ЯРИЛЦЛАГА

А.Болормаа: Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулга маш өндөр босготой

Image may contain: 9 people, people standing

Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин, “The Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогч А.Болормаа энэ сарын сарын 9-нд буюу Ялалтын баярын өдөр анхны бие даасан тоглолтоо хийхээр бэлтгэлээ эхэлжээ. Тэрбээр тоглолтоо “Аз жаргал” гэж нэрлэсэн нь оносон сонголт шиг санагдсан. Учир нь түүнтэй ярилцсан цөөн хором инээд, эерэг хандлагаар дүүрэн байлаа.

-Анхны бие даасан тоглолтоо хийх гэж байгаад нь юун түрүүнд баяр хүргэе. Тоглолтын бэлтгэл ажил хэр хангагдаж байна, хэзээнээс эхлэв?

-Баярлалаа. Бэлтгэл дөрөвдүгээр сарын 15-наас эхэлж, 70 орчим хувийн гүйцэтгэлтэй явна.

-Бие даасан анхны тоглолт учраас нэлээд ач холбогдол өгч байгаа болов уу. Тоглолтын бүтэц, бүрэлдэхүүнд ямар хамтлаг, дуучид багтаж байна вэ?

-Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, “Хурд”, “А-Капелла”, “Маршал” хамтлаг болон “Хар тас”- ын Марка ах. Үүн дээр мэдээж “Voice of Mongolia” шоуны дасгалжуулагч Д.Отгонбаярын шилдэг оролцогчид оролцоно.

-Тайзнаа эгшиглэх уран бүтээлийн тухайд?

-Үзэгчдэд “Цэцгэн төгөл”, “Үйлс цагаан Монгол” гээд өөрийн шинэ уран бүтээлээс дээжилнэ. Мөн цэрэг, эх орны сэдэвтэй болоод орос дуу нэмэгдэж байгаа. Түүнчлэн “Voice of Mongolia” шоуны үеэр дуулсан дуунуудаас түүвэрчилж дуулахаар бэлдэж байна.

Image may contain: 2 people

-Уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгад яг хэзээнээс ажиллаж эхэлсэн юм бэ?

-Би 2011 онд СУИС-ийг төгсөөд, “А-Капелла” хамтлагийн ах нартай хамтран нэг уран бүтээл гаргасан. Ингээд 2012 онд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгад шалгалт өгч ороод өдгөө долоо дахь жилдээ ажиллаж байна. Цэргийн ансамблейд орсон анхны жил хүнд байсан шүү (инээв). Шантрах үе ч зөндөө гарч байсан. Тэгээд “Хүний хүүхэд даваад гарч байхад би яагаад чадахгүй” гэж бодож, хичээгээд даваад л гарсан.

-Танай чуулгынхан аялан тоглолт хэр их хийдэг вэ?

-Хөдөө орон нутгаар их явна. Миний хувьд эх орноо бүтэн тойроод ирсэн хүн дээ. Тэр дундаа цэргийн ангиудаар явж тоглолт зохион байгуулна. Манай армийнхан ч маш сайхан хүлээж авдаг.

-Өөртэй чинь нэгэнт уулзсаных “Voice of Mongolia” шоуны тухай ярихгүй өнгөрч боломгүй. Шоунд яагаад орох болов?

-Уг нь би тэмцээн уралдаанд орох үнэхээр дургүй хүн. Гэтэл гэрийнхэн маань оруулах сонирхол их байдаг байсан. Тиймээс би Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгад шалгалт өгч үзье гэсэн. Маш өндөр босготой чуулга шүү дээ. Тэнцээд өдий хүртэл ажиллаж байна даа. “Voice of Mongolia” шоуны тухайд ахынхаа хүсэлтээр орж, амжилттай сайн оролцсон.

-Одоо бол өөрийг чинь танихгүй монгол хүн байхгүй болсон биз дээ?

-Тийм ээ, ард түмэн таньдаг болсон байна. Би чинь үзэгчдийн саналаар дандаа гарч ирдэг байсан шүү дээ. “Voice of Mongolia” шоу гарч дууссаны дараа таних, танихгүй хүн болгон баяр хүргэж, “Чамайг дэмждэг байсан шүү” гэж их хэлдэг байсан. Би ч “Баярлалаа, баярлалаа” гээд л байнга бөхөлзөж явдаг болчихсон байсан (инээв). Түүнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн байна. Одоо хүмүүс намайг харахаараа холын хамаатан нь ч юм уу, таньдаг хүн нь ч юм шиг “Сайн уу” гээд зөрөх нь их. Нэг л харсан хүн санагдаад байдаг. Надтай мэндэлснийхээ дараа “Хаана харлаа, хэн билээ” гэж боддог юм шиг байгаа юм.

-Энэхүү шоунд үе тэнгийн болоод өөрөөсөө дүү залуучуудтай өрсөлдсөн. Хүсэл тэмүүллээр дүүрэн тэднийг харахад ямар мэдрэмж төрж байв?

-Орчин цагийн залуус үнэхээр мундаг болсон байна. Маш их сурч, мэддэг болж. Тэднийг хараад “Би ч хөлд нь чирэгдэх юм байна даа. Хол явахгүй нь дээ” гэж бодсон шүү (инээв). Дуулах авьяас, ур чадвар ярих юм байхгүй.

-Эцсийн шат хүртэл юу бодогдож байв. Түрүүлэхэд ганцхан алхам дутсан гэж хэлж болно?

-Хэдий би мэргэжлийн дуучин ч гэлээ өмнө нь энэ хэмжээний тэмцээн уралдаанд орж байгаагүй болохоор айдастай байсан. Шат болгон дээр сандраад л зүрх дэлбэрчих гээд л…

-Эцсийн шатанд Ц.Энгүүн та хоёр тунаж үлдсэн. Тэр үед юу бодогдож байв?

-“Яанаа түрүүлэх гэж байгаа юм биш биз дээ” л гэж бодсон (инээв). Гэхдээ сүүлийн шатанд үлдэхээс өмнөх хүртэл Ц.Энгүүнийг ялагч болно гэж таамаглаж байсан.

-Яг дотор нь ороод, арын албаныхныг дэргэдээс нь харж байсан хүний хувьд шоуны зохион байгуулалт хэр санагдаж байв?

-Төслийн багийнхан маш мундаг ажилласан. Зохион байгуулалт сайтай, хүчирхэг хамт олон. Үүнээс өөр хэлэх үг үнэхээр алга.

-Ингэхэд та дуучин болоогүй байсан бол ямар мэргэжил сонгох байв?

-Оёдолчин болно. Би өөрийгөө гараар юм оёхдоо их сайн гэж боддог. Учир нь ээж маань юм их оёдог, би тусална. Дээр нь 10 жилд байхдаа мундаг онц сурлагатан байгаагүй юм. Миний хамгийн дургүй хичээл математик, геометр, физик, хими, монгол хэл, уран зохиол… байсан.

-Бараг бүх хичээл болчихлоо шүү дээ?

-Харин тийм ээ (инээв). Энэ хичээлүүддээ бараг суудаггүй байсан. Бас биеийн тамирт ч ордоггүй шахуу байлаа.

-Дуртай хичээл мэдээж дуу хөгжим?

-Тийм. Дуу хөгжмийнхөө өрөөнд ороод суучихна. Дуу хөгжмийн багш нар маань намайг асуудалгүй өмгөөлж, хамгаална.

-Мэдээллийн сайтууд дээр таныг Ардын жүжигчин Г.Хайдав гуайн дуурийн дуучин болгох саналаас татгазлсан гэж их бичих юм. Яг юу болсон талаар яриач?

-10 жилийн сурагч байх үеийн үйл явдал л даа. Тухайн үед урлаг уран сайхны тэргүүний хүүхдүүдийн тайлан тоглолтыг сургуулийн захиргаанаас нь зохион байгуулж өгдөг байсан юм. н.Хишигмаа захирал маань намайг илүүтэй дэмжсэн үү сурагч байх үеийн хамгийн сүүлийн тайлан тоглолтыг маань Дуурь бүжгийн эрдмийн театрт хийж өгсөн юм. Тус тоглолтыг урилгаар ирж үзсэн хүмүүсийн нэг нь Г.Хайдав багш байсан. ингээд “Би чамайг шавиа болгоё” гэсэн санал тавьж байсан юм. Миний хувьд дуурийн дуунаас илүү страд төрөлдөө илүү сонирхолтой байсан учраас дуурь сонгоогүй.

-Бусад хамтлаг, дуучдаас хамтарсан уран бүтээл гаргах санал ирж байна уу?

-“Хар тас” хамтлагийн Марка ахаас санал ирсэн. Сайхан уран бүтээл гарах байх аа.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

To Top