоёр их ялгаатай гэж та хэлж байсан. Энэ бүхнийг ойлгоод урланд тань ирээд суух хүн хэр олон байна?

-Дээхнэ үед бол нам төрийн удирдагч болон талийгаачийн хөрөг л биш бол хүмүүс яг сууж байгаад зуруулдаг байлаа. Фото зургаас харж зурна гэсэн ойлголт байсангүй. Хүмүүс ч өөрсдөө заавал очиж байж зуруулах ёстой гэж боддог байв. Тэгээд ч миний хувьд фото зургаас нь хуулаад зурчихаар эвгүй санагддаг. Сүүлийн үед хөрөг зуруулахаар захиалж байгаа хүмүүс маань гэрэл зурагнаасаа зуруулчихъя гэх нь олонтаа. Их л завгүй болчихож дээ.

-Уран зургийг нэг хувийн авьяас, 99 хувийн хичээл зүтгэлээр зурж болно гэх цөөнгүй хүнтэй таарч байлаа. тэдний дотор зураач ч байсан. Энэ тал дээр таны бодол?

-Би үүнтэй огт санал нийлдэггүй. Харин тавь, тавин хувьтай байж болно. Би оюутнуудад багшилж байсан болохоор үүнийг сайн мэднэ. Цаанаасаа байгалийн төрмөл авьяас гэдэг тэс өөр. Авьяастай байгаад хөдөлмөрч бол мундаг байна. Гэвч хэчнээн мундаг хөдөлмөрч байгаад юмыг уг гүнээс нь мэдрэхгүй байвал тэр хүн зураач нь зураач, гэхдээ дүлий зураач л болно. Гэтэл үнэхээр авьяастай хүүхдүүд бас байдаг. Хичээхгүй хэрнээ зурахаараа цаанаасаа нэг төрмөл, өгөгдсөн гоё мэдрэмжтэй.

Манай зураачдын чадварыг өндрөөр үнэлдэг. Бидэнд санхүүгийн боломж л дутагдалтай байгаа юм

-Багшлах хугацаандаа оюутнуудаа ажигладаг байсан байх. манай зураачдын залгамж халаа хэр чадал тэнхээтэй байх юм?

-Залгамж халаа сайн, сайн. Гэхдээ бидний залууд маш сайн багш нартай байж. Тухайн үеийн ЗХУ-д мэргэжил эзэмшсэн багш нар академик аргаар хичээлээ зөв заадаг байлаа. Гэвч 1990 оноос хойш орчин үеийн урлаг нэрийн дор ДУДС-ийн сургалтын чанар нэг хэсэг алдагдаж ирсэн. Жишээ нь, сургууль мөнгө төлөөд натур авчирч байхад зарим багш “чи заавал натуртайгаа ижил зурах шаардлагагүй, тухайн үеийн чиний сэтгэл хөдлөл, мэдрэмж ямар байхаас хамаарах ёстой” гэж хэлэнгүүт оюутнууд сонин, сонин зүйл зурчихна. Ингэж зурах юм бол сургууль мөнгө төлж натур авчрах ямар ч шаардлага байхгүй шүү дээ. Уг нь оюутнуудыг зөв, сайн зурдаг болоосой гэсэндээ натур авчирч байгаа. Гар, хуруу, хөл, хөлийн хуруу зурах хэчнээн хэцүү билээ. Түүнийг сайн зурах гэж оролд. Хүнийхээ анатомыг нь ойлго, тэгээд ижилхэн зур. Хэр адилхан зурна тэр хэмжээнд чиний чадвар сайн байгаагийн шалгуур юм. Мэргэжлийн сургуулийг нь төгсчихөөд ганц хөрөг ч зурж чадахгүй бол хайран биз дээ.

-Та азийн шилдэг буюу БНСУ-ын Кванжугийн биенналын арт фестивальд тасралтгүй оролцдог шүү дээ. Гаднын уран зураачидтай уулзаж, уран бүтээлийн санаа оноо ярилцаж явахад тэд монгол зураачдын ур авьяасыг хэр үнэлж байх юм?

-Манай зураачдын чадварыг өндрөөр үнэлдэг. Бидэнд санхүүгийн боломж л дутагдалтай байгаа юм. Учир нь орчин цагийн урлагт хөрөнгө мөнгө их шаардагддаг. Түүнээс биш сэтгэж, бүтээж, барьж байгаа концевцийн хувьд бид олон улсын уран бүтээлчдээс хоцроогүй байна.

-Зураачдад уран бүтээлийн орлогоос өөр санхүүгийн их үүсвэр байхгүй юу?

-Бүтээлээ худалдан борлуулах, захиалгаар зурж л мөнгө олно. Миний хувьд хөрөг зурдаг байсныхаа ачаар бүх амьдралаа зургаар авч явлаа. Хөрөг зурдаг зураачид ховор байсан болохоор захиалга их ирнэ, зарим үед бүр дарагдчихна. Голланд, БНСУ, БНХАУ-ыг харж байхад зураачдаа маш их дэмждэг, зураачид нь ивээн тэтгэгчтэй байх жишээтэй. Зарим оронд бүр зураачиддаа сул цалин хүртэл олгож, “чи зөвхөн зургаа л зур” гэдэг юм байна. Харин Монголд мэдээж эсрэгээрээ. Зураач уран бүтээлдээ байгаа бүхнээ зориулчихвал тэр хүн юугаараа ар гэрээ тэжээж, юугаараа амьдрах билээ. Маш хэцүү, дээр нь урлаг ойлгодог хүн нь хэчнээн билээ. Урлаг гэдэг талх, мах, сүү биш болохоор зарагдах магадлал нь ч бага.

-Урчуудын эвлэл эсвэл зураачид хамтраад уран бүтээлээ дотоодын болон гаднын зах зээлд гаргах ажлыг санаачилж байгаагүй хэрэг үү?

-Урчуудын эвлэлийн тухайд зураачдаа урлангаар хангаж байгаа нь л том дэмжлэг юм. Бас олон улсын үзэсгэлэн болоод хөдөө гадаа явахад туслалцаа үзүүлнэ. чамлах юм үгүй. Харин урланд орохыг хүссэн зураач бүр урлангаар хангагдаж чадахгүй л байна.

-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас уран бүтээлчдэд хэр дэмжлэг үзүүлдэг вэ?

-Энэ талаар сайн мэдэхгүй. Жилдээ багахан мөнгө төсөвлөдөг шиг байгаа юм. Тухайлбал, улсын сан хөмрөгт урлагийн бүтээл худалдаж авах тухай. Гэвч тэр төсөвт нь хэдхэн зураач багахан үнээр л бүтээлээ зарж чадна.

-Улсын сан хөмрөгт үлдэх болохоор хямд үнэтэй ч гэсэн бүтээлээ дуртайяа өгдөг байх?

-Тэгэлгүй яах вэ.

-Та яг одоо ямар бүтээл дээр сууж байна?

-Түвд рүү үзэсгэлэнд оролцох санаатай Түвдийн сэдэвтэй зураг зурж байна. Түвд банхар, лам, уулс гээд…

-Үзэсгэлэнгийн тов нь гарчихсан уу. Монголоос хэчнээн уран бүтээлч оролцох вэ?

-Дөрөвдүгээр сард болно. Монголоос гурван зураач хоёр, хоёр бүтээлтэй оролцох юм. Түвд рүү явах нь уран бүтээлч бидний хувьд ховор боломж юм.

-Танд амжилт хүсье. Уран бүтээлийн олз омог арвин байх болтугай.

-Баярлалаа.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

ШИНЭ МЭДЭЭ

To Top